| |
Дэлхийн хамгийн залуу ээжийн хачирхалтай түүх
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн залуу ээж бол Перу улсын иргэн, 5 настай Лина Ванесса Медина байсан юм.
1939 онд (Лина 5 настай байсан) охины гэдэс хачирхалтайгаар томроод байгааг эх нь ажиглажээ. Ямар нэгэн аюулт өвчин байж магадгүй гэж сандарсан эцэг эх нь дороо эмнэлэгт хандав. Нутгийн хүүхдийн эмч Жерардо Лозадагийн тавьсан онош эцэг эхийг нь төдийгүй, эмнэлгийнхнийг сандралд оруулж бужигнуулжээ. Өвчний онош нь «7 сартай жирэмслэлт» гэж байлаа. Өөрийн таамаглалыг шалгаж батлахын тулд Лозада эмч Линаг нийслэл Лима хот руу авч явлаа. Нийслэлд охиныг хамгийн нэр хүндтэй туршлагатай эмч нар үзээд оношийг баталжээ. Үнэмшихгүй гээд ч яалтай билээ? Сар хагасын дараа охинд кесарев хагалгаа хийж, 2,7 кг жинтэй эрүүл саруул хүү ертөнцөд мэндэллээ. Лина хүүдээ өөрийн эмч Жерардогийн нэрийг өгсөн байна.
Энэ ер бусын явдлыг баталсан хэд хэдэн гэрэл зураг (өвчний түүх, рентген зургаас гадна) бидний үед хүрч иржээ. Эхний зураг бол хүү төрөхөөс 2 долоо хоногийн өмнө авсан зураг. Чухам энэ зураг л Лина охин 5 настайдаа бэлгийн бойжилт нь бүрэн дууссаныг гэрчилж байгаа юм. 2 дахь зураг дээр Лина 11 сартай хүү Жерардо, хүүхдийн эмч Жерардо Лозада нарын хамт гарчээ.
Линагийн эцэг эх хоёр ач хүү Жерардог охиныхоо дүү хэмээдэг байсан авч хүү 10 нас хүрмэгц аймшигт үнэнийг олж мэдсэн байна. Энэ хүү 40 наслаад хорт хавдрын улмаас нас баржээ.
Лина Ванесса Медина 10 жилийн дараа нөхөрт гарч хоёр дахь хүүгээ төрүүлсэн байна. Багадаа тохиолдсон явдлаа ихэд нууцалдаг байсан тул Жерардогийн эцэг хэн байсан нь мэдэгдэлгүй өнгөрчээ. Гэхдээ тэртээ 1939 онд цагдаагийнхан Линагийн эцгийг насанд хүрээгүй охиноо уруу татаж хүчирхийлсэн хэргээр баривчлан байцааж байсан тухай тэмдэглэл үлджээ. Гэвч холбогдогч эрс үгүйсгэсэн, мөн нотлох баримт байхгүй тул удалгүй суллагдсан байна.