| |
АНАЛИЗ: Ц.Элбэгдорж VS Н.Энхбаяр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойн баярт оролцож үг хэлсэн. Энэ үеэрээ Ерөнхийлөгч өнгөрч буй долоо хоногт батлагдсан Өршөөлийн хуулийн талаар өөрийн байр суурийг албан ёсоор илэрхийлсэн. Мөн тэрбээр эцсийн найрууллагыг нь өргөн баригдсан үед нь уг хуульд хориг тавин гэдгээ ч мэдэгдлээ.
Хамгийн сонирхолтой нь төрийн тэргүүн маань Өршөөлийн хуультай холбоотойгоор, тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой нэлээдгүй ширүүн бөгөөд хатуу үгсийг Соёлын төв өргөөний индэр дээрээс "чулуудлаа”. Тэрбээр хэдийгээр Н.Энхбаяр гэдэг нэрийг нэг ч удаа хэлээгүй боловч ярьсан зүйл нь шууд Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг байлаа.
Тодруулбал, Ерөнхийлөгч "Би түрүүн хэлсэн Монгол Улсын нэрийг бодож цээжнийхээ махыг бардаг хүмүүс бий гэж хэлсэн. Харин зарим хүн "би салхилах гэж ирлээ" гэдэг юм байна”гэсэн.
Өнгөрсөн лхагва гарагт эх орондоо ирсэн Н.Энхбаяр телевизэд ярилцлага өгөхдөө "Улс оронд өнөөдөр амаргүй нөхцөл байдал, мөчлөг бий болсон байна. Үүнд миний тус хэрэг байдаг юм бол тусалъя. Төр засгийг ч тогтвортой, ирээдүйгээ харсан болгох гэж л ирж байна даа. Ард түмнийхээ дуу хоолойг сонсоё, монголоор ярья, Монголынхоо агаарыг амьсгалж, усаа уух гэж ирлээ” гэж хэлсэн юм.
Ерөнхийлөгч "Төрийн ордон бол хүн салхилаад байдаг газар биш. Салхиа санаад хүний газрын өндөр үнэтэй байшинд байгаад бай гэж хүн хэлээгүй шүү дээ”
Н.Энхбаяр ирсэн өдрийнхөө маргааш төрийн ордонд зочилж эвслийн бүлгийнхээ хуралд суусан. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч "Төрийн ордонд орж салхиллаа” гэж хэлсэн хэрэг.
Ерөнхийлөгч "Авлигаар авсан хэдэн тэрбум төгрөгөө аваад ир, авлига авсан дүүгээ аваад ир, авилга авсан туслахынхаа ахыг аваад ир, хамт салхил л даа. Заавал хүний нутагт салхигүй газар зовж яах юм. Хүрээд ир. Авлигаар авсан тэр мөнгөө ил болгочих тэгээд л болоо”
Н.Энхбаяр 2012 онд шүүхээс ял авахдаа долоон тэрбум гаруй төгрөгийн хэрэгт холбогдсон байдаг. Авилга авсан дүү гэдэг нь Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяаг хэлж байгаа юм. Авилга авсан туслахын ах гэдэг нь Б.Тулгын төрсөн ах, туслах Б.Хуяг юм. Ерөнхийлөгчийн хэлснээр дээрх эрхмүүдийг дагуулж ирэх ёстой гэнэ. Тэрбээр үргэлжлүүлэн "Заавал хүний нутагт салхигүй газар зовж яах юм” гэсэн.
Н.Энхбаяр өнгөрсөн хугацаанд БНСУ-аас эх орондоо ирэхдээ "Нутгийнхаа салхийг санаад” гэх зэрэг үгийг ихэд хэрэглэж байсан. Тиймээс Ерөнхийлөгч ингэж егөөдсөн хэрэг.
Ерөнхийлөгч үргэлжлүүлэн "Шоронд ороод намайг гаргаад өг, би амь тавилаа, цаг минут хормоор миний амь тогтож байна гэдэг. Нөгөө авлигын том сүлжээ нь баригдах болохоор тэр юм”
Энэ үгийн учиг нь гэвэл Н.Энхбаяр 2012 онд шоронд хоригдож байхдаа арав гаруй хоног хуурай өлсгөлөн зарлаж амь нас нь дээсэн дөрөөн дээр тулж байлаа. Тэрбээр батлан даалтад гаргахгүй бол өлсгөлөнгөө зогсоохгүй гэж байсан ч хүчээр өлсгөлөнг нь зогсоож байлаа.
Ерөнхийлөгч "Чоно борооноор гэж Өршөөлийн хууль батлагдах сургаар ирж байгаа юм. Эх орноос санаад байгаа юм бол Монголдоо л бай л даа” гэсэн юм.
Энэ бас л Н.Энхбаярт шууд хамаатай үг юм. Тэрбээр Өршөөлийн хууль батлагдсан өдрийн орой эх орондоо хүрэлцэн ирсэн. Тиймээс "чоно борооноор” гэж хэлүүлсэн хэрэг. Ядаж байхад лхагва гарагийн үдэш бороо шивэрч байв.
Ерөнхийлөгч "Шударга ёс нэртэй шударга бусын эвсэл биш юм бол миний хэлээд байгаа хуулиудыг батлаад өгчих” гэсэн
Энэ үг бол МАХН-ын багтдаг "Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийг даргынхаа хэргийг хэрэгсэхгүй болгох гэж Өршөөлийн хуулийг дэмжлээ гэж зэмлэж байгаа хэрэг.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс хамгийн хатуу нь "Монгол төрийн бодлого төлөвлөлтөд битгий хэл босго, босгоны шороонд ойртууламгүй хүмүүс байна. Би өнөөдөр Монгол төрийн тамгыг барьж яваа хүний хувьд энийг хэлэх эрхтэй. Зөвлөгөө өгөхөөр ирлээ. Шүүхээр ялтан гэдэг нь тогтоогдсон хүн зөвлөгөө өгөх гэж ирж гэнээ. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ.” гэсэн юм.
Учир нь Н.Энхбаяр төрийн ородонд очиж бүлгийнхээ хуралд суусан. Ирсэн даруйдаа өгсөн ярилцагадаа "Төр засгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орж байна. Ардын нам, Ардчилсан нам хамтарч ажиллаж байгаад Ардын нам энэ Засгийн газраас гарсан байгаа. Тэгэхээр МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл Ардчилсан намтай хамтраад Засгийн газрын суларсан орон тоон дээр нь боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна. Энэ ажилд бид аль болохоор тус дэмжлэг үзүүлэх юмсан гэж байгаа. Ер нь "Шударга ёс” эвсэл 2012 оноос хойш л төр засгийг тогтвортой байлгах, үүнд нь ямар нэг байдлаар гацаа гарвал түүнийг нь арилгах үүргийг гүйцэтгэж ирсэн. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир эвслийн тэргүүний хувьд энэ асуудлыг ярилцаж, хэлэлцэхэд ирэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, намайг ирээч ээ гэсэн. Миний хувьд энэ асуудлыг ерөнхийд нь мэдэж байгаа. Улс оронд өнөөдөр амаргүй нөхцөл байдал, мөчлөг бий болсон байна. Үүнд миний тус хэрэг байдаг юм бол тусалъя. Төр засгийг ч тогтвортой, ирээдүйгээ харсан болгох гэж л ирж байна даа. Хүнд хэцүү нөхцөлд орчихсон байгаа жирийн иргэн ч бай, Засгийн газар ч бай түүнд тусалъя л гэж бодож ирсэн. Туршлагаасаа хуваалцая, дэмжиж тусалъя л гэж бодсон. Миний санал үнэтэй цэнтэй байх юм бол авч хэрэгжүүлэх байх аа л гэж бодож байна. ” гэсэн үгнийх нь хариу. Мөн Н.Энхбаярыг бүлэг нь Засгийн газрыг эмхлэх ажлын хэсгийн ахлагчаар тавьсантай ч холбоотой.
Эцэст нь Ерөнхийлөгч "Барилдаан үзэх гэж, эх орноо санахаараа, салхилах гэж ирдэгээ боль”хэмээсэн.
Н.Энхбаяр өнгөрсөн цагаан сарын битүүнд эх орондоо хүрэлцэн ирж байсан. Хүрэлцэн ирсэн даруйдаа бөхийн өргөөнд очиж Галзууралгч хэмээгч Хонь жилд зориулсан цагаан сарын барилдааныг үзэж байсан. Мөн өнгөрсөн намар ирж Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа "Би эх орноо санаад ирлээ” гэж байсан юм.
Ямартаа ч Ерөнхийлөгчийн өчигдөр хэлсэн үг бүгд МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг гэдэг нь тодорхой юм. Харин сэтгүүлч миний бие зөвхөн уг үгсийн цаад санааг нь тайлбарлан өгүүлсэн гэхэд болно. Өчигдөр ээлжит бус чуулган хаалтаа хийсэн. Гэвч хоригийн асуудал болон Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлаар ирэх долоо хоногт дахин ээлжит бусаар хуралдана.
Г.Ган /ZALUU.COM/