| |
“Хэн сайд болох вэ” уралдаан эхэллээ
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарт дахин итгэл үзүүлэх үү
МАН-ынхны
хувьд засгаас гарсан учир АН, ИЗНН, "Шударга ёс” эвслийнхэн дунд шинэ
сайдуудын сунгаа үргэлжилжнэ. Энэ удаа өмнө нь сайд болоогүй эрхмүүдийг
Засгийн газрын танхимын гишүүдээр сэлгэх биз. Гэхдээ урьдчилсан байдлаар
гарсан хувилбараар хоёр ч гишүүн сайдын суудлаа дахин баталгаажуулж
болохоор байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газарт ажиллаж
байсан Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нарт дахин итгэл
үзүүлэх хувилбар гараад байгаа юм. Ч.Улааныг Сангийн сайдаар ажиллаж
байх хугацаанд багагүй шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс тавьж байсан.
Хариуцлагагүй ажилласан сайд нарын хоёрт Ч.Улааныг нэрлэж, огцруулах
асуудлыг хөндөж байсан. Мөн АН-ын гишүүн Ж.Батзандан Шадар сайдыг "Ажлаа
хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй" хэмээн ажил үүргийн хуваарилалыг
зааж, залруулж байсан удаатай. Ингэснээр шинэ сайдад нэрлэгдэж буй хоёр
эрхмийн хувьд ажлаа хэрхэн хийж байсан нь харагдаж биз. Гэхдээ тэднийг
шинэ сайдад зүтгүүлж буй нь эвслийн бүлгээс өөр дэвшүүлчих эрхэм
төдийлөн байхгүйгээс нэрлэснийг үгүйсгэхгүй.
С.Ганбаатар Хөдөлмөрийн сайд болох нь
Бие
даагч гишүүдийн хувьд Шийдлийн Засгийн газарт сөрөг хүчин болж ажиллаж
буй. Харин МАН засгаас гарч, өөрсдийн эрх үүрэгтээ очсон дариуд АН-ынхан
бие даагч гишүүдэд бялуу хүртээхээ мартсангүй. Ц.Даваасүрэн гишүүний
хувьд байнгын хорооны даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр бие даагч
гишүүдийн хувьд гомдолтой яваа. Мөн Засгийн газрыг хангалттай шүүмжилж,
Оюутолгойн төвөлөгөөний эсрэг буйг хэн ч мэдэж байгаа байх. Тиймдээ
АН-ынхан сайдын нэг суудлаа бие даагч гишүүдэд бэлэглэж, С.Ганбаатарыг
Хөдөлмөрийн сайдад зүтгүүллээ. С.Ганбаатар гишүүний хувьд МҮЭХ-г удирдаж
байхдаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж
ирсэн. Тэгвэл МҮЭХ-г удирдаж явсан туршлагатай улстөрчид Хөдөлмөрийн
сайд оногдох ёстой гэж үзсэн бололтой. Харин ИЗНН-д сайдын суудал
оногдох нь дамжиггүй. Гэхдээ С.Оюун дахин сайд болох уу, эсвэл ИЗЗН өөр
эрхэмдээ сайдын суудлаа өгөх үү гэдгийг харах үлдэж байна.
Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нарын дунд өрсөлдөөн үүсэв
Зам
тээврийн сайдын суудал АН-ынханд хуваарилагджээ. Тэд мөн Сангийн сайдад
Р.Амаржаргал гишүүнийг томилох хамгийн дөт хувилбарыг дэмшүүлээд байгаа
юм. АН-2, ИЗЗН-1, Шударга ёс эвсэл-2, Бие даагч-1 гэсэн хувилбартайгаар
зургаан сайдын орыг залгахаар төлөвлөжээ. Харин Зам тээврийн сайдад
Л.Эрдэнэчимэг гишүүнийг зүтгүүлж байхад намынх нь зарим гишүүн
Б.Наранхүү гишүүнд энэ суудлыг өгөх ёстой гэж үзсэн байна. Энэ талаараа ч
УИХ дахь АН-ын бүлгийн даргадаа Ж.Батзандан, Х.Тэмүүжин, Б.Болор,
Б.Батчимэг, Г.Баярсайхан, Л.Гантөмөр нарын залуу гишүүд албан тоот
илгээжээ. Тэгэхээр энэ суудлын төлөө хоёр гишүүний хооронд өрсөлдөөн
үүсч, хэн нь сайд болохыг харах үлдэж байна.
С.БАЯСГАЛАН