| |
Видео
Шинэ мэдээ
Development Theory
Хамгийн анх Монгол Улсын хөгжлийн стратеги нэртэй гурван хуудас
бичсэнээс хойш даруй 10 жил өнгөрчээ. 2009 он гэхэд Монгол Улс салаа
замын эхэнд ирсэн нь тун ойлгомжтой болсон юм. Гэвч миний бодсоны,
зөвлөсний эсрэгээр буруу замыг сонгон эргэлт буцалтгүй алхаж эхэлсэн.
Бид хоёр ч удаагийн баялгийн хуваарилалтыг буруу хийсэн. Боловсрол,
эрүүл мэндийн салбарыг унагаасан. Бид шинжлэх ухааныг хөсөр хаясан. Тийм
ч учраас бидний гадаадад экспортолдог нийт барааны 97 хувь нь түүхий
эд. Үлдсэн нь ноолуур төдийхөн, болхи маягийн бүтээгдэхүүн юм. Бид бол
бүтээгдэхүүн бүтээдэг улс биш. Түүхий эдэд хүний ур ухаан шингэдэггүй.
Бүтээгдэхүүн харин хүний авьяас чадвар, хүн гэж амьтан өөрийн утга учраа
гүйцэлдүүлэх явцад, хөдөлмөрийн дүнд үүсдэг. Ийм учраас бидэнд Хөгжлийн
шинэ философи, Хөгжлийн онол хэрэгтэй. Энэ онол нь биднийг харанхуй
хонгилоос гэрэл мэт хөтөлж гаргах учиртай.
Анх 1990 онд Чөлөөт зах зээлийг хэрхэн бий болгохыг бидэнд зөвлөсөн
Америк зөвлөхүүд гэж байлаа. Энэ хүмүүс амьдралдаа Коммунист нийгмээс
Ардчилсанд хэрхэн шилжих, Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг чөлөөт
болгохыг үзээгүй, төсөөлөөгүй хүмүүс байв. Харин өөрсдийн одоо ажиллаж
буй моделио шууд тулгасан юм. Үр дүнд нь Хувьчлал нэрээр юу болж
өнгөрснийг бид мэднэ. Одоо ч гэсэн, 1950, 1960 онд буюу дэд бүтэц,
санхүүгийн зах, боловсрол, эрүүл мэнд, ардчилал, чөлөөт зах зээл хөгжөөд
200-500 жил болсон хойно төрсөн. Хөгжчихсөн орны ХЭРЭГЛЭГЧ (Зохион
бүтээгч биш) дүртэй Харвардын эдийн засгийн докторууд бидэнд яаж
хөгжихийг зааж чадах уу? Бидний бэрхшээлийг ойлгох уу. Чадахгүй.
Боломжгүй. 1770 оны Адам Смитэд бид өөрсдийн одоогийн бэрхшээлийг яривал
сайн ойлгоно. Магадгүй үнэтэй зөвлөгөө өгөх байх. Харин 1950 оны Жон
чадахгүй. Нөгөө талаас Монгол ба түүнтэй төстэй олон улс орны эрдэмтэн
мэргэдэд хангалттай мэдлэг туршлага алга. Хэн нэгэн нь Хөгжлийн Онол -
Монгол ба түүнтэй төстэй гацаанд орчхоод яахаа мэдэхгүй байгаа олон улс
орнуудад зориулсан - Хөгжлийн онол гаргах хэрэгтэй. Хөгжлийн онолын
суурь үндэс нь 1. Орших уу, эс орших уу 2. Хүн төрөлхтний хөгжил дэвшилд
гүйцэтгэх Монгол үндэстний үүрэг гэсэн хоёр хэмжүүрээр тодорхойлогдох
юм. Нэг нь нөгөөгөөсөө ургаж гардаг хэмжүүрүүд л дээ. Бид энэ маягаараа
удаан явбал Орших уу, эс орших уу гэдэг асуулт бидний өмнө тавигдах нь
цаг хугацааны л асуудал болно. Тийм учраас үндэсний аюулгүй байдлын
асуудал Хөгжлийн онол болоод Эдийн засгийн онолд суурь асуудал болж
холбогддог. Энэ Харвардын ихэнх докторуудын хувьд шинэ парадигм болно.
Гэхдээ гайхах хэрэггүй. Энэ энгийн. Эдийн засгийн хувьд Баян гүрэн оршиж
чадна. Баян гүрэн гэдэг нь цөөхөн хэсэг баячуудтай биш харин нийтээрээ
баян гүрнийг л хэлдэг. Эдийн засгийн утгаараа. Тийм ч учраас Хөгжлийн
онолыг гаргахын тулд хийгдэх эхний судалгааны ажил МОНГОЛЫН БАЯН ХООСНЫ
ЯЛГАА байх учиртай.
Нэмж хэлэхэд, Ром, Наполеон, Александр нарт онцын гойд юм байхгүй.
Болох зүйл болсон. Европийн сэргэн мандалт ч гэсэн тайлбартай. Дэлхийн
түүхэнд олон агуу удирдагчид, олон том гүрнүүд байсан. Гэхдээ энэ
дундаас хоёр түүх анхаарал татна. Олон том гүрнүүдээр, өөрөөсөө
хөгжилтэй улсуудаар хүрээлэгдсэн. Соёл, боловсролын хувьд олон зуун
жилээр хоцрогдсон улс орон. Дотоодын самуунтай. Гэхдээ ердөө 20-30
жилийн дотор дэлхийд оройлж чадсан. Харин Чингис хааны үед Монгол хаана
байв. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Хятад улстай хиллэж байлаа. Бичиг
үсэг, боловсрол, соёлоор сул. Хамгийн гол нь мэдлэгээр буурай байсан
боловч дэлхийн түүхэнд байхгүй ҮСРЭЛТийг хийж чадсан. Түүнээс том нутаг
эзэлсэн, олон арми ялсан нь Монголын гайхамшиг байгаагүй юм. Ихэнх
хүмүүсийн боддог шиг. 500 жил чөлөөт зах зээл хөгжүүлээд пуужин хийж
сансарт нисэх л байх. Харин 200 жилээр хоцрогдсон, ямар ч найдваргүй ард
түмнийг толгой эргэм өндөр амжилтад төсөөлшгүй богино хугацаанд хүргэж
чадсан нь түүх юм. Үүнтэй төстэй дахиад нэг жишээ түүхэнд тохиож гарсан
нь Сингапур улс юм. Өнөөгийн Монгол Америкаас хэдэн жилээр хоцорч
байгааг бид мэднэ. 1600 онд хувьцаа гаргаж байсан, 1300 онд даатгалын
гэрээ байгуулж явсаар өнөөдөртэй золгосон ард түмний замаар, араас нь,
алдаа бүрийг нь давтаж явж болохгүй ээ. Биднийг тэгж бэдэрч явах хооронд
тэд хаана хүрсэн байх билээ. Бидэнд цоо шинэ Хөгжлийн онол хэрэгтэй.
Ялангуяа Харвардын гаруудын санаанд нь ч орохгүй тийм л онол хэрэгтэй.
Хэрвээ тэд нар сэтгэж чадсанаас илүү гарч чадахгүй байгаа бол бид
хоцорсоон л гэсэн үг. Монгол үндэстэн дэлхийн ард түмний лидер наци
байж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулж
байсан цаг үе бий. Бид өчүүхэн хугацаанд толгой эргэм амжилт гаргаж
чадсан боловч Амжилтаа бататгах хойч үе - лидер төрж гараагүй. Феодализм
бол амжилтыг хадгалах зөв механизм биш. Түүний амьд баталгаа нь
одоогийн дэлхийн адагт жагсах монголчууд бид. Лидершип цус дамждаггүй.
Чингис хаан гайхамшигтай үсрэлтийг хийх философийг эзэмшиж байсан боловч
яаж хадгалахыг хараахан мэдээгүй. Олон улсын байгууллагууд Монгол Улсын
ядуурлыг бууруулах асуудлыг хөндөж ирсэн болохоос биш Монголчуудын
дэлхийд өөрсдийн хувь нэмрийг оруулах, үндэстний хүсэл эрмэлзлийг
харгалзсан билүү.
Америкад ядуу хүн гэдэг нь жилийн 12 мянган долларын орлоготой, харин
Монголд жилийн 1 мянган долларын орлоготой хүнийг ядуу гэж ангилчихаад -
бид дэлхийд тэргүүлэх үү. Энэ дэлхийд төр засаг нь манлайлахгүй, төр
засаг нь оролцохгүйгээр хөгжсөн улс байна уу. "Далд гар зохицуулчихна
аа. Та нар зах зээлээсээ хол байж бай" гэдэг зөвлөгөөг дагаад бид юу
болов. Ганц сая долларын ч хөрөнггүй, хамгийн чадвар муутай боловсон
хүчинтэй Монголын Ай-Ти компани төрийн ямар ч оролцоогүйгээр Гүүглтэй
өрсөлдлөө юу. Бид Хөгжлийн нууцийг өөрсдөө томьёолж нээх цаг нь болжээ.
Монгол хүмүүсийн хүсэл эрмэлзэл бол хүн төрөлхтний хөгжил дэвшилд
өөрсдийн хувь нэмрийг оруулах явдал билээ.
Өлзийбаярын Ганзориг