|
Видео

Шинэ мэдээ

Хятадын эринд тавтай морил

Хятадын эринд тавтай морилДэлхийн санхүү, эдийн засгийн барилгын архитектор болох АНУ байр сууриа алдахаас эмээж байна. Америк, Японы эсэргүүцлийг үл харгалзан 57 улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны үүсгэн байгуулагч гишүүн болж, Хятадад тал заслаа. Гэвч энэ тухай Дэлхийн банк, ОУВС-гийнхан Вашингтон хотод болж өнгөрсөн хаврын уулзалтынхаа үеэр огт яриагүй юм. Бреттон-Вүүдсийн "бүтээгдэхүүн” болох энэ хоёр байгууллагын ноёрхлыг үгүй хийх банк гарч ирж байхад бүлх залгисан мэт өнгөрөв.

Бреттон Вүүдсийн 70 жилийн ноёрхол үгүй болох нь

Харин хөрөнгө оруулалтаар цангаж буй Азийн орнуудыг энэ мэдээ баясгаж байгаа нь ойлгомжтой. Ялангуяа Монгол Улсын хувьд АДБХОБ илүү хямд өртөгтэй зээл авах боломж, нөхцөлийг бүрдүүлэхийг эдийн засагчид тэмдэглэлээ.

УНТАЖ БУЙ ЛУУ СЭРЭВ

Дэлхийн II дайны дараа цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчээрээ тэргүүлж үлдсэн америкчууд Бреттон Вүүдсийн "бүтээгдэхүүн” болох Дэлхийн банк, ОУВС-г санхүүжүүлж ирсэн. Гэвч АНУ-ын төдийгүй, дээрх байгууллагуудад гол нөлөө үзүүлэгч Япон, Европын орнуудын өр нэмэгдсээр, санхүүжилтийн боломжийг хумьсаар. Тиймээс ч ОУВС- гийн хөрөнгийн хэмжээг хоёр дахин нэмж, буурай орнуудын хөгжлийг дэмжих санаачилга гарсан. Гэвч америкчууд зөвшөөрөхгүй тав дахь жилтэйгээ золгож байна. Аз болоход, энэхүү орон зайг нөхөх хүсэлтэй, бас боломжтой их гүрэн гарч ирсэн нь Хятад юм.

Урд хөрш энэ хүсэл, сонирхлоо Дэлхийн банк, ОУВС-гаар дамжуулан биелүүлж болохгүй юу гэх асуулт мэдээж гарч ирнэ. Үнэндээ тэгэх гэж оролдсон л доо. Тухайлбал, ОУВС-д шинэчлэл хийж, Хятад болон бусад хөгжиж буй орнуудын хувь нөлөөг нэмэгдүүлэх талаар таван жил ярьсан ч АНУ-аас болоод гацсан. Учир нь, тус улс ОУВС-гийн саналын дийлэнх эрхийг буюу 16 хувийг атгаж суугаа, бас хятадуудад эрх мэдэл өгөхийг хүсэхгүй байгаа. Гэтэл урд хөрш эдүгээ дэлхийн нийт ДНБ-ий 12 хувийг бий болгож байгаа ч Дэлхийн банк, ОУВС дахь саналын эрх нь ердөө 3.8 хувьтай тэнцэж байна. Харьцуулж үзэхэд, эдийн засгаараа Хятадын гуравны нэгд ч хүрэхээргүй Их Британи болон Франц улс тус бүр 4.3 хувийн эрхтэй байгаа нь шударга гэж үү? Ийнхүү Дэлхийн банк, ОУВС дахь нөлөөгөө тэлнэ гэж горьдох ч хэрэггүйг ухаарсан хятадууд өөрийн гэсэн "бүтээгдэхүүн” бий болгож, эхний ээлжид Азид "ноёлох”-оор сэтгэл шулуудав.

АДБХОБ үүсэн байгуулагдсаныг "АНУ дэлхийн эдийн засгийн системийн андеррайтерын үүргээ алдсан мөч” хэмээн түүхэнд тэмдэглэж болохыг Америкийн Сангийн сайд асан Ларри Саммерс сануулж байв. Тэгвэл Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао тэгэж бодохгүй байна. Ингэлээ гээд хөгжлийн санхүүжилтийн салбарт нэг их өөрчлөлт орохгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлж амжсан. Хэнийх нь зөв бэ гэдгийг харахад нэг их цаг орохгүй л болов уу. АДБХОБ нь энэ оны сүүлчээр үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа юм.

Яг л АНУ Дэлхийн банканд гол нөлөөтэй байж, Европ ОУВС-г удирдаж, Япон Азийн хөгжлийн банкийг тэргүүлдэг шиг, АДБХОБ нь Хятадын мэдэлд байна.

ХЯТАДЫН "АЛСЫН ХАРАА”

Энэ сэдвийн тухай бичихэд урд хөршийн том амбийцийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй. АДБХОБ нь тус улсын "Нэг бүс, нэг зам” стратегийн нэгэн чухал хэсэг болохыг "Fung Global Institute”-ын Судалгааны хэлтсийн захирал Шиао Жен, хүндэт гишүүн Эндрю Шен нар онцолжээ. Энэхүү стратегит Хятадыг Европтой холбох Торгоны зам эдийн засгийн бүс, Зүүн Өмнөд Ази ба Ойрх Дорнодтой холбох XXI зууны Далайн Торгоны зам гэсэн хоёр санаачилга багтаж байгааг тэд сануулсан байна.

Энэ банк бидэнд хямд өртгөөр, элдэв янзын нөхцөл, шаардлагагүйгээр зээл авах боломж олгохоор байгаа

"БНХАУ-ын эдийн засгийг зөвхөн өсөлтийн хурдаар нь тодорхойлох хэрэггүй” хэмээн урд хөршийн Ерөнхийлөгч Си Зиньпин хэлээд, "Шинэ хэвийн хэмнэл”-дээ орж буй тус улсын эдийн засаг бусад орныг, ялангуяа Азийн орнуудыг худалдаа, хөрөнгө оруулалтын илүү их боломжоор хангахыг тэмдэглэсэн удаатай. Үнэхээр ч "Нэг бүс, нэг зам” стратеги нь зөвхөн Хятадын биш, Азийн, бүр дэлхийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж мэдэх юм.

"Дэд бүтцийн хөрөнгө оруулалт хөгжилд томоохон хувь нэмэр оруулдгийг Хятадын өөрийнх нь жишээ харуулна” хэмээн Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц бичээд, "АДБХОБ нь ийм боломжийг Азийн бусад оронд хүртээнэ” гэжээ. Сүүлийн 30 жилийн туршлагаас үзэхэд, БНХАУ зам, төмөр зам, боомт, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны системд санхүүжилт хийснээр худалдаа өргөжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөгжил хурдассан байгаа юм. Хамгийн гол нь, тус улсын далайд гарцгүй баруун ба өмнөд мужууд нь илүү хөгжилтэй мужуудтайгаа холбогдож, улмаар орон нутгийн хөгжлийн ялгаа, хүн амын шилжих хөдөлгөөн багассан байдаг.

Торгоны зам санаачилгыг хэрэгжүүлснээр Хятадын худалдааны түнш орнуудын хөгжил ч хурдсахыг Шиао Жен, Эндрю Шен нар тэмдэглээд, энэ тал дээр тус улс асар их мөнгө хаяж байгааг бичжээ. АДБХОБ-ны дүрмийн сангийн талыг буюу 50 тэрбум ам.долларыг Хятад өөрөөсөө гаргаж байгаагаас гадна Торгоны зам санд 40 тэрбум, Хятадын хөгжлийн банканд 32 тэрбум, Хятадын Экспорт- импорт банканд 30 тэрбум ам.доллар оруулж байна. HSBC банкны тооцоолсноор, "Нэг бүс, нэг зам” санаачилгын нийт өртөг 232 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй.

ӨРСӨЛДӨӨН

1960-аад онд Дэлхийн банк хөгжлийн туршлагыг хуваалцаж, зээлдэгч нараа жинхэнэ утгаар нь дэмжиж байсан. Харин 1980-аад оны сүүлчээс тэс өөр үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн билээ. "Вашингтоны зөвшилцөл” гэх чөлөөт зах зээлийн бодлогыг тарааж, зээл авч буй улс орнуудад улс төр, эдийн засгийн либералчлалын жорыг "шахах” болсон. Ингэснээр буурай орнуудын үйлдвэржилтийг үгүй хийж, орлогыг багасгасныг Ж.Стиглиц онцолжээ. Дэлхийн банк, ОУВС-гийн сурталчилдаг чөлөөт зах зээлд бол өрсөлдөөн их байх тусам сайн. "Гэвч аливаа пүүс, байгууллага өөрийнхөөс бусад салбар дахь өрсөлдөөнийг л дэмждэг” хэмээн Ж.Стиглиц бичээд, үүний тод жишээ болгож Америк АДБХОБ-ийг эсэргүүцэж байгааг онцолжээ. Азийн орнуудаас гадна Герман, Франц, Итали болон АНУ-тай тун ч ойр байдаг Австрали, Шинэ Зеланд, Канад, Их Британи хүртэл тус банканд элсэх сонирхлоо өөрсдөө илэрхийлсэн нь Цагаан ордныхны дургүйг хүргэсэн. Учир нь, АДБХОБ нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг АНУ, Японы нөлөөнд байдаг байгууллагуудын өрсөлдөгч болохоор зэхэж буй.

Энэ нь хөгжиж буй орнуудын хувьд мэдээж сайн мэдээ. Заавал Дэлхийн банк, ОУВС-д хандаж, зээл авахын тулд бүхий л нөхцөл, шаардлагуудыг нь биелүүлэх хэрэггүй болж байна. АДБХОБ нь байна уу, БРИКС-ийн Шинэ хөгжлийн банк нь байна уу, хамаагүй. Хандах газар олон байх тусмаа ашигтай. Өрсөлдөөнөөс хэрэглэгч хождог гэдэг байх аа? Нөгөө талаас, эдгээр байгууллага өрсөлдөгч гэхээсээ илүү хамтрагч ч болж мэдэх юм. Азийн хөгжлийн банкны тооцоолж буйгаар, ирэх 10 жилд Азийн дэд бүтцийн санхүүжилтийн эрэлт найман их наяд ам.долларт хүрэхээр байгаа юм. Энэ хэрэгцээ шаардлагыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк яагаад ч хангаж дийлэхгүй учир АДБХОБ-ийг "Тавтай морил” хэмээн угтаж авах хэрэгтэйг эдийн засагчид сануулжээ. Тэгээд ч АНУ-ын "¹1” ба "Цорын ганц” гэх тодотгол бүдгэрч байна. Хөгжлийн санхүүжилтийн ертөнцөд хүссэн хүсээгүй Хятадын эрин эхэлж байна.

Эцэст нь, Монгол Улс энэхүү санаачилгыг анх гарах үеэс нь дэмжсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард АДБХОБ-ийг байгуулах тухай санамж бичгийг анх үйлдсэн 22 орны нэг болж байв. Хятад улс манай худалдааны хамгийн том түнш учраас тэгэхээс ч аргагүй. Мөн энэ банк бидэнд хямд өртгөөр, элдэв янзын нөхцөл, шаардлагагүйгээр зээл авах боломж îëãîõîîðбайгаа. Нөгөө талаас, Монголын эдийн засаг дахь Хятадын нөлөө тэртэй тэргүй их байгаа энэ үед АДБХОБ-тай хэт дотносох нь хэр эрсдэлтэй вэ гэсэн болгоомжлол ч төрж байна.

 Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler