|
Видео

Шинэ мэдээ

Огторгуйн нүхнүүд

Сансар огторгуй хэмжээлшгүй, нууцлаг, аймшигтай бас гайхамшигтай. Тэнд амьд биетийг тээвэрлэж, гэв гэнэт алга болгож, эсвэл өөр хэмжээст орон зайд шилжүүлж чадах үзэгдлүүд бий гэх. Хэрэв хар нүхэнд орвол сэмэрч урагдана. Өтний нүхэнд орвол орчлонгийн тэс өөр орон зайд илгээгдэнэ. Харин цагаан нүхэнд ойртвол хүчтэй түлхэгдэн гарна. Огторгуйн эдгээр нүхнүүдийн тухай ойлголт анх Эйнштейний харьцангуйн онолоос үүдэн гарсан юм.


Галактикийн дотор олзоо хүлээн хэвтэх энэрэлгүй мангас мэт, ойртон ирсэн юуг ч болов залгиж, ор мөргүй устгах аймшигт бүс бий. Тэр бол огторгуйн хамгийн нууцлаг, эвдэн сүйтгэгч үзэгдэл болох ХАР НҮХ юм. Хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг л удаа сорогдсон бол хэзээ ч эргэн гарахгүй. Мөн нэрнийхээ адил хар учир түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй. Гэхдээ сансрын биетийг сорох явцад ялгарах их хэмжээний рентген туяагаар нь таниж болoх бөгөөд эрдэмтэд олон жилийн хугацаанд хийсэн судалгааны үндсэн дээр хар нүх оршин байгааг нотлож, олноор илрүүлээд байна.


Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг. Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна. Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5-30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзлэдэг. Ийм хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үзэж байна.

Нөгөөх нь нарнаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна. Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ. Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх "хоол тэжээл"-ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.

Хүн хар нүхэнд сорогдвол (унавал) юу болох вэ гэдэг нь бидний сонирхлыг ихээхэн татдаг. Хэрэв хүн од хэлбэрийн хар нүхэнд сорогдвол толгой, хөлд нь өөр өөр хүндийн хүч үйлчлэх учир гоймон мэт уртсана. Эцэстээ биеийнх нь атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар төгсөх болно. Харин хэт аварга нүхэнд сорогдвол сунах процесс арай сүүлд тохионо. Хүн ийм хар нүхний ёроол (singularity)-д хүрэх хүртлээ хүндийн хүчийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл жингүйдэж унах явцаа ажиглах боломжтой. Харин хар нүхний ёроолд хүрсний дараа нарийсан сунаж, нийтлэг төгсгөлөө угтах болно.

Хар нүхийг илрүүлэхэд амаргүй байдаг нь түүнийг бидний хажууханд оршин байж болох магадлалыг давхар заадаг. Иймд дэлхий, нарны аймаг биднийг мэдээгүй байхад ямар нэгэн хар нүхэнд ойртож, сорогдох гэж байгаа мэт болгоомжлол үүсгэнэ. Гэхдээ хар нүхэнд ойр байрлах ихэнх одод оршин тогтнох хугацаандаа түүнийг тодорхой зайд тойрон эргэх боловч сорогддоггүй. Харин хоорондын зай нь хэт ойртвол зайлшгүй төгсгөлд хүрнэ. Эрдэмтэд хар нүхэнд сорогдох зайн хязгаарыг 160 мянгаас 16 тэрбум км хэмээн тооцоолжээ.

Одод, тоосонцор, сансрын бусад биетээс гадна хоорондоо хэт ойртсон хар нүхнүүд ч нэг нэгнээ эрхшээхээр тэмцдэг. Эхлээд нэгнийхээ татах хүчнээс хагацаж чадалгүйгээр эргэлдэн бүжиглэх мэт хөдөлгөөн хийнэ. Харин энэ үед хоорондоо аажим ойртож, улмаар нэгдэхэд хүрдэг. Хар нүхнүүд нэгдэх үед чулуу шидэхэд усны гадарга дээр үүсдэгтэй төстэй хэлбэр бүхий их хэмжээний хүндийн хүчний долгион сансарт тархдаг. Эрдэмтэд хар нүхний нэгдэл цөөнгүй тохиолддог гэж үздэг бөгөөд түүнийг илрүүлэх төхөөрөмжийг бүтээж байна. Уг төхөөрөмж хүндийн хүчний долгион дайран өнгөрөх үед дүүжлэгдсэн толинд ажиглагдах үл ялиг хөдөлгөөнийг лазераар хэмжих зарчмаар ажиллана. Мөн цаашид адил зориулалт бүхий ЛИСА (LISA ) төхөөрөмжийг сансарт хөөргөхөөр төлөвлөжээ.


Хар нүхний нэгдэл зөвхөн 2 хар нүхээр хязгаарлагдахгүй. 2007 оны 1-р сард Америк, Европын ажиглалтын хиймэл дагуул 1 тэрбум гэрлийн жилийн зайд орших 3 хар нүхийг ажиглажээ. Гэвч энэ нь бодит байдалд аварга хар нүхнүүдийн энергээр тэжээгдэн, гэрэлтэх аварга биет хэмээн төсөөлөгдөж буй квазар байв. Уг квазар дахь 3 хар нүх хэдийгээр хоорондоо 100-150 мянган гэрлийн жил буюу сүүн замын өргөнтэй бараг тэнцүү зайд байрлах боловч энэ нь тун ойрхон гэсэн үг юм. Иймд тун удахгүй нэгдэх хөдөлгөөнд орно хэмээн эрдэмтэд таамаглаж байна. 3 хар нүхний хүндийн хүчний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр нэг нь шидэгдэн одох бол үлдэх хоёр нь нэг нэгнээ тойрон эргэж, нэгдэх ажээ.

Хар нүхний хамгийн том нууц нь түүний ёроолд болж буй үзэгдэл юм. Зарим эрдэмтэд энэ нууцыг хэзээ ч тайлах боломжгүй гэж үздэг. Учир нь хар нүхэнд унасан хэн ч, юу ч эргэн гарч ирж чадахгүй. Хэрэв хар нүх маш жижиг хэмжээтэй бол харьцангуйн онол болон квант механик нэгэн зэрэг үйлчлэх боломжтой. Эрдэмтэд хар нүхний тооцоололд квант механикийг ашигласнаар зөвхөн юмсыг сордоггүй байж болохыг тогтоожээ. Гэхдээ ийм хар нүх нь од хэлбэрийн болон аварга хар нүхтэй харьцуулахад хамаагүй жижиг байх ёстой. Алдарт физикч Стивен Хокинг бичил хар нүхнээс дулаан ялгарна гэж үзжээ.

Хокингийн цацаргалт хэмээн нэрлэгдсэн уг үзэгдлийн нөлөөгөөр бичил хар нүх ууршиж алга болох ёстой. Энэ нь түүнд сорогдсон зүйлс эргэж гарч ирэхгүйгээр мөн адил алга болно хэмээн дүгнэхэд хүргэнэ. Гэтэл квант механикийн хуулиар биет ор мөргүй устах тохиолдол байх ёсгүй гэдэг нь физикийн салбарын эрдэмтдийн үзэл санааг хоёр хэсэгт хуваагдахад хүргэжээ. Эхний бүлэг эрдэмтэд Хокингд итгэж байгаа бол нөгөө хэсэг нь тооцооллыг дахиж нарийвчлан хийх ёстой гэж үзэж байна. Гэхдээ бодит байдалд хар нүхэнд сорогдсон зүйлс хаачдаг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Тэгвэл Швеицарь улс дахь ЕЦСБ-ын Адроны Аварга Хурдасгуурын тусламжтай хийж буй орчлонгийн зүй тогтлыг тодорхойлох судалгаа бичил хар нүх үүсгэх нөхцөл бий болгож байна. Бөөмсийн мөргөлдөөнөөс үүсэх их хэмжээний энерги зарим тохиолдолд бичил хар нүхийг үүсгэх боломжтойг тогтоожээ. Үүссэн даруйдаа ууршин замхрах ёстой ийм бичил хар нүх квант ертөнц дэх хүндийн хүчийг илрүүлэхэд туслах найдлага төрүүлж байгаа боловч нөгөө талаас дэлхийг сорж, устгана хэмээх айдсыг бий болгож байна.

Бичил хар нүхэнд хамааралтай айдас өмнө нь ч гарч байжээ. 2001 онд Нью-Иорк мужын Брүүкхэвн Үндэсний Судалгааны Төвд бөөмсийг гэрлийн хурдны 99.9%-д хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх туршилтын үед үүсэх бичил хар нүх аюулгүй гэдгийг нотлон харуулах зорилгоор судлаачдыг урьж байсан байна. Үнэндээ дэлхийн гадаргаас хөөрөх сансрын хөлгүүд бичил хар нүхнээс илүү их энерги ялгаруулдаг. Мөн лабораторт хийж буй туршилттай адил бөөмсийн мөргөлдөөн сансар огторгуйд үргэлж тохиолдож байдаг тул тэдгээрээс үүдэлтэй бичил хар нүхний аюул үгүй гэдгийг эрдэмтэд нотлож байна.

Сансар огторгуйн хаашаа ч зорчиж болох тээврийн үйлчилгээ бий гэгддэг. Тэр нь асар өндөр хүчин чадалтай пуужин биш, харин дөт зам болгон ашиглаж болох онолын туннел ӨТНИЙ НҮХ юм. Энэ нэршил нь алимны нэг талаас нүхлэн идэж, нөгөө талаар гарч ирэх өтнөөс үүдэлтэй ажээ. Хэрэв гэрлийн хурдаар хурдалвал Адагчуулганы мананцар хүрхэд 600 мянган жил шаардагдана. Тэгвэл өтний нүхээр энэ зайг хормын төдийд л туулна. 1930-аад оны үед Эйнштэйн судалгааний найз Нэйтан Розэнтэй хамтран хийсэн тооцооллын үр дүнд галактикуудыг холбосон хоолой байж болохыг тогтоожээ. Үүнийг Эйнштеин-Розэний гүүр буюу өтний нүх гэдэг.


Хэдийгээр Эйнштейн өтний нүхээр сансрын аялал хийж болно гэж шууд хэлээгүй ч түүний бүтээсэн онол уг үзэгдлийг байж болно гэдгийг илэрхийлдэг. Өтний нүх нь хүндийн хүчийг тайлбарласан харьцангуйн онолын тэгшитгэлийн үр дүнгийн нэг бөгөөд орон зай, цаг хугацааны хэмжээсийн янз бүрийн цэгийг хооронд нь холбох энэ үзэгдэл хар нүхний судалгаанаас үүдэлтэй ажээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл өтний нүх оршин байгааг бодит ажиглалтаар тогтоож чадаагүй учир онолын таамаглалаас хэтрэхгүй. Онцлог нь өтний нүх маш тогтворгүй болохыг 1960-аад оны үе хүртэл хийсэн тооцооллын үр дүн харуулснаар тухайн судалгаа зогсонги байдалд оржээ. Тунел хэлбэрийн хоолой хэсэг хугацаанд үүсэх боловч доторхи (хэрэв орсон бол) юмсын хамт тэр дороо эвдэрч, устдаг байна.

1980-аад оны эцсээр Контакт хэмээх уран зөгнөлт кино гарчээ. Нэрт одон оронч Карл Сэганы зохиолоор бүтээсэн уг кинонд өтний нүх сансрын аялалын хэрэгсэл болох боломжтой тухай өгүүлжээ. Хэдийгээр зөгнөлт зохиол боловч физик үндэслэлтэй дүрслэл нь өтний нүхний талаархи судалгааг идэвхжүүлэхэд нөлөөлсөн байна. Эрдэмтэд Эйнштейний тогтворгүй өтний нүхнээс өөр, тээврийн хэрэгслийн зориулалтаар ашиглах нүхийг хайж эхэлснээр цоо шинэ эгзотик бодисын тухай ойлголтыг бий болгосон байна. Энэ нь сөрөг (негатив) энерги хэмээх эсрэг шинж чанарыг агуулж, өтний нүхийг тогтворжуулах нөлөө үзүүлнэ.

Гэхдээ өтний нүхний цаад талд ямар аюул угтаж байгааг онолын хувьд тодорхойлоход тун хүндрэлтэй юм. Магадгүй огторгуйн хамгийн аюултай бүстэй холбогдож, аварга хар нүхэнд хүргэж болно. Мөн өтний нүхний бүтцийн тухай ямар ч ойлголт алга байна. "Өтний нүхний инээмсэглэл" хэмээгдэх квант механикийн үзэгдлийн үр дүнд хөөс мэт гарч ирж, алга болох онолын бодис орчлонгийн хаа нэгтээ байх ёстой, аялалын зорилгоор ашиглаж болох өтний нүх энэхүү квантын хөөсний хувирсан хэлбэр, түүнийг ашиглан өтний нүхийг зориудаар үүсгэж болно хэмээх таамаглал ч бий. Хэдийгээр өтний нүх үүсгэх төхөөрөмж бидний төсөөлөлд ч байхгүй боловч түүгээр орон зай, цаг хугацааны аялал хийх боломжийг эрдэмтэд үгүйсгэдэггүй.

Цаг хугацааны машины тухай ойлголт 50 гаруй жилийн өмнөөс зөгнөлт зохиолд орж иржээ. Гэрлийн хурданд дөхөх, мөн хүндийн хүч их байх тусам цаг хугацаа харьцангуйгаар удааширдаг гэдэг нь харьцангуйн онол болон бусад бодит ажиглалтуудаад нотлогддог. Энэ нь хүний ирээдүйд аялах боломжийг харуулдаг. Тэгвэл бид өнгөрсөнд аялж, түүхийг өөрчилж чадах уу. Хэрэв нэгэн өтний нүх оршин байгаад нэг үзүүр нь дэлхийн ойролцоо, нөгөө нь Сүүн замын төвд байна гэе. Нүхний үзүүр буюу тунелийн төгсгөлүүд цаг хугацааны хувьд өөр өөр. Гэхдээ өтний нүхэн дотроос харвал хоёулаа адил харагдана.

Ийнхүү өтний нүхний гадна болон дотор талаас харсан цаг хугацааны өөр өөр байдал нь түүнийг цаг хугацааны машин хэлбэрээр ашиглаж боломжтойг харуулна. Хэрэв та өнөөдөр өтний нүхээр орвол нөгөө талд нь хэдэн зуу, магадгүй мянган жилийн өмнө очино. Гэхдээ өнгөрсөнд очих аялал олон тооны зөрчил үүсгэдэг бөгөөд төлөөлөх нэг жишээ нь "өвөөгийн парадокс" юм. Хэрэв өнгөрсөнд очоод өөрийнхөө өвөөгийн амь насанд халдвал өөрийнх нь аав төрөхгүй, өөрөө ч төрөхгүй, тэгэхээр өнгөрсөнд буцаж очихгүй болно. Эсвэл өнгөрсөнд очиж өөрийнхөө 18-тай настай ээжтэйгээ аавынхаа оронд уулзана гэж төсөөлвөл шийдэх аргагүй будлиан болно.

Юутай ч гэв гэнэт танай хаалгыг танихгүй нэгэн тогшоод би таны хэдэн үеийн ач, гуч байна гэвэл аль болох тааламжтай харьцахыг хичээх хэрэгтэй болохнэ. Тэр цаг хугацааны машин бүтээгдсэн алс ирээдүйгээс ирсэн нэгэн байж ч магадгүй. Гэхдээ өнгөрсөнд аялсан ч нэгэнт болоод өнгөрсөн түүхийг өөрчлөх боломжгүй гэсэн үзэл одоогийн байдлаар ноёлж байна. Мөн зарим эрдэмтэд цаг хугацааны машины зориулалтаар ашиглах тохиолдолд өтний нүх өөрөө эвдэрнэ гэж үзэж байна. Өтний нүх хоёр өөр цаг хугацааг холбох үед маш хүчтэй цацраг туяа ялгарч нүхийг устахад хүргэнэ. Энэ нь өнгөрсөнд очиж, зөрчил үүсгэхгүй байлгах ертөнцийн зохилдлого буюу байгалийн өөрийнх нь хориглох үйлдэл мэтээр төсөөлөгдөнө.

Хар нүх бүхнийг сорж, залгидаг бол түүний эсрэг бүхнийг түлхэж, нулимдаг ЦАГААН НҮХ байх ёстой хэмээх таамаглал мөн харьцангуйн онолоос үүджээ. Цагаан нүхэнд хар нүхний юмсыг сорох үзэгдлийн бичлэгийг буцааж ухраасантай адил үзэгдэл ажиглагдана. Эрдэмтэд их хэмжээний энерги ялгаруулах квазар анх нээгдэх үед цагаан нүх байх гэж таамаглаж байжээ. Хэрэв цагаан нүх үнэхээр оршин байсан бол орчлон ертөнцийг үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байх ёстой гэж үздэг. Их тэсрэлтийн өмнө орчлон асар их нягттай сингуляр цэг байсан гэдэг. Хэрэв түүнийг цагаан нүх байсан гэж үзвэл их тэсрэлтийн шалтгааныг тун хялбар тайлбарлаж болно. НАСА богино долгионы WМAP хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын үлдэгдэл цацрагийг судлаж, орчлон ертөнц огцом тэсрэлтийн хамт үүссэний нотлогоог илрүүлсэн билээ.


Мөн савангийн хөөс мэт бөөгнөрсөн олон орчлон ертөнц оршин байгаа, хөөс хагарч хуучин ертөнц мөхдөг бол шинэ хөөс үүсч шинэ ертөнц төрөн гардаг хэмээх олон ертөнцийн онол бий. Хиймэл дагуулуудын мэдээллүүд энэхүү онолтой зарим талаар таардаг. Үнэхээр олон ертөнц оршин байна уу, тэдгээр нь цагаан нүхнээс үүсдэг үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Онолоор цагаан нүх маш эмзэг, хар нүхний нөлөөгөөр хялбар алга болдог учир урт насладаггүй гэж үздэг. Эрт дээр үед нэгэн цагаан нүх байгаад бидний орчлонг үүсгэсний дараахан устаж алга болсон байж магадгүй. Баттай биш ч магадлал бий. Бас хар нүх анх магадлал төдий байсныг ч мартаж болохгүй билээ.

эх сурвалж; The Universe TV series 2007
                      http://robomec.blogspot.com/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler