| |
Монгол үндэстний урлаг, соёлын нэгэн өвөрмөц содон арга хэмжээ болно
Урианхай түмний "Алтан хүрээ VIIIнаадам”-ын зохион байгуулах хорооны дэд дарга Б.Лхамсүрэн:
Монгол үндэстний урлаг, соёлын
нэгэн өвөрмөц содон арга хэмжээ болно
Долдугаар сарын 3, 4, 5-нд Эзэн богдын морьт хөшөө бүхий Цонжинболдог цогцолборт урианхай түмний урлаг, соёл, спортын "Алтан хүрээ VIII наадам” болох юм. Өмнө нь урианхай угсаатан иргэд оршин суудаг аймаг, орон нутгуудад уламжлал болон зохиогдож ирсэн тус наадам ийнхүү нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна.
Монгол үндэстэн доторх эртний, дайчин баатарлаг түүхтэй нэгэн угсаатан бол урианхай түмэн. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэдэг. Түүгээр ч үл барам эртний Монгол аймгийг долдугаар зууны үед анхны Хиад, Дарлиган аймгуудын хамтаар урианхайчууд үүсгэн байгуулсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.
Эртний түүхтэй урианхайчууд монгол үндэстний биет болон биет бус өв соёлыг туйлын язгуурын шинжээр нь өнөө болтол тээн хадгалж, өвлөн уламжилж ирсэн ард түмэн билээ. Урианхайчууд тууль хайлах, хөөмийлөх, хэл хуур, икэл, товшуур зэрэг эртний хөгжмийн зэмсгээр хуурдан хөгжимдөх, бий биелэх, ерөөл магтаал айлдах, урианхай сур харваа зэрэг өөрийн гэсэн өвөрмөц соёлын баялаг сан хөмрөгтэй.
Ийм нэгэн ард түмний урлаг, соёлын наадмыг угтаж, уншигч олондоо мэдээлэл хүргэх зорилгоор тус наадмын зохион байгуулах комиссын дэд дарга, "Биет болон биет бус соёлын өвийг дээдлэх Сора эрч холбоо” ТББ-ын тэргүүн Б.Лхамсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө "Алтан хүрээ” наадмынхаа тухай тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Монгол улс олон ястан, угсаатны өлгий нутаг. Даяарчлалын энэ эрин үед үндэсний онцлог, өв соёлоо сэргээн хадгалж, хөхиүлэн дэмжиснээр тусгаар тогтнол, үндэсний бахархалаа нэг талаар хамгаалж чадна. Төрийн бодлого ч үүнд чиглэдэг. Гэхдээ ард түмэн ч гар хумхиад суух учиргүй. Ялангуяа олон угсаатны өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй гайхамшигт өв соёлыг сэргээх, хадгалан хамгаалж, өвлөн уламжилахад ястан угсаатан болгон сэтгэл оюунаа зориулах учиртай. Ингэж чадвал монгол үндэстний өв соёлын эх ундрага тасрахгүй.
Яг л их мөрөн болохын тулд булаг шанд, ус горхи нийлдгийн адил. Ийм нэг тасрашгүй эх булаг, ундрага бол урианхай түмний урлаг, соёл. Үүнийгээ энэ цаг үед хадгалан хамгаалахын тулд урианхай түмэн урлаг, соёл, спортын "Алтан хүрээ” наадмыг санаачлан зохион байгуулж ирсэн учиртай. Энэ наадмын утга агуулга нь угсаатныхаа урлаг, соёл, спортын олон төрлөөр өрсөлдөх, бие биенээсээ суралцахад оршдог.
-Наймдугаар наадам гэж байгаа. Урьд урьдын наадмууд хаана, хэрхэн болж байсан бэ?
-Өмнөх наадмууд урианхай иргэд олноор сууршсан Ховд, Баян-Өлгий, Орхон зэрэг аймагт болж байсан. Орон нутагт болдог байгаад ч тэр үү нийт монголчууддаа төдийлөн танил болж чадаагүй ч урианхайчуудын хувьд хүсэн хүлээдэг, гурван жил тутам уламжлал болон зохиогдож ирсэн наадам. Харин 2011 онд Эрдэнэт хотод болсны дараа нийслэл хотод оршин суудаг урианхай иргэдийн санаачлагаар 2014 онд Улаанбаатарт болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон. Ингээд өмнөх наадмаасаа дөрвөн жилийн дараа болох гэж байгаа нь энэ. Бидний зарим нөхөд хоёрдугаар сард уулзаж, хэлэлцэж байгаад энэ жил наадмаа заавал, гэхдээ нэлээд өргөн далайцтай хийхээр шийдэж, манай төрийн бус байгууллага зохион байгуулах ажлыг хариуцах болсон.
-Улаанбаатар хотод гэхдээ яагаад Цонжинболдог цогцолборыг сонгосон бэ?
-Энэ удаагийн наадам юуны өмнө нийслэл Улаанбаатарт болж байгаагаараа онцлог. Ялангуяа Цонжинболдог цогцолборыг сонгосон нь анхандаа тохиолдлын мэт боловч одоо бид ихэд билэгшээж байгаа. Зохион байгуулах комисс байгуулагдсан даруй наадмыг хотод хийх гурван газрын санал гарсан. Эхнийх нь Хүй долоон худаг, хоёр дахь нь Яармагийн дэнж, гурав дахь нь Цонжинболдог. Эхний хоёр хувилбарыг бодитой шалтгаануудын улмаас наадам хийх боломжгүй гэж үзсэн. Ингээд Цонжинболдогт хийхээр төлөвлөөд холбогдох байгууллага, хүмүүстэй уулзахад маш сайхан хүлээн авч, биднийг дэмжсэн. Одоо бид билэгшээдгийн учир Эзэн Бодгынхоо хөшөө дурсгалын дэргэд наадам хийж, мөнх хөх тэнгэрт ивээгдэх учиртай байж. Урианхай түмний өвөг дээдэс болох Сүбэдэй, Зэлмэ зэрэг өрлөг жанжид Эзэн Богдынхоо төлөө амь хайргүй зүтгэж, түүхэнд алдар гавьяагаа мөнхөлсөн байдаг. Иймээс бидний хувь заяа Эзэн Богд Чингис хаантай салшгүй холбоотой. Энэ бол билэгшээн үзэх нэг шалтгаан.
-Наадмын үндсэн зорилго юу вэ?
-Урианхай түмний ёс, зан заншил, өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлах, сэргээн хөгжүүлэхэд наадмын гол зорилго оршиж байгаа. Дээр хэлсэнээр, урианхай түмэн ингэж өөрийн гэсэн урлаг соёлоо хадгалж, хөгжүүлж байж гэмээн монгол үндэснийхээ соёлын баялаг сан хөмрөгийг өөрсдийнхөөрөө бага ч болов тэтгэх, монголоо гэсэн бахархал омогшлоо харуулах юм.
-Энэ жилийн наадамд олны сонирхол татах өөр ямар ямар онцлог зүйлс бий вэ?
-Энэ наадам зөвхөн урианхай түмэн чуулаад наадах төдий биш, монгол хүн бүр үзэж сонирхох, бидний өв соёлтой танилцах бүрэн боломжтой язгуур урлаг, соёлын наадам. Мөн гадны жуулчдын анхаарлыг зүй ёсоор татах монгол үндэстний язгуур соёл урлагийн нэг томоохон арга хэмжээ. Ийм ч утгаараа гурван өдрийн өргөн дэлгэр хөтөлбөртэй, баялаг агуулгатай болохоор төлөвлөгдсөн. Тухайлбал наадамд соёл урлаг, спортын үндсэн 11 төрлөөр ардын авьяастан, баг хамтлаг оролцож өрсөлдөх юм.
Нээлт ёслолын арга хэмжээ нь гэхэд баг болж ирсэн орон нутгийн урианхайчууд үндэсний хувцас, чимэг зүүсгэлтэйгээ, нум сумаа агсаж, нутаг нутгийн зан үйлийг илтгэсэн үзүүлбэртэй оролцох бол урианхай сурын харваа, үндэсний бөхийн барилдаан, аман зохиолын төрлүүд болох тууль, ерөөл магтаал, яруу цэцэн үгс, ардын уртын болон богинын дуу, ардын бүжгийн төрөл болох бий биелгээ, сугсарга, цацал, хөгжмийн зэмсгийн төрлүүд болох икэл, товшуур, аман хуур, хөөмий, исгэрээ, мөн үндэсний гар урлал, хувцас чимэглэл, эдлэл хэрэглэл, урианхай ястны тоглоом наадгайн хорол, үүчүүр, 100 цааст хөзөр зэрэг соёл урлагийн олон төрлөөр өрсөлдөнө. Бас нэг сонирхолтой үзүүштэй зүйл гэвэл манай наадмын арга хэмжээнд гал тахилгын зан үйл байгаа бөгөөд энэ зан үйлийг Монголын бөөгийн нэгдсэн эвлэл хариуцан ёс төртэй үйлдэхээр болсон. Энэ үеэр 250 бөө бөөлж, зан үйл үйлдэх юм. Энэ бол хэний ч хувьд ховор тохиох зүйл.
-Жуулчдын хувьд үндэсний их баяр наадмын өмнө үзэж сонирхох нэг сонрхолтой хөтөлбөр болох нь ээ. Жуулчдыг татах талаар ямар арга хэмжээ авч байна?
-Бид наадмын хөтөлбөр, танилцуулга зэргийг албан бичгээр хобогдох газруудад хүргүүлсэн байгаа. Алтан хүрээ наадмыг өргөн цар хүрээтэй болгох зорилгоор холбогдох яам, тамгын газар, мэргэжлийн байгууллагуудад бичиг хүргүүлсэн. Жуулчны хэд хэдэн компани бидэнтэй холбогдоод байгаа.
-Энэ наадмыг зохион байгуулахад хөрөнгө мөнгө их л зарах байх, яаж шийдэж байна вэ?
-Мэдээж хэрэг хөрөнгө их шаардлагатай ч соёл урлагийг дэмжих төрийн бодлого байгаа. Тиймээс холбогдох газруудад, албан тушаалтнуудад хандсан. Хямралын энэ хүнд үед төр засаг мэдээж төсөв гаргаж чадахгүй байгаа. Гэхдээ үйл ажиллагааг өөр хэлбэрээр дэмжиж байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй. Энэ наадам үндсэндээ урианхай иргэдийн өөрсдийнх нь сэтгэлийн дэм, хандиваар зохион байгуулагдаж байна. Угсаа гарвал нэгт бизнес эрхлэгч, сайхан сэтгэл хүмүүсийн хандив тусламж цугласаар байгаа. Мөн Цонжинболдог цогцолбор болон дэргэд нь байрладаг Ариг Монгол Хаад жуулчны бааз ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Томоохон компаниуд янз бүрийн хэлбэрээр туслалцаа үзүүлэхээ амлаж байна. Ер нь ийм соёл урлаг, олон нийтийн ажил ард түмний дэм тусаар л болдог.
-Урианхай иргэд ер нь одоо хаагуур хаагуур суурьшсан байна вэ? Хэр хүн ирж оролцох вэ?
-Наадмыг зохион байгуулахын тулд бид урианхай иргэд сууршсан орон нутгуудыг судалж, наадамд оролцох баг, хүмүүсийг зохион байгуулалтад оруулахаар тухай тухай орон нутгуудаар явж уулзалт хийсэн. Хамгийн анх наран ургах зүгээс буюу Хэнтий аймгаас уулзалтаа эхэлсэн. Урианхайчууд чинь Бурхан Халдунд нутгалж байсан түүхтэй. Дараа нь Улаанбаатар хотын Багануур, Налайх зэрэг дүүрэг, Хэнтий, Дархан, Орхон аймаг, Сэлэнгийн Зүүнхараа, Цагааннуур зэрэг зарим сумд, Говь-Алтайн гурван сум, Ховдын зарим сум, Баян-Өлгий аймгийн сумд зэргээр бараг 8000 км зам туулж явж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, салбар комисс байгуулж зохион байуулалтад оруулаад саяхан ирлээ. Одоо Хөвсгөл аймгийн хоёр сумаар очих дутуу байгаа. Мөн урианхай иргэд амьдардаг аймаг, орон нутгийн засаг захиргаанд албан бичиг хүргүүлсэн байгаа. Хилийн чандад БНХАУ-ын Шинжан Уйгарын хязгаар, ОХУ-ын зарим газарт байгаа угсаа нэгтнүүддээ урилга заллага хүргүүлсэн. Тэдний төлөөлөл ирвэл олон улсын шинжтэй ч арга хэмжээ болох төлөвтэй. Бидний тооцоолсноор 20 орчим баг 400 – 600 ардын авьяастан, оролцогч бүхий, үзэгч, төлөөлөгч, сонирхогчид нийлсэн нийт 5 мянга орчим хүн цуглсан наадам болно.
-Наадмын үйлчилгээ, үзвэрийн талаар тодруулбал?
Наадмын үеэр бэлэг дурсгал, үзвэр үйлчилгээ байх нь ойлгомжтой. Мөн худалдаа, үйлчилгээг ч төлөвлөөд байгаа. Наадам яаж болдог билээ тэр л байдлаар. Мөн хот хоорондын тээвэр үйлчилгээг зохицуулсан. Үзэж сонирхох иргэдийн аюулгүй байдал зэрэгт анхаарал тавьж ажиллах ажлын хэсэг ч гарсан. Танай сониноор дамжуулан нийслэлчүүд болон түмэн олондоо удахгүй монгол үндэстний нэг урианхай түмний урлаг, соёлын нэгэн өвөрмөц содон арга хэмжээ болно гэдгийг дуулгая.