|
Видео

Шинэ мэдээ

Тогоруун цуваа

Тогоруун цувааДэлхийн II дайны хор хөнөөл, гай гамшгийг амсаагүй улс гэж бараг байхгүй. Энэ дайнд 61 улс орон татагдан оролцож, нийт 70 сая шахам хүн амь үрэгдсэн гэдэг. Дайны хүндийг нуруундаа үүрч гарсан Оросын ард түмний шарх өнөө ч аньж эдгээгүй, урсах нулимс нь эгшиж хатаагүй хэвээрээ.

 

 Дайнаас олсон шархандаа энэлэн шаналж далан жилийн турш суга таягтай яваа Орос цэрэг жил бүрийн тавдугаар сарын есний өдөр л өвчнөө мартан баярын нулимстай зогсох юм билээ. Цэрэг цамцаа өмсөн энгэр дүүрэн одонгоо зүүж, баярлаж хөөрсөндөө 100 грамм татсан буурал дайчид фронтын андтайгаа тэврэлдэн зогсохыг харахад самсаа шархираад л явчихдагсан…

 

Дайны хар сүүдэрт дайруулан ойр дотныхноо алдаж, амьдын хагацал үзсэн эхчүүд, эх орон, элгэн садан, эх нутгийнхаа төлөө тэмцэж яваад амь үрэгдсэн эгэл жирийн цэрэг эрсийн тухай өгүүлсэн дуу олон бий. Тэдний нэг нь "Тогоруун цуваа”. Дайны тухай түүхэн сургамжит үнэнийг хамгийн тод томруун илэрхийлж чадсан дуу бол энэ дуу шиг надад санагддаг юм.

 

Яруу найрагч Расул Гамзатовын шүлгэнд хөгжмийн зохиолч Ян Френкель аялгуу зохиосноор мөнхжихийн шидийг олсон энэ дууг анх амьдруулсан хүн бол Оросын алдарт дуучин Марк Бернес. ЗХУ-ын нэрт дуучин Марк Бернес 1969 оны зургадугаар сарын 8-нд анх дуулж бичүүлснээр энэ дуу дэлхий дахинаа түгэн тархах гараагаа эхэлсэн түүхтэй.

 

Харамсалтай нь Оросын ард түмний хайртай дуучин Марк Бернес энэ дуугаа дуулснаас хойш хоёр сарын дараа буюу 1969 оны наймдугаар сарын 16-нд нас барсан юм. Түүний нас барсан өдөр нь хагас сайн өдөр байсан бөгөөд хоёр хоногийн дараа түүнд ЗХУ-ын ардын жүжигчин цол олгосон тухай зарлиг сонин дээр гарч байжээ. Түүнийг Москва хотын Новодевичийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн агаад оршуулгын ёслол дээр нь "Тогоруун цуваа” дууны бичлэгийг эгшиглүүлж байсан гэдэг…

 

 

           ЖУРАВЛИ

Мне кажется порою, что солдаты,

С кровавых не пришедшие полей,

Не в землю эту полегли когда-то,

А превратились в белых журавлей.

 

Они до сей поры с времен тех дальних

Летят и подают нам голоса.

Не потому ль так часто и печально

Мы замолкаем, глядя в небеса?

 

Сегодня, предвечернею порою,

Я вижу, как в тумане журавли

Летят своим определенным строем,

Как по полям людьми они брели.

 

Они летят, свершают путь свой длинный

И выкликают чьи-то имена.

Не потому ли с кличем журавлиным

От века речь аварская сходна?

 

Летит, летит по небу клин усталый,

Летит в тумане на исходе дня,

И в том строю есть промежуток малый,

Быть может, это место для меня!


Настанет день, и с журавлиной стаей

Я поплыву в такой же сизой мгле,

Из-под небес по-птичьи окликая

Всех вас, кого оставил на земле. …


Дэлхий дахинаа түгэн тархсан энэ гайхамшигтай дууг мэдэхгүй хүн гэж өнөөдөр бараг байхгүй болов уу. Харин яагаад ч юм бэ энэ дууны дөрөвдүгээр бадгийг голцуу орхиж дуулаад байдаг юм. Бас орос дууны номонд хэвлэх, интернетийн сайтууд дээр тавихдаа "санамсаргүйгээр мартаж орхисон” байх нь олонтаа. Магадгүй, авар үг тогоруун дуутай адил болохыг жишин хэлсэн нь орос ах нарын санаанд нийцээгүй ч юм бил үү, хэн мэдлээ.

 

Нисэн яваа тогоруун цувааг итгэл шимшрэл дүүрэн нүдээр хардаг найрагчийн сэтгэлийн нууцхан гунигтай, гэртээ харьж ирэлгүй тэнгэрт тогоруу болон мөнхөрсөн цэрэг эрсийн тухай өгүүлэх энэ дууны шүлгийг манай нэрт зохиолч, яруу найрагч М.Цэдэндорж тун сайхан орчуулсан байдаг юм.

 

 

 

 

Тогоруу

Аюулт дайны талбараас ирээгүй

Ахан дүүсийн булшинд ороогүй,

Аргамаг морьтод миний бодоход

Цагаан тогоруу болсон байх шүү.

 

Тэртээ үеэс одоо хүртэл аанай

Тэнгэрээс тогоруу дууддаг байх шүү,

Тэгээд бид нар үргэлж гуньж

Тэнгэр ширтэн гөлийдөг байх шүү.

 

Газраар хүн болж тэнэсэн шигээ

Ганган цуваагаар тогорууд одоо

Харийн нутаг дээгүүр үдшийн мананд

Зэллэн нисэхийг харж байна би.

 

Холын аянаа гүйцээж нисэхдээ

Хүний нэрээр дуудаж байна,

Тэгээд ч авар үг тогоруун дуутай

Тэртээ үеийн үеэс адил биш үү.

 

Эцсэн цуваа тэнгэрээр нисэн ниснэ

Тэд лав миний найз төрөл шүү,

Эгнээ хооронд нь жаахан зай байна

Тэр лав миний байр мөн шүү.

 

Ийм л нэг сүүмийх хөх тэнгэрт би

Энэ л нэг цуваанд орох цаг ирнэ.

Тэнгэрийн мандлаас шувууны дуугаар

Газар дээр үлдсэн та бүхнийг дуудна.

 

.......Тавин жилийн тэртээ анх "мэндэлсэн” дууны түүхийг Ялалтын баярын угтал болгон бичлээ. Энэ дууг сонсох бүрий сэтгэлийн минь утас доргин чичирхийлж, эх орон, газар шорооныхоо төлөө амь хайрлалгүй тэмцэн тулалдаж, цагаан тогоруу болон "хувирсан” цэрэг эрсийн төлөө сархдын дээжийг өргөж, санаа алдмаар болдог юмаа…

 

http://soronzon.blogspot.com

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler