|
Видео

Шинэ мэдээ

Аль Пачино: Би дахин давтагдашгүй хүн

"Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеоны дүрээр кино урлагт мөнхөрсөн жүжигчин Аль Пачиногийн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Тэрбээр 1993 онд дэд хурандаа Фрэнк Слейдын дүрээрээ Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн ба "Алтан бөмбөрцөг”-ийн таван удаагийн эзэн юм. Энэ жил 74 настай домогт жүжигчин Аль Пачино гучин насандаа хар тамхины хордлогод орсноо нууж байгаагүй ч гэр бүлийн амьдралаа сэтгүүлчдээс хамгийн их нууцалдаг аж.

 

-Та олон жил гангстерын дүр бүтээсэн. Магадгүй энэ дүр таны хувь хүний зан төлөвт нөлөөлсөн байх?

 

-Би олон кинонд дүр бүтээсэн. Яагаад ч юм бэ миний тоглосон мафийн тухай кинонууд үзэгчдэд илүү хүрдэг. "Нээрэн ч надад сайн залуугийн дүрээс илүү гангстерын төрх зохиодог юм болов уу” гэж би зуугаас ч олон удаа бодсон шүү. Би хэзээ ч хувь хүний зан төлөвөө киноныхоо дүртэй холихыг хүсдэггүй. "Аль Пачино бол цор ганц учраас чиний зан ааш ч гэсэн дахин давтагдашгүй байх ёстой” гэж би өөртөө хэлдэг. Мөн миний тоглосон киног үзэж буй үзэгчдэд танил төрх харуулахыг хүсдэггүй. Өөрөөр хэлбэл, би болон миний бүтээсэн дүр бүхэн цор ганц байдаг.

 

-Хамгийн хайртай дүрээ нэрлээч гэвэл алийг нь онцлох вэ?

 

-Би залуудаа бүтээсэн дүрүүддээ хайртай. Учир нь, дотоод сэтгэлдээ тэдгээр дүртэйгээ одоо ч гэсэн зөрчилддөг юм. Хайртай дүр гэвэл "Чухал хүмүүс”, "Ричардын эрэлд”, "Саломей Уайлд” зэрэг киног нэрлэж болно.

 

-"Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеоны дүрдээ хайргүй гэж үү?

 

-Үнэндээ би Майклын дотоод сэтгэл, дүрийн утгыг өнөөдөр ч бүрэн тайлаагүй явна.

 

-Алдартай эрэгтэй жүжигчид нас ахих тусмаа гэр бүлийн, инээдмийн кинонд дүр бүтээдэг. Аль Пачинод тийм бодол төрдөг үү?

 

-Тийм бодол хэзээ ч төрж байгаагүй.

 

-Та "Эмэгтэйчүүдийн үнэр” киноны нэгэн хэсэгт танго бүжиглэдэг. Ер нь та бүжиглэх дуртай юу?

 

-Би хорин жилийн өмнө "Эмэгтэйчүүдийн үнэр” кинонд дэд хурандаа Фрэнк Слейдын дүрийг бүтээх үедээ танго бүжиглэж сурсан. Киноны зураг авалт дуусч би танго бүжгийн хөдөлгөөнийг мартсан юм. Олон хүн жүжигчдийг бүтээсэн дүр шигээ гэж боддог. Үнэндээ тэд бол дүрээсээ тэс ондоо хүмүүс байдаг. Саяхан надаас "Танд гар буу бий юү” гэж асуусан. Харин би "Гар буу киноны кадрт л үлдсэн. Би биедээ нэг ч зэвсэг авч явдаггүй” хэмээн хариулсан. Аль Пачино зэвсэг огт сонирхдоггүй. Тэр буунаас айдаг гэвэл олон хүн гайхах биз. Гэвч энэ бол үнэн шүү. Би кино зураг авалтын үеэр буу шагайхдаа их айдаг.

 

-Ямар далдын хүч таныг хагас зууны турш кино урлагт үнэнч хэвээр үлдээв?

 

-Миний сонирхлыг киноноос өөр юу ч татаж байгаагүй. Хэрвээ би өөр зүйлд өчүүхэн ч гэсэн сатаарсан бол урам зориг аль хэдийнэ бөхөх байсан.

 

-Энэ их эрч хүч таны хаанаас ундардаг юм бэ. Ер нь та өөрийгөө хэдэн настайгаар төсөөлдөг вэ?

 

-Би энергийн тухай судалж байгаа. Өөрийн дүгнэлтэд хүрээд танд хариулъя. Насны тухайд өөрийгөө "Насанд хүрээгүй” гэж хариулъя. Толинд харах бүртээ "Аль Пачино, чи энэ хархүүг таньж байна уу” гэж асуудаг. Ер нь хүн өөрийгөө хэдэн настайгаар төсөөлөхөөс их зүйл хамаардаг.

 

-Та кино зураг авалтын талбайд чөлөөтэй байхдаа юу хийх дуртай вэ?

 

-Ном унших дуртай. Саяхан Эдвард Робинсоны намтрын номыг уншсан.

 

-Яагаад та өөрийнхөө намтрыг бичдэггүй юм бэ?

 

-Сайхан санаа ч надад намтраа бичих боломж олддоггүй.

 

-Жүжигчин Роберт Де Ниро та хоёр нэгэн цаг үеийн алдартнууд. Яагаад ч юм бэ та хоёрыг хувь заяаны найзууд гэлтэй?

 

-Боб миний хамгийн сайн найз. Би түүнд хайртай. Залуу байхад биднийг сайхан залуусаар тодруулж, сэтгүүлүүд нүүр хуудсаа чимж, магтаалаар булж байсан. Одоо биднийг хөөсөн ч гомдохгүй гэж бид уулзахаараа ярилцдаг юм.

 

-Таны хувийн амьдрал хөшигний ард өрнөдөг. Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?

 

-Би хоёр эхнэрийн гурван хүүхэдтэй. Том охин минь 25 настай, найруулагч мэргэжилтэй. Ихэр хөвгүүд минь 13 настай. Би зул сарын баяраар хүүхдүүдээ төрөлх хот Өмнөд Бронкс руу дагуулж явна. Тэнд хүүхэд байхдаа амьдарч байсан ядуусын хорооллоо үзүүлэх бодолтой байна. Хүүхдүүд минь хаанаас ирснээ мэддэг байх ёстой. Нью-Йоркийн тансаг харш юу ч биш гэдгийг тэд ойлгох хэрэгтэй. Ингэсний эцэст тэд намайг илүү ойлгож, хайрлах болно.

 

-Шагнал гардуулах нэгэн ёслолын үеэр залуухан жүжигчин бүсгүй таныг "Бурхан” гэж нэрлэснийг хэрхэн хүлээж авсан бэ?

 

-Би тэр ёслол дээр байсан. Хүн өөрийнхөө үзэл бодол, сэтгэл хөдлөлөө яаж ч илэрхийлж болно. Хэрвээ залуухан байсан бол энэ үгэнд хөөрцөглөх байсан биз.

 

-Театрын жүжигчнээс кино урлаг руу уравсан шалтгаан тань юу байв?

 

-Миний жүжигчний замнал театраас эхэлсэн. Тухайн үед театр миний амьдралын хэв маяг байв. Нэгэн нэртэй жүжигчин эр надад кино жүжигчин болохыг санал болгосон юм. Би ч "Яагаад болохгүй гэж. Үзээд алдъя” гэж бодоод кино урлагт хөл тавьсан. Надад хэцүү зүйл тохиолдсон, сэтгэл түгшсэн үедээ би театрыг зорьдог.

 

-Танд бүтээхийг хүсдэг дүр бий юү?

 

-Би амьдралынхаа турш Наполеон Бонапартын дүрийг бүтээхийг хүссэн. Одоо ч хүсдэг.

Д.Болд

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler