| |
Эхнэрээ уурхайн нүхэнд булсан байжээ
Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхайн цооногоос өнгөрсөн пүрэв гаригт 19 настай С-ийн цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлахаар Налайх дүүрэгт очсон юм. Налайх дүүрэгт гарсан онц ноцтой хэргийн талаар иргэд янз бүрээр ярих аж. "Талийгаач эмэгтэйг нөхөр нь хөнөөчихөөд нүхэнд булчихсан байна. 2011 онд уурхайн нүхэнд 40 гаруй насын эрэгтэйн амийн хөнөөгөөд булчихсан байсан. Тэр хүнийг хөнөөсөн хэрэгтэн одоо болтол олдоогүй байгаа” гэх мэт зүйлсийг ярьж байлаа. Налайх дүүргийн зүүн урд хэсэгт орших уурхай руу явлаа. Уурхайн ажилчид ажлаа эхэлсэн байв. Нам гүмхэн байсан нүүрсний уурхайнууд хөл хөдөлгөөнд оржээ. Залуус уурхайн цооногийн шороог цэвэрлэх, нуранги болохоор сэргийлж тулгуур мод хийж байлаа. Хүмүүсээс сурагласаар хэргийн газарт очив. Налайх дахь нүүрсний уурхайн захиргаа байсан байрны балгасаас зүүн урагш зүгт, хүний хөлөөс нэлээд зайдуу байх 4-5 метрийн гүн нүхнээс талийгаачийн цогцос олджээ. Талийгаач эмэгтэйн цогцос гарч ирсэн нүхнээс хэдэн жилийн өмнө нүүрс гарах эсэхийг турших зорилгоор ухаж, нүхэлж байсан бололтой харагдав. Нүхний хажууд хоёр том овоолсон шороо байх ажээ. Хэргийн газар Налайхын урд хэсгийн уурхайнуудад хүрэх замаас ердөө 30 хүрэхгүй метрийн цаана байх ажээ. Тэр хавиар явж байсан хүмүүсийн хэлж буйгаар цагдаа нар "Портер” маркийн ачааны машинаар нүүрс зөөдөг залууг гавлаад ирчихсэн байсан. Тэгээд нүх болгоныг шагайж үзэж байгаад нэг нүхэн дээр өдөржин болсон. Тэндээс эмэгтэй хүний цогцос олдсон юм байна лээ” гэх мэдээллийг өгөв.
"Хоолойг нь боочихсон чинь ухаан алдаад дахиж сэргээгүй”
Ингээд албаны эх сурвалжаас хэргийн талаарх мэдээллийг авсан юм. Өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн цэргийн хэлтэст ажилладаг Э гэх иргэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн өргөдөл өгсөн байна. Тэрбээр "Манай охин гэрээсээ гараад ор сураггүй алга болчихлоо. Хамгийн сүүлд ээжтэйгээ утсаар холбогдоод хотоос автобусанд суугаад гарч байна. Удахгүй очно гэж хэлсэн байсан. Гэтэл тэр шөнөдөө ирж хоносонгүй. Найзуудаас нь асууж үзсэн бүгд мэдэхгүй гэж байна. Өмнө нь хэл өгөлгүй гадуур огт хонож байгаагүй” гэх утга бүхий өргөдөл өгсөн байжээ. Иргэн Э-ээс ирсэн өргөдлийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн алга болсон 19 настай С-ийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Гэвч огт сураг ажиг гарахгүй байсан гэнэ. Мөн эмэгтэйн ар гэрийнхэн "Өмнө нь Б.Бат-Өлзий гэх залуутай хамтарч амьдарч байсан юм. Тэр залуу утсаар ярьж "Чамайг ална” гэж байнга дарамталдаг байсан. Түүнийг шалгаад өгөөч” гэх хүсэлт тавьсан байна. Ингээд Налайх дүүргийн IV хороонд оршин суух 22 настай Б.Бат-Өлзийг шалгаж эхэлжээ. Тэрбээр цагдаа нарт "Би огт мэдэхгүй. Уулзахгүй болоод удаж байна. Та нар тэр хүнийг яахаараа надаас асуугаад байгаа юм” гэх мэтээр уурлаж уцаарлаж байсан гэнэ. Ингээд 19 настай С ор сураггүй алга болоод дөрөв хонох үед цагдаа нар хамгийн сүүлд гар утсаараа хэнтэй холбогдсон болохыг мэдэж авчээ. Талийгаач эмэгтэй хамгийн сүүлд гар утсаараа хамтран амьдарч байсан Б.Бат-Өлзийтэй утсаар ярьсан нь тогтоогджээ. Үүнээс хэргийн сэжүүр тайлагдаж Б.Бат-Өлзий хамтран амьдарч байсан эхнэрээ хоолойг нь боож хөнөөсөн гэдгээ хүлээсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нартай хамт эмэгтэйн цогцос байгаа газрыг өөрөө зааж өгсөн аж. Хэргийн газарт очиход олон жилийн өмнө нүүрс гаргахаар ухаж байсан нүхэнд талийгаач эмэгтэйн цогцсыг хийсэн байжээ. Мөн нүхний амсар хэсгийг шороогоор эргүүлэн булсан байсан гэнэ. Б.Бат-Өлзий хэргийн талаар "С энэ сарын 7-ны өдөр Улаанбаатараас Налайх дахь гэр рүүгээ очихоор ирж байсан. Бид хоёр уулзахаар тохиролцсон. Түүнийг "Баян налайх” автобусны буудалд буухад нь машинтайгаа тоссон. Тэгээд дэлгүүрт хамт орж зайрмаг, бохь, бэлгэвч зэргийг худалдаж аваад гарсан. Тэндээсээ Нефтийн хашааны хажуу талын толгой дээр очоод ярилцсан. Тэгсэн С "Дахиж надтай уулзах хэрэггүй. Налайх дүүрэгт цагдаагийн хэлтэст ажилладаг найз залуутай болсон. Миний амьдралд дахиж битгий гай болоорой” гэх хэлэхээр нь уур хүрээд хоолойг нь боочихсон. Тухайн үед хоолойг нь чанга боосон уу сул боосон уу гэдгийг санахгүй байна. Нэг мэдсэн С ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд эргээд сэргээх гэсэн сэрэхгүй, амьсгалахгүй болохоор нь айгаад урагшаа нүүрсний уурхай руу давхиад нүхэнд хийгээд орхичихсон” гэж мэдүүлжээ.
эхнэрээ зодсон хэргээр 1,7 жилийн тэнсэн харгалзахялаар шийтгүүлж байжээ
Талийгаач С болон н.Бат-Өлзий нар өмнө нь хамтран амьдарч байсан бөгөөд нэг хүүхэдтэй юм байна. Гэхдээ н.Бат-Өлзий нь талийгаачийг байнга хардаж, зодож, дарамталдаг байсан аж. Ар гэрийнхэн нь "Залуу хүмүүст ойлголцохгүй зүйл гараа л биз. Хүүхэд нь төрчихсөн юм чинь засрах байх. Архи уухаа больж, ажил төрөл хийх байх” гэж нэлээд хугацаанд харсан ч байдал хэвээр үргэлжилсээр байсан төдийгүй улам хэрцгий болсоор байжээ. Н.Бат-Өлзий удаа дараа талийгаачийн биед нь хүнд гэмтэл учруулж, маш харгис, хэрцгийгээр зодож, гэмтээсэн учир С-ийн ар гэрийнхэн Налайх дүүргийн шүүхэд хандаж байжээ. Шүүх н.Бат-Өлзийн гэм буруутайг тогтоож анх удаа гэмт хэрэг үйлдсэн гээд 1,7 жилийн тэнсэн харгалзах ял оноож байжээ. Хүүхдийг нь талийгаач эмэгтэйн аав, ээж өсгөдөг юм байна. Гэсэн ч н.Бат-Өлзий нь С-ээс салж өгөхгүй зууралдаж, уулзахыг байнга шаарддаг байсан аж. Талийгаач эмэгтэйн үхлийн талаарх шүүх эмнэлэгийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр талийгаач эмэгтэй боолгуулж амь насаа алдаагүй. Харин осгож амиа алдсан байна” гэх дүгнэлтийг гаргажээ. Шинжээч нарын гаргасан дүгнэлтээс үзэхэд талийгаач эмэгтэйг Б.Бат-Өлзий амьдаар нь нүхэнд булж орхижээ.
талийгаачийг энэ нүхэнд булсан байжээ
"Тэр хэрцгий амьтан хаана хаяснаа эрт хэлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил ҮҮ”
Талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад "Бид үнэхээр харамсаж байна, гомдолтой байна. Талийгаачийг хайж эхлэхэд л тэр хэрцгий амьтан тэнд аваачиж хаяснаа хэлчихсэн бол бид амийг нь аварч чадах байсан ч юм бил үү. Хичнээн удаан тэр хар нүхэнд тарчилж, аврал эрж, уйлсан бол хөөрхий. Талийгаачийг зүгээр нэг хоолойг нь боочихоод тэнд орхиогүй л байх. Хэрвээ хөл, гар нь чөлөөтэй хөдөлж болж байсан бол тэр нүхэнд зүгээр хэвтэж байгаад үхэх хүн биш. Тийм болохоор хууль, хяналтын байгууллагынхан энэ хэргийн үнэн мөнийг олж, тэр харгис амьтанд ялын дээд хэмжээ өгөөсэй гэж хүсэж байна. Бид эцсээ хүртэл гомдолтой” гэсэн юм.
Э.Хүрэлбаатар