| |
Урианхай түмний “Алтан хүрээ–VIII наадам” амжилттай боллоо
Урианхай түмнийсоёл, урлаг, спортын "Алтан хүрээ–VIII наадам” өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 7 сарын 3-наас 5-ны өдрүүдэд Чингис хааны хөшөө цогцолбор Цонжинболдог, мөн Ариг Монгол хаад, Өүлэн эх жуулчны баазад амжилттай болж өндөрлөлөө.
Эзэн бүгд Чингис хаан, Их Монгол гүрний төлөө мохошгүй зориг, дийлдэшгүй ид хаваа зориулсан Сүбээдэй, Зэлмийн үр хойч болсон урианхайчууд гурван жил тутам ийнхүү чуулж, язгуур урлаг, соёл, угсаатны спорт тоглоом наадгайгаараа өрсөлдөн нааддааг уламжлалтай. Урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл, урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, сэргээн хөгжүүлэхэд зорилготой уг наадамд Хэнтий, Дархан уул, Сэлэнгэ, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Орхон аймаг болон Улаанбаатар хот, Багануур, Налайх дүүргийн нийт 20 гаруй багийн соёл урлаг, гар урлалын ардын авьяастан, харваач, бөхчүүд нийлсэн 600-аад оролцогч 112 багц медалын төлөө өрсөлдлөө. Мөн урианхай түмний бахархал болсон хөдөлмөрийн баатар, гавьяат, төр нийгмийн зүтгэлтэн төлөөлөгч, хүндэт зочид болон наадмыг үзэж сонирхохоор ирсэн урианхайчуудын төлөөлөл 5000 орчим хүн цуглаж, өргөн дэлгэр сайхан наадлаа.
"Алтан хүрээ” наадам гурван жил тутам зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаад Улаанбаатар хотын Урианхай иргэд хариуцан, зохион байгуулах хороо байгуулагдаж, Биет болон биет бус өвийг дээдлэх Сора эрч холбоог түшиглэн зохион байгуулж байгаа ажээ.
Урианхай түмэн язгуур урлагаа унаган язгуур шинжээр нь тээж ирсэн угсаатны гайхалтай урлаг, соёлын баялаг сан хөмрөгтэй бөгөөд энэхүү угсаатны соёл урлаг нь нийт монгол түмний соёл, урлагийн далай мэт арвин сан хөмрөгийг тэтгэгч нэг мөрөн гэдэг нь гурван өдөр үргэлжилсэн наадмын үеэр харагдаж байлаа. Ялангуяа урианхайн тууль өнөө цагт монгол туулийн цөм нь болоод байна. Хөөмий, икэл, товшуур, хэл хуур, бий биелгээ гээд язгуур урлагийн өвөө үр хойчдоо өвлүүлж үлдээж ирсэн гайхалтай ард түмэн гэдгээ ч оролцогчид харуулж байв.
Урианхай сур харвааны төрлөөр 130 гаруй харваач цэц мэргэнээ сорьж, мөн үндэсний бөх барилдан, урианхай ястны хорол, үүчүүр, 100 модот хөзөр зэрэг өвөрмөц тоглоом наадгайгаар багууд наадан өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм.
Багийн зохион байгуулалт, угсаатны сайхан хувцас, эдлэл хэрэгсэл, наадмын бүх төрөлд оролцсон зэргээрээ Баян-Өлгий аймаг тэргүүн байрт шалгарч, нийт 23 төрлөөр ардын авьяастнууд алтан мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.
Наадамд ирсэн ахмадууд болон хол газрын зочид уулзалдаагүй төрөл садантайгаа учирч, элкэн овгоо мэдэлцэн, Эзэн богд Чингис хааныхаа хөшөө дурсгалын дэргэд цуглаан наадсан нь энэ наадмын гол утга учир, ач холбогдол, цаашид улам нягтран ойртохын ерөөл хэмээн бэлэгшээн хэлэлцэж байлаа. Ийнхүү монгол угсаатны доторх буриадын Алтаргана наадамтай адил урианхайчуудын Алтан хүрээ наадам жилээс жилд хүрээгээ тэлж өргөжсөөр, хамгийн чухал нь угсаатны өв соёлоо сэргээн хөгжүүлж, бие биедээ уламжлуулан хадгалж, нийт монголынхоо соёлын сан хөмрөгт хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.
Дашрамд дуулгахад, урианхайчууд язгуурын монгол аймгийн нэг бөгөөд монголын түүхэнд баатарлаг гавьяа байгуулж, гарамгай зүтгэлээрээ багагүй хувь нэмэр оруулж ирсэн юм. Гэвч түүхийн бэрх нугачаа, цагийн эрхээр энд тэнд тархан сууршсан байна. Монгол улстаа л гэхэд Улаанбаатар, Баян-Өлгий, Ховд, Хэнтий, Говь-Алтай, Сэлэнгэ, Орхон, Дархан уул аймагт урианхайчуудын ихэнх хэсэг нь байдаг бөгөөд хүн амын тоогоор урианхай ястан хэмээн бүртгэгдсэн 25 мянган иргэн монголдоо оршин сууж, аж төрж байна. Мөн урианхай гэдэг нь тодорхой болоогүй урианхай угсааны наандаж арван мянган иргэн байдаг гэсэн тооцоо бий. Үүн дээр БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгарын урианхайчууд, ОХУ-ын саха урианхай /якут/, тува урианхай гээд дэлхийн өнцөг булан бүрт урианхайн удам угсаа тархан сууршсан байдаг ажээ.