| |
Цалингаа нэмэх үү, ажлын байраа хадгалах уу?
Өвөлжилтийн бэлтгэл ямар байна. Эдийн засаг хүндрээд ард түмний амьдрал хэцүүдлээ гэх жижүүрийн хэдэн үгтэй намрын налгар өдрүүд үргэлжилсээр.
Эдийн засаг унаж сөхөрсөн шалтгаан нь гадны хөрөнгө оруулалт эрс буурсан. Түүнчлэн үнийн хөөрөгдлийг дэвэргэдэг валютын ханшийн өсөлт гэж тайлбарлах нь бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч байсан 2008, 2010-2012 онуудад улсын төсвийн орлогод импортын бараанд ногдуулах татварын орлого голлох нөлөөтэй байсан. Энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалтад суурилсан төсвийн зардлын огцом тэлэлтийг хийж байв.
Тухайлбал, 2008, 2010-2012 онуудын төсвийн зардлын дундаж өсөлт нь ДНБ-ий бодит өсөлтийн дунджаас 3.5 дахин өндөр байжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад суурилсан төсвийн тогтворгүй орлогод үндэслэж төсвийн хэт тэлэлт хийх нь зохистой бодлого биш бөгөөд аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. "Уравдаг мөнгөнд найдах хэрэггүй, уг гарвалаа үржүүл” хэмээн нэгэн бизнесмен хэлж байсан юм. Тиймээс бид уул уурхайг тахихаас илүүтэй боловсруулах салбараа хөгжүүлэх нь чухал гэдгийг ойлгох учиртай. Магадгүй үйлдвэрлэлээ дэмжиж байгаа гэх болов уу. Гэвч төдийлөн өсөлт гарахгүй байгааг эдийн засгийн чадамжаас харж болно.
Эдийн засгаа өнөөдрийнхөөс дордуулахгүй байх хоёр гарц бий. Эхнийх нь төлбөрийн тэнцэл, хоёр дахь нь төсөв. Хоёулаа алдагдал багатай гарч байж л эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Төлбөрийн тэнцлээ алдагдалгүй гаргахын тулд энэ намар эдийн засагт орж ирэх валютыг зээл тавиад ч хамаагүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэж шинжээчид сануулж байна. Энэ оны эхний хагас жилд төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын ашигтай гарсан. Гадаад худалдааны ашиг оны эхний долоон сарын байдлаар 604 сая ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 800 гаруй сая ам.доллараар өссөн гэсэн үг. Тиймээс төлбөрийн тэнцлээ алдагдалгүй гаргах боломж бидэнд бий аж.
Улсын төсөв долдугаар сарын байдлаар 635 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар буурсан. Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрс 38, төмрийн хүдэр 46, газрын тосны үнэ 40 орчим хувиар буурсан тухай статистикчид хэлсэн. Тэгэхээр энэ намар төсвөө тодотгож, байхгүй орлогоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэвч өдгөө энэ талаар ярьж байгаа нэгээхэн ч хүн алга. Сандал ширээ, албан тушаал, элдэв томилгоонд анхаарлаа хэт хандуулсаар байгаа юм. Магадгүй эрдэс баялгийн үнэ унаж байгаа ч газар тариалан, мал аж ахуй эдийн засагт томоохон нөлөөтэй гэх байх. Харамсалтай нь тариаланчид нь ургац алдсан, алдаагүй, чанартай, чанаргүй буудайн талаар салбарын яамтайгаа ойлголцолд хүрч чадахгүй байна.
Мөн үүнтэй зэрэгцэн цалингаа нэмүүлэх жагсаал цуглаан болов. Ирэх жил сонгууль болно. Тиймээс цалин нэмчих болов уу гэх хүлээлт зарим нэгэнд нь байгаа бололтой. Гэвч энэ хэцүү цагт цалин нэмэхийн оронд ажлын байраа хадгалах нь чухал гэдгийг эдийн засагч Л.Оюун хэллээ. Учир нь ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ хэрээр арилжааны банкны чанаргүй зээлийн хэмжээ өснө. Үүнийг дагаад хүмүүсийн амьдрал ч доройтно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин