|
Видео

Шинэ мэдээ

Х.Гэрэлчимэг: Балет миний амьдралын баганыг босгосон

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор гавьяат жүжигчин, балетчин Х.Гэрэлчимэгийг урилаа. Тэрээр "UB Ballet” урлагийн сургуулийг тэргүүлдэг бөгөөд ирэх сарын 5-нд анхны төгсөгчдөө хүлээж авахаар зэхэж байна.

Х.Гэрэлчимэг: Балет миний амьдралын баганыг босгосон

-Саяхан дэлхийн балетын одод Монголд чууллаа. "Welcome to Mongolia” тоглолтыг та үзэж амжив уу?

-Хараахан үзэж амжсангүй. Манай гавьяат Д.Алтанхуяг жил бүр дэлхийн шилдэг балетчдыг эх орондоо авчирдаг. Шинэ жилээр "Цөмөөхэй”-г тавьсан. Д.Алтанхуягийн авчирсан бүжигчдийн гүйцэтгэлийг манай уран бүтээлчид харж, суралцах хэрэгтэй. Манай гавьяат Ч.Ганчимэг л үзсэн зүйлдээ их дүгнэлт хийдэг юм. Тэр хөдөлгөөнийг тэгж хийх ёстой юм байна, туршиж үзсэн гээд л. Харин бусад нь жаахан залуудаад байх шиг байна.

-Үзэгчид Д.Алтанхуягийг сайн мэддэг. Түүнээс өөр дэлхийн том театруудад ажиллаж байгаа балетчин бийюү?

-Д.Алтанхуягийн ангийнхан бүгдээрээ гадаадад, ихэнх нь Японд ажиллаж байна. Балетын урлаг их үнэтэй. Бүх уран бүтээлч дэлхийн хэмжээний тайзан дээр тоглож, сайхан хувцас өмсч, хангамж сайтай амьдрахыг хүсдэг. Гадаадад ажиллаж байгаа бүжигчид ямар цалин авдаг билээ. Манайхаас тэс өөр ертөнц шүү дээ. Биднийг Теньжиний театрт тоглоход н.Лхагвасүрэн гээд Японд ажилладаг балетчин хамт явсан юм. Тэр хүний нүүрээ будсан байдал, гүйцэтгэл тэс өөр харагдсан. Харийн оронд байгаа бүжигчид маань эргээд эх орондоо ирдэг. Сурсан зүйлээ заадаг байгаасай л гэж хүсэх юм.

-Сургуулийнхаа анхны төгсөгчдөө хүлээж авах нь. Хэр догдолж байна?

-Манай сургуулийн анхны бие даасан уран бүтээл гэж ойлгож болно. Бэлтгэл ажил бараг дуусчихлаа. Бид тоглолтоо төгсөлт төдий биш мэргэжлийн уран бүтээлчид болж, боловсорсон  гэдэг утгаар нь чанартай хийхээр төлөвлөж, ач холбогдол өгч байна. Тоглолтын хувцсаа бүрэн шинэчилсэн. Заримыг нь Япон руу захисан. Гадуур балетын олон сургууль байдаг. Гэвч бид өөр зүйлийн төлөө тэмүүлж явна. Сургуулиа улам өргөжүүлж, "UB Ballet” балетын, хувийн театрыг байгуулахаар зорьж байна. Манай сургуулийн боловсон хүчин бүгд мэргэжлийнх. Гурав нь Орост боловсрол эзэмшсэн. Хоёр нь ДБЭТ-ын тэргүүн гоцлоочид. Бидэнд одоо туслалцаа, дэмжлэг л хэрэгтэй байна.

Х.Гэрэлчимэг: Балет миний амьдралын баганыг босгосон

Балетын урлагийн хүнд хэцүүг би ч ялгаагүй туулаад ирсэн.

 

-Санхүүгийн туслалцаа юу?

-Аливаа уран бүтээл санхүүжилтээр бүтдэг нь үнэн. Гэхдээ мөнгөнөөс илүү чин сэтгэлийн урам гэсэн сайхан зүйл байдаг даа. Биднийг сэтгэлээрээ дэмжиж, урам өгөхөөс илүү зүйл хүсэхгүй. Дандаа мөнгө гуйна гэж юу байх вэ. Манай сургуулийн сурагчид элссэн цагаасаа эхлэн ДБЭТ-ын тоглолтод оролцсоор ирсэн туршлагатай. Мөн хүн бүхэн мөрөөдөлтэй байж л амжилт гаргадаг. Охидоо энэ урлагт чин сэтгэлээсээ хайртай гэдгийг нь би мэднэ. Тэдний том нь 16, бага нь 15 нас хүрчихлээ. Анх ээж, аавдаа хөтлүүлээд, ирж байсныг нь тод санаж байна. Түүнээс хойш найман жил өнгөрчээ. Мөн аливаа зүйлийг сурахад өөрийнх нь хүсэл эрмэлзэл чухал. Зарим охин ээж, аавынхаа хүслээр балетаар хичээллэдэг. Энэ нь буруу. Балетын урлаг чин сэтгэлийг шаарддаг юм. Ээж, ааваараа биш харин өөрөө ээж, аавыгаа хөтөлж ирэх хэрэгтэй. Манай охид багаасаа балетын төлөө төрсөн хүүхдүүд шиг санагддаг. Найман жилийн хугацаанд бид бие биеэ ойлгож бараг нэг гэр бүл шиг болсон доо.

