| |
АШУҮИС сургалтын төлбөрөө 40 хувиар нэмжээ
Их, дээд сургуулиуд жилээс жилд сургалтын төлбөрөө нэмдэг жишиг энэ жил ч мөн давтагдав. Сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдсэнийг Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Э.Батжаргалаас тодрууллаа.
-Их, дээд сургуулиуд энэ жил сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмсэн бэ?
-Удирдах зөвлөл нь сургалтын төлбөрийн хэмжээгээ тогтоодог төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө дунджаар 15-20 хувиар нэмсэн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) сүүлийн хоёр жил сургалтын төлбөрөө нэмээгүй байж байгаад сая 40 хувиар өсгөх шийдвэр гаргасан нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
-Монголын оюутны холбооноос их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэх үндэслэлийг судалж үзсэн үү?
-Инфляцын өсөлттэй холбоотойгоор сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиудыг буруутгах аргагүй. Бидний зүгээс үүнээс илүү гаргаж нэмэхгүй байхыг уриалж байгаа. Хамгийн гол нь сургуулиуд төлбөрөө нэмэх болсон шалтгаанаа оюутан, эцэг эхчүүдэд сайтар тайлбарлах ёстой юм.
Манай холбооноос оюутан нэгдүгээр дамжаанд элссэнээс сургууль төгсөх хүртлээ ямар хэмжээний төлбөр төлөхийг тогтоох гэрээ байгуулах саналыг сургуулиудад тавьсан ч хүлээж авахгүй байгаа.