![]() |
Налайх хотын Захирагчийн сонгуулийг маргааш дахин явуулна
Налайх хотын Захирагчийн сонгууль өнгөрсөн ням гаригт болсон ч ялагчийг тодруулж чадсангүй. Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23 215 сонгогч бүртгүүлж, нийт сонгогчдын 51 хувь нь саналаа өгчээ. Хотын захирагчийн сонгуульд найман хүн нэр дэвшсэн бөгөөд 50 хувиас илүү санал авсан нь хотын захирагч болох ёстой. Гэвч нэр дэвшигчдээс хэн нь ч энэ босгыг давж чадаагүй байна. Энэ талаар Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооны дарга О.Манарбекээс тодрууллаа.
-Сонгуулиар хотын захирагчаа сонгож чадсангүй. Тэгэхээр дахин сонгууль явуулах уу?
-Нэр дэвшигчдээс 50 хувийн санал авсан хүн байхгүй учраас хуульд заасны дагуу хамгийн их санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулахаар боллоо.
-Хамгийн их санал авсан хоёр нь хэн гэдэг нэр дэвшигч вэ. Тэд хэдэн оноо авсан бэ?
- Налайх дүүргийн ИТХ- аас нэр дэвшигч Ш.Хаан 30.9, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү 20.3 хувийн санал авсан. Тиймээс энэ хоёр хүнийг дахин нэр дэвшүүлнэ.
-Дахин санал хураалт хэзээ явуулах вэ?
-Зургадугаар сарын 18- ны пүрэв гаригт 07.00-22.00 цагийн хооронд дахин санал хураах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.
-Дахин сонгууль явуулахад төсөв хөрөнгөөс эхлээд зарлага нэмэгдэх үү?
-Энэ удаа төсөв мөнгө гайгүй, бичгийн цаас, хор зэрэг бага сага зардал гарах байх. Дашрамд, нэр дэвшигч Д.Батбаатар 16.7, Д.Цогоо 9.9, Н.Мандуул 5.2 хувийн санал авчээ. Мөн Б.Ганболд 4.4, Г.Болдбаатар 2.9, VII хорооны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшигч Б.Баяндэлгэр 9.3 хувийн санал авсан байна.
М.АЛТАНЦЭЦЭГ
![](/templates/kingnews/images/logo.png)