| |
Видео
Шинэ мэдээ
Альцгеймер өвчний тухай
1906 онд Германы Сэтгэцийн эмч Альцгеймер анх тодорхойлжээ. Энэ өвчин нь их тархины бор гадрын шанаа, зулай, дагзны хэсгийг хамарсан анхдагч хатингаршилт юм. Альцгеймерийн өвчний үед ой тогтоолтын гүнзгий алдагдал, үг ярианы хомсдол, юмсыг нэрлэж хэлж чадахгүй, нэг буюу хоёр орон тоотой арифметикийн үйлдэл хийж чадахгүй, энгийн хийгээд нийлмэл үйлдлийг хийж чадахгүй, үг үсэг өгүүлбэр уншаад утгыг нь тайлж чадахгүй танин мэдэхгүйдлийн шинжүүд илэрнэ. Альцгеймерийн өвчний үед глютамины хүчил хэт идэвхжиж мэдрэлийн эсийг хордуулна. Үүнээс болж танин мэдэхүйн процесс доройтно.
65 аас дээш насны 3 хүн тутмын 1 нь альцгеймер болон түүнтэй ойролцоо оюуны хомсдол төст өвчнөөр өвдөж байна. АНУ-д одоогоор 5 сая гаруй хүн энэ өвчнөөр өвчлөөд байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд ихэвчлэн өвчлөх магадлалтай.
Ой тогтоолт эрчимтэй алдагдах нь энэ өвчний анхны шинж тэмдэг юм. Харамсалтай нь хүн өвчний эхний шинж тэмдгийг ажигласан ч аль болох нуухыг хичээдэг тул эрт үед нь тэр бүр илрүүлж чаддаггүй. Ой тогтоолоо хурдацтай алдаж эхлэхийн дагалдан сандрах, барьц алдах, ойрчин тойрноо үл ойлгосон байдал илэрнэ.
Улмаар хүн цаг хугацаа, орон зайн баримжаагаа алдаж, хуримтлуулсан мэдлэг, туршлага, дадал зүй нь арчигдаж эхэлнэ. Ингэхдээ цаг хугацааны хувьд хамгийн ойр болсон үйл явдал нь хамгийн эхэнд алдагддаг бол эрт болсон үйл явдлын талаарх дурсамж сүүлд нь алдагдана. Хэлбэр, өнгө, нүүр царай ялгахаа байж, орон зайг баримжаалж чадахаа байна. Энэ нь бичгийн хэв алдагдахаар илэрч болох бөгөөд ингэхэд үсэг нь цаасны төв, эсвэл буланд ямар ч харьцаа, замбаараагүйгээр бөөгнөрдөг болж болно. Хэл яриа нь улам бүр ойлгомжгүй болж ирнэ.
Өвчин даамжрах үед өвчтний өөрийгөө авч явах чадварыг нь хадгалахын тулд аль болох орчин тойрноос тусгаарлахгүй байх, сэтгэл гутрал үүсэхээс сэргийлэх зэргээр эерэг нөлөө үзүүлэх боломж бүрийг ашиглах хэрэгтэй. Энэ нь илүү сайн харааны шил, илүү орчин үеийн сонсголын аппарат зүүлгэх, ашиглахад хялбар радио сонсгох, том зураг, том үсэгтэй ном үзүүлэх зэрэг тун энгийн арга хэмжээ байдаг ч эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.
Харин мэдэхгүй газар удаан хугацаагаар ганцаар байх, таньдаггүй хүмүүстэй их уулзуулах, харанхуй газар байх (бүр шөнийн цагт ч гэрэлтүүлэг шаардлагатай), халдварт өвчнүүд, халуун, их хэмжээгээр эм хэрэглэх зэрэг нь өвчний явцыг хүндрүүлдэг хүчин зүйлс юм.