| |
Ч.Сайханбилэг гомдол гаргавал хариуцлага хүлээлгэнэ
"Гал үндэстэн холбоо” болон орон нутгийн иргэдийн төлөөлөл зарим ТББ-ын төлөөлөл өчигдөр Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийсэн юм. Харин энэхүү үйлдлийг нь буруушааж, хариуцлага тооцохыг шаардаж буй иргэд сошиал сувгаар сэтгэгдэлээ хуваалцсаар байгаа юм.
Харин энэ хүмүүст хариуцлага тооцох үндэслэл байгаа эсэхийг цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий сайд иргэн хүнийхээ хувьд миний нэр төрийг олон түмний дэргэд гутаан доромжилсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргавал шалгана” гэх тайлбар өглөө.
Ерөнхий сайд гомдол гаргавал эдгээр иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110-т зааснаар доромжлох гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах юм байна. Тус зүйл ангид бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм байна.