-Тоглолтод Японоос уран бүтээлчид ирж оролцоно гэсэн үү?

-Манай тоглолтод Японы "Sakamoto” балетын сургуулийн авьяастнууд оролцоно. Мөн "Түмэн эх” чуулгын эрэгтэй бүжигчид оролцохоор болсон. Тус театрын уран сайхны удирдаач н.Отгонсүрэн миний шавь байсан юм. Манай уран бүтээлд чин сэтгэлээсээ тусалж байгаад нь баярласнаа илэрхийлье. 

-Та Орост сурсан цөөхөн балетчны нэг. Тэр үеэ дурсаач?

-Би есөн нас хүрээгүй сургуульд явсан. Тэр үед урлаг гэж мэддэггүй, ойлгодоггүй байлаа. Тэр том сургуульд очоод, дуу хөгжим сонсч, гадаад хэл сурсан. Хүүхэд орчин тойрондоо дасахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Дөрөв дэх жилээсээ л дасч, арай гайгүй болсон доо. Анх "Үнсгэлжин” бүжгэн жүжигт оролцохдоо дэлхийн том тайзан дээр гарч байгаагаа ч ухаараагүй явсан. Харин 18 нас хүрэхдээ л ажил амьдралын төлөвлөгөө гаргах ёстой. Би ийм том сургууль төгсчихөөд юу хийх вэ гэж бодож билээ. Би нэг зүйлд жаахан эмзэглэдэг юм. Балетын урлагийг ахмад үегүйгээр төсөөлөхийн аргагүй. Ахмадууд байгаагүй бол Монголын балет ийм хэмжээнд хүрэх байсан уу. Гэтэл өнөөдөр дуурийн театр дандаа залуу үеийнхнээр дүүрч. Намайг анх ирэхэд ахмад багш, бүжигчид  зааж зөвлөдөг байсан учир бид тэр уламжлалыг таслахгүй авч ирсэн. Харамсалтай нь 1990-ээд оноос энэ уламжлал тасарсан. Дуурийн театрынхан ахмадуудаа хүлээж авъя гэхээр өнөө цагийн залуу үеийнхэн нь бараг таньдаггүй. Гэхдээ энэ уран бүтээлчдийн буруу биш л дээ. Театраас бодлогоор л зохицуулж, ахмад үеийнхэнтэй уулзуулж, зөвлөгөөг нь сонсч байх ёстой юм шүү. 

-Таныг их азтай гэж боддог юм. Учир нь анх балетчинаар ирэхэд тань Ю.Оюун гуай тосч авсан гэдэг?

-Намайг 1981 онд ирэхэд театр 60 гаруй уран бүтээлчтэй байсан. Тэр үеийг Монголын балетын урлагийн алтан үе гэж хэлж болно. Тухайн үед бүх сонгодог бүтээлүүдэд Ардын жүжигчин Ю.Оюун гуай бүжиглэдэг байлаа. "Хунт нуур”, "Жизель” гээд л. Таны хэлдгээр би азтай их азтай. Хүний амьдралд түших заяа гэж байдаг юм билээ. Анх театрын босгоор алхаад тэр мундаг балетчны бүх жүжигт дюблёр бүжигчнээр сонгогдсон юм. Энэ бол хүн бүхэнд тохиох аз биш.

Х.Гэрэлчимэг: Балет миний амьдралын баганыг босгосон

Охид минь анх найман жилийн өмнө аав, ээжээрээ хөтлүүлээд ирж байсныг одоо ч тод санаж байна.

 

-Таны анхны гол дүр юу байв?

-Анх тайзнаа "Хунт нуур”-ын цагаан хунд бүжиглэж байсан. Хар хунг нь манай ангийн охин бүтээсэн түүхтэй. Харин бүрэн хэмжээний, ганцаараа хийсэн уран бүтээл бол "Жизель”. Энэ бүжгэн жүжиг их зөрчилтэй. Нэгдүгээр үзэгдэл нь гэнэн охины хайр дурлал, сэтгэлгээг харуулах ёстой. Харин хоёрдугаар үзэгдэлд сонгодог гэдгийг дээд цэгт нь үзүүлэх ёстой.

-Сүнсний дүрд бүжиглэнэ гэхээр илүү мэдрэмж, авьяас шаардсан байх даа?

-Би ч ялгаагүй боддог байсан. Хүн байж яаж сүнс болж бүжиглэх юм бол гэж. Харин багшийнхаа хэлснээр хөгжмөө сонсоод, дүрээ мэдрээд эхлэхээр ойлгодог юм билээ.

-Таныг харьцангуй эрт тайзнаас буусан гэдэг юм билээ?

-Бүжигчин хүн гоё, сайхан бүжиглэж байсан үеэрээ л үзэгчдэд, өөртөө дурсамж үлдээх ёстой. Хүссэн хүсээгүй бид хөгширнө. Залуу охидын хажууд "эмээ” гэж хэлүүлэхийг хүсээгүй юм. Тэгээд ч том бүжгэн жүжигт  бүжиглэхэд жаахан хүндрэлтэй болж эхэлсэн. Хамгийн сүүлчийн тоглолтоо хэнд ч хэлээгүй. Зөвхөн өөртөө л энэ миний сүүлчийн тоглолт шүү гэж шивнэж байсан юм. Хамгийн бэлгэдэлтэй нь эхний бөгөөд эцсийн тоглолт минь  ч "Жизель” байж билээ. Тоглолтын дараа манай уран бүтээлчид төгс "Жизель” боллоо гэж урамшуулсан. Ингээд 1995 оноос багшилж эхэлсэн дээ. Энэ хугацаанд олон хун, Жизель бэлдсэн байна. Дуурийн театрын бүх гол дүрийг бүтээж байсан, бүтээсээр байгаа уран бүтээлчид миний гараар орсон байдаг. Шавь нараас минь гурван гавьяат төрлөө. Би тэднээрээ  бахархаж, баярлаж явна.

-Таныг театраас гарахад нэлээд хэл ам болсон. Хааяа гомдох, харамсах сэтгэл төрдөг үү?

-Би ДБЭТ-д бүжигчнээс нь эхлээд 30 гаруй жил ажилласан. Монголын дуурийн урлагийг өөд нь татаж, чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн төлөө чадлаараа зүтгэсэн гэж боддог. Бэлтгэлтэй үед шөнийн 03 цаг хүртэл нойроо хугаслан байж, тайз засч, хувцас тэврээд, бүжгийн хувцас гуйгаад гүйж явсан үе дэндүү олон бий. Гэхдээ хүн гомддог юм билээ. Үзмээр зүйл, охидтойгоо уулзмаар санагдах үе байдаг. Гэхдээ яагаад ч юм театрын хаалгаар алхаж орж чадахгүй л явна.

-Таныг их зарчимч, хатуу гэж ярьдаг. Ямар үед хамгийн уян зөөлөн байдаг вэ?

-Намайг нэг хэсэг "Төмөр хатагтай” болгосон шүү дээ. Би өндөр шаардлага тавьдаг минь үнэн. Гэхдээ балетын урлагийн хүнд хэцүүг би ч ялгаагүй туулаад ирсэн. Түүний ард гарч байж, театрын тэргүүн гоцлооч болдог юм. Би уран бүтээлийн явцад тэр хүнд мэргэжлийн шаардлага тавьдаг. Харин заалнаас гараад энгийн харилцдаг. Бүжигчдийнхээ бэлтгэ­лээс болоод уйлж байхыг хараад дотроо өрөвдөх, шаналах сэтгэл төрөлгүй яахав. Тоглолтынх нь өмнө очоод сэтгэлийг нь тайвшруулж, урам өгөхийг хүсдэг. Балет үзэгчдийн нүдэн дээр байдаг урлаг. Тиймээс  тэднийг хуурч, тайзан дээр халтуурдаж болохгүй шүү дээ. Бэлтгэл муутай бүжигчинг бүжиглүүлээд алдаа гаргачихвал Монголын балетын нэр л унана. Магадгүй өнөөгийн залуус загнуулахыг хүсэхгүй бол 100 хувь гүйцэтгэлээ хийчих. Тэгвэл асуудалгүй.         

-Балет таны амьдралд, хувь хүнд тань юу өгсөн бэ?

-Балет миний амьдралын баганыг босгож өгсөн. Аливаа зүйлийг эхлүүлсэн бол дуусгаж чадах сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг суулгаж дээ. Миний бүтээсэн дүрүүд хувь хүндээ олж авсан хамгийн том ололт юм. Би балетгүйгээр хэн гэдэг хүн, хаана явж байх байсан бол. Үнэндээ төсөөлөхгүй байна. Нэг хэсэг гэртээ суух гэж оролдсон ч бүтээгүй. Байнгын хөдөлгөөнтэй байдаг хүн зүгээр сууна гэдэг хэцүү юм билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Х.Гэрэлчимэг: Балет миний амьдралын баганыг босгосон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler