| |
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9, Их аварга Какүрюү М.Ананд 8 давлаа
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдаанд энэ башёг ганцаараа тэргүүлж буй озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Ичиножёо А.Ичинноровтой хүч сорив.
Тэд хоорондоо тав барилдсанаас Тэрүнофүжи дөрөвт нь даваад байсан бол энэ удаа ч Ичиножёод барьц өгөлгүй дэвжээнээс түлхэн гаргалаа. Маргааш Тэрүнофүжи нутгийн ах Тамавашитай барилдах бол Ичиножёо хашир бөх Аминишикитэй хүч үзнэ.
Өнөөдөр манай бөхчүүд хоорондоо барилдаж Сэйро А.Өнөболд Таканойва Баасандоржтой барилдан унасан бол Кагамио Б.Нанжид, Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдан уналаа. Харин энэ өдөр Асасэкирюү Б.Дашням, Токитэнкү А.Хүчитбаатар, өвөрмонголын Сококүрай, Кёкүшюүхо Эрдэнэбаатар нар өрсөлдөгчдөө давж чадсангүй.
NHK телевизийн зочноор уригдан өчигдрийн барилдааныг Н.Цэвэгням тайлбарласан бол энэ өдөр Ваканосато тэмцээн тайлбарласан юм. Энэ башёд япон бөхчүүдээс маэгашира Икиой 8 даваа нэг унаатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа юм. Икиой өнөөдөр залуу хүчтэн Эндотой хүчээ үзнэ. Япон озэки болох Гойдо, Котошёогикү нар хоорондоо барилдан Котошёогикү давлаа. Өнөөдөр тэрбээр озэки Кисеносатотой барилдах энэ башёгийн бас нэгэн шийдвэрлэх барилдаан гэдгээрээ онцлогтой юм. Озэки Кисеносато өчигдөр Окиноумитай барилдаж даваагаа алдсанаар тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээ рүү ухарсан.
Мэргэжлийн сүмогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Такарафүжитэй барилдаж ошидаши мэхээр өрсөлдөгчөө давсан бөгөөд өнөөдөр Сэкиваке Миягорюүтэй барилдана.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг