|
Видео

Шинэ мэдээ

Гийнгоон дуутай наадам

Гийнгоон дуутай наадам Навчис хийсээд модод шарлаад ирэхээр хүн бүхэн гэгээн гуниг тээдэг гэж хэн нэгний хэлсэн үг санаанд орлоо. Нээрээ л намрын шаргал өдрүүдэд гуниг хөвөрсөн бодлууд их юм шиг санагдана. Наадмын маргааш намар гэдэг дээ. Ажил гэр хоёрынхоо хооронд 30 гаруй километр туулж явдаг над шиг хүнд зам зуурын олон бодол орж ирэх нь аргагүй шүү дээ.

 

Өглөө гэрээсээ гараад л ажил руугаа бараг цаг гаруй явна. Нэг орой ажлаа тараад микро автобусанд суугаад цонхоор ертөнцийг ширтээд, бодол хөврөөгөөд гэдэг шиг л явж байлаа. Микро автобусны хөгжмийн дуугаралт энэ тэр сүртэй гэж жигтэйхэн царгиад л байлаа. Хөгжим хэсэг чимээгүй болсноо хүүхдийн гийнгоо дуу царгиад эхэлдэг байна шүү. Толин хул дууны аян дээр яруу найрагч Гүрбазар гуайн "Дугай хээтэй наадам” хэмээх шүлэг эгшиглээд эхлэх нь тэр.

 

 

”Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд

Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирж

Зуузай харшуулсан гурван сумын морьд

Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж

Хөх торгон баадантай хөлийн хоёр асар

Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд

Еэвэн хээтэй зодгоо зууван болтол дугтралцах

 Есөн давааны бөхчүүд наадмын цэнгэлд тэмцэлдлээ” гээд л хөгжмөөр царгиад л... Багын дурсамжийг минь хөндөх нь тэр. Би гэдэг хүн 6 настайгаасаа эхлээд 14 нас хүртлээ нийтдээ найман жил хурдны морь унасан сайхан дурсамжтай. Одоо эргээд санахад

 

"Хөлстэй морины нэмнээ нөмрөөд л хээр газар хонж өнжин гэртэй ч харьдаггүй байж дээ. Зургаахан настай жаахан хүүхэд ээжийнхээ гараас хөтлөөд чихэр, боов горьдоод дагаад л гүйж баймаар сан. Гэтэл ээж аавыгаа ч тоохгүй морь хаана байна тэнд л явж байвал түүнийгээ аз жаргал гээд бяцхан тархиндаа шингээчихсэн байж дээ. Одоо бодох нээ тэртээ хэдэн жилийн цаана гийнгоо дуутайгаа хадаатай үлдсэн миний бага нас ижийдээ эрхлэх гэж одоо хүртэл өмөлздөг байх даа".

 

 

Тэр үедээ л нутгийн уяач ах нарынхаа дунд алтан бөгстэй морины хүүхэд гээд өргөмжлөгдчихсөн мундаг хүүхэд байсан даа. Арга ч үгүй юм даа одоогийн морины хүүхдүүдэд өгөөд байгаа цол, өргөмжлөл тэр үед байсан ч биш. Тэр ч битгий хэл хамгаалалтын хувцас энэ тэр гэж байхгүй ээж аавын оёж өгсөн морины тод хувцсаар гангарч бор зүрхээрээ л уралддаг байсан даа.

 

 

Тэр үед би гурвалжин босоо малгай, цэнхэр нөмрөгтэй улаан цамц өмсдөг байсан санагдана. Доогуураа бол юу ч хамаагүй ээ морины хөлсөнд түлэгдээд л давхина шүү дээ. Хавар уяачид өдөр, судар харж байгаад хурдан морьдоо барьж эхэлнэ. Тэр үед унаач хүүхдүүдийн эд ажил нь эхэлнэ. Анх зайдан морин дээр мордоод нэг өдөр болоод бөгс гэж авах юмгүй холгодог байсан. Түрхэх тос, эм тариа гэж мэдэхгүй ах нарын зөвлөсөн  нусаа дахих, дахин түрхээд л орхино. Хэд хоногийн дараа нөгөө бөгс чинь чулуу болно шүү дээ. Тэр жилдээ л холгоно гэж байхгүй. За тэр яах уу тэр үедээ л бид нарын зовлон байлаа.

 

 

Сумынхаа баяр наадмын айраг түрүүг гадагшаа алддаггүй байсан даа л одоо бахархах юм даа. Уяач ах нар минь хурдан мориндоо одоогийн уяач нар шиг янз бүрийн хүч тамирын эм тариа хийдэггүй ногоон өвсөөр нь уралдуулдаг байсан. Жинхэнэ монгол адууны шандас хурдыг сорьсон сайхан ч наадам хийдэг байж дээ. Газар газрын шандаст хурдан хүлэг миний сумын наадмаар цугларах үед уяач ах нар минь сумынхаа наадмын түрүүг гадагшаа алдахгүй гээд их л сүржүүн ярьдаг сан.

 

 

Ай даа юу ч гэхэв мөн ч сайхан байсан даа. Эр өсөж эсгий сунана гэдэг шиг жил ирэх тусам мориноос хасагдах нас минь нэмэгдэж байлаа. Ингээд л найман жилийн дараа тэр нэгэн жилийн наадам тарахад зүүсгэл гоёсон эрээн асраа эзэнтэй үлдээх гэж, зүүд санагалзах морины талбараа гийнгоо дуутай нь үлдээх гэж эгэл миний бага нас тэндээ л хоцорсондоо хөөрхий.

 

 

 Ийнхүү бодол хөврөөж явахдаа ядарснаа ч үл умартан нэг л мэдэхэд гэрийнхээ хаяанд ирсэн байлаа. Урьдын адил намайг тосдог гэр минь тэр өдөр их өөр болсон санагдсан. Ээж минь миний бодлыг зөн совингоороо мэдэрсэн үү гэлтэй. Одоогоос хэдэн оны өмнө нь юм бүү мэд их л дээр  үеийн хуучин авдрынхаа ёроолоос миний дурсамжийг дахин сэргээх гэсэн шиг хурдан морины хувцас, дээлийг минь эл гарган тавьсан байсан.

 

 

Юун түрүүнд нударгатай цэнхэр дээлээ өмсөөд толинд харлаа. Цээж, ханцуй хормоо гээд л бүх зүйлээрээ жадайчихсан харагдсан ч их л сайхан дурсамж сэргэсэн дээ. Найман жил авдрын ёроолд хадгалаастай морины хөлс, тоос шингэсэн хувцсыг минь салхинд нэг эврээгээд буцааж боож, эмхлээд авдрынхаа ёроолд буцаагаад ээж минь хийчихсэн юм. Миний гэнэн бага насны дэврүүхэн сайхан дурсамж энэ дээ.

 

 

Г.Мягмарсүх new

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler