| |
Шинэхэн ээжүүдэд өгөх зөвлөгөө
Бүсгүй та эх болохын зовлон жаргалын тухай ээжээсээ, эмч нараас асууж бага ч атугай ойлголттой болсон биз. Гэвч шинэ хүн мэндлэх нь ер бусын гайхамшигтай төдийгүй бас ярвигтай зүйл. Мэдэхгүй зүйлс өчнөөн гарах бөгөөд тэр болгонд ээж рүүгээ гүйх хэрэг гарна. Танд хэцүү хүнд санагдаж болох зүйл үнэн хэрэгтээ энгийн л зүйл байдаг.
Хаг
Нярайн зулай маш эмзэг гэдгийг мартаж болохгүй. Мөн зулай хагтаж, хогжруутах нь энгийн л үзэгдэл. Тиймээс малгай өмсүүлэхээс өөр аргагүй. Сайн мэдээ гэвэл хаг нь нярайн эхний хэдэн сард л алга болно. Хагыг нь долоо хоногт хоёроос гурван удаа арилгаж байхыг Нью Йоркын нярайн эмнэлгүүдийн холбооны эмч Элен Левин зөвлөж байна. Хүүхдээ усанд оруулахын өмнө самаар хагыг нь зөөлөн ховхолж болно. Гэвч хаг бол тууралт шиг санаа зовохоор сүйдтэй зүйл биш. Хэрэв нярайн хуйх бүхэлдээ хагтсан бол хүүхдийн эмчээс зөвлөгөө аваарай.
Нярайн өтгөн
Хүүхдийнхээ живхийг солих хүртэл та албан ёсоор аав ээж болоогүй байна гэсэн үг. Бас та живх сольж байгаа анхны ээж биш. Нярайн баас эхэндээ гич шиг өнгөтэй шингэн байдаг. Үүнээс зүрхшээх хэрэггүй. Аяндаа гарт чинь ороод ирэхээр үүнээс амархан зүйлгүй болно. Нярайн баасны өнгө ямар байгааг ажигла. Баас нь хүрэн байхаас авахуулаад ногоон, шар өнгөтэй бол санаа зовох зүйл биш. Харин баас нь цустай гарах юм бол яаралтай эмчид үзүүлэх нь зүйтэй.
Мөөм
Есөн сарын турш хүүхэд тээсний дараа эмэгтэй хүний хөх ердийнхөөс том болдог нь жам. Хүүхэд хөхөө хайх бүрд нь хөхүүлснээр сүү улам их ордог. Энэ үед эхчүүд сртесст орох нь их байдаг. Энэ бол цаг хугацааны л зүйл. Харин нярайн хөх тойроод улайсан байвал эмчид хандах нь зүйтэй. Энэ нь хүүхдээ эмчид үзүүлэх маш ноцтой шинж тэмдэг байж болох юм.
Хачин хэржигнэх чимээ
Хүүхэд чинь зүгээр л гүегнэж эсвэл уйлж байгаа юм биш биз. Нярай цаг үргэлж л шуугиан тарьж байх болно. Тэд хурхирч, хуухитнаж янз бүрийн инээдтэй чимээ гаргадаг. Доктор Левиний үзэж буйгаар эдгээр хачин чимээ нь шинэ төрсөн хүүхдийн хамрын нүх маш нарийхан тул амьсгалахад төвөгтэй байдаг бөгөөд салстад тээг болж хачин дуу авиа болж сонсогддогтой холбоотой. Хэрэв та сүүлийн үед симфони маягын зүйл сонсч эхэлсэн бол нярайн хамрыг сайн цэвэрлэж өгөөрэй. Хэрэв тэр амьсгалахдаа хуухитнаж байгаа бол амьсгалахад нь төвөгтэй байна гэсэн үг. Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Найтаах
Нялх үрийн чинь хувьд бүх зүйл огт таньж мэдхгүй шинэ ертөнц шиг байгаа. Таны хувьд аль хэдийн дасал болсон зүйлсийн эсрэг тэр ямар ч хамгаалалтгүй гэдгийг сана. Хэрэв тэр салхи дэгдтэл найтааж байгаа бол хараахан өвчин тусаагүй гэсэн үг. Тэр хамартаа гадны ямар ч биетийг ойртуулахгүйн тулд үлдэн хөөж байгаа нь тэр. Гэрэл рүү харах нь мөн найтаах шалтгаан болж мэднэ. Хүүхдийг нартай өдөр авч гарахад найтааж эхэлдэг нь харшлынх биш, нарны нөлөөллөөс болж буй хэрэг. Бусад шалтгаан нь хамрыг нь хэтэрхий их цэвэрлэснээс эсвэл амьсгалын замын халдвараас болсон байж болно. Хэрэв нярай найтаасныхаа дараа уухилан амьсгаадаж байвал яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Түүнийг зүгээр байгаа эсэхийг мэдэхийн тулд амьсгал нь хэвийн залгихдаа зовиургүй, уушиг нь хэвийн байгааг шалгах хэрэгтэй.
Хачин хөдөлгөөн
Хүүхдийн татвалзах, тийчлэх гар хөлөө хөдөлгөхийг анх хараад цочирдох нь бий. Нярайн эхний саруудад хөдөлгөөнд нь нэлээд өөрчлөлт орж дуу чимээнээс айж цочих хариу үйлдэл үзүүлдэг болно. Магадгүй энэ үйлдэл нь санамсаргүй эсвэл чанга дуу чимээ сонссоны дараа илэрнэ. Гурав, дөрвөн сартайгаасаа хүүхэд суудаг болно. Мөн үе үе цочиж сэрдэг. Харин хүүхэд тийчлэхгүй, татвалзахгүй, цочихгүй ямар ч хөдөлгөөнгүй байвал бие нь сайнгүй байна гэсэн үг. Энэ нь ямар нэг ноцтой өвчний шинж тэмдэг байж мэднэ.
Толгойн хэлбэр
Хүүхэд төрүүлэх нь маш хэцүү ч жам ёсны л зүйл. Хүүхэд олдсон цагаасаа эхлэн төрөхөд бэлтгэж байдаг. Уг аяллын эцэст хүүхