|
Видео

Шинэ мэдээ

Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе Хотын дарга аа!!!

Найр наадмын цаг шувтарч, намрын их ажил хаяанд ирлээ. Ерөнхий сайдын захирамжийн дагуу аймаг, сумдууд түүхт ойгоо долдугаар сардаа багтаан зохион байгуулж дууслаа.

Харин одоо энэ жилийн хамгийн сүүлийн ганцхан наадам л үлдлээ.

 

Энэ нь даншиг наадам. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Даншиг наадмыг нийслэлийн Буддын шашны сүм хийдүүд болон хотны захиргаа хамтарч энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.

Манайхан болсон хойно найр наадам гэдэг утгаар нь энэ санааг ихэд сонирхож хүлээж авсан. Гэвч сүүлийн өдрүүдэд сонсогдох мөнгөн дүнгээс болоод иргэд уг наадамд тун дурамжхан хандах болов. Тодруулбал, уг даншиг наадам нь 560 сая төгрөгийн төсөвтэй аж. Энэхүү наадмаар дамжуулан үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд  сурталчлах, сүсэгтэн олонд зориулсан буддын шашны зан үйлийг сэргээх боломж бүрдэнэ гэж зохион  байгуулагчид үзэж байгаа.

 

Наадмын өдрүүдэд Хүй долоон худагт  256 хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох бөгөөд аймгуудын дунд урлагийн шилдэг үзүүлбэр, хамгийн амттай айраг шалгаруулах уралдаан зарлана. Ингэхдээ бүх бай шагнал нь улсын наадамтай адилхан гэсэн.

 

Мөн наадамд зориулан Хүрээ цам гарч, даншиг наадмын шашны уламжлалт зан үйлийг үйлдэхээс гадна Буддын шашны бүх хийдийн лам нар  Чингисийн талбайд сүсэгтэн олонд зориулан ном хурж, ерөөл айлдана. Энэ үеэр Хүрээ цамыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгаа гэсэн.

 

Хотын захирагч тэргүүтэй дарга нарыг найр наадамд толгойгоо мэдүүлж суух зуур өвлийн хатуу бэрх цаг өдрөөс өдөрт наашилж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр туйлж усан хөшиг нэртэй урагшгүй ажил, даншиг наадам гэх үргүй зардал гаргаж байхаар улс орондоо хэрэгтэй ганц ажил хийдэг ч болоосой. Ядахдаа л энэ мөнгөөр нэн яаралтай хэрэгтэй байгаа төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьчихгүй дээ. Ядаж л үлдэх юмтай шүү дээ. Наадмаас юу үлдэх вэ. Юу ч үлдэхгүй Хотын дарга энэ мөнгөө 1 сая жуулчин авч ирээд эргүүлээд нөхнө гэж хэлсэн. Дарга маань сэрүүн зүүдлээгүй л байгаа. Сүүлийн жилүүдэд манайд ирэх жуулчид тогтмол буурч байгаа шүү дээ. Энэ жил л гэхэд 4.2 хувиар буурсан дүн гарсан. Мөн дэлхий дахины судалгаанд очиход хамгийн бэрх орнуудын жагсаалтад айргийн тавд бичигдсэн байсан. Сая жуулчин ирлээ ч гэсэн нийслэл хотод багтаж шингэх үү. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ.

 

Дарга нарыг ингэж наргиж, цэнгэж суух зуур ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, зүсэм талх ч үгүй боллоо. Төсвийн байгууллагууд цалин хөлсөө тавих уу, үгүй юу гэдэг дээрээ тулаад байна. Хувийн хэвшлийнхэн цалингаа тавьж чадахаа байгаад эхнээсээ үүдээ хааж эхэлсэн. Ардчилсан намын амалсан тэр их хөгжил, тэгш эрхт амьдрал. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд төрөө хямралд оруулж, Монгол Улсыг өмнөх 20 жилд байгаагүй их хэмжээний өрөнд оруулчихаад өнөөдөр ч бас ханахгүй найр наадам яриад суух нь хаанахын ёс вэ. Э.Бат-Үүл дарга саяхан л "Мөнгө алга. Нийслэлийн иргэдээс татвар авъя” хэмээн ярьж байсан. Гэвч өнөөдөр ядарсан иргэдийнхээ татварын мөнгөөр тансаг наадам хийнэ гэж муйхарлаж буйг гайхаад барахгүй нь. Ардчилалынхан өнгөрсөн жилүүдэд эрх мэдлийн төлөө хөнжилдөө ч орох завгүй өдөр шөнөгүй тэмцэлдсээр төрийн ажлыг унагаж орхилоо. Одоо ч эрх мэдлийн төлөөх тэмцэл нь үргэлжилж Засийн газраа юу юугүй "элгээр” нь хэвтүүлэхээр зэхэж байна.

 

Хууль дүрэмтэй улс орон л юм бол хотын даргын төсвийн мөнгөөр туйлдаг энэ үйлдлийг нэн яаралтай таслан зогсоохгүй бол Монгол улс жинхэнэ утгаараа дампуурахад ойрхон байна.Дашрамд дуулгахад Зайсангийн гүүрэнд нөгөө "алдарт” усан хөшиг гэдэг зүйлийг хийгээд эхэлсэн сурагтай байна билээ.



Г.Ган /Zaluu.com/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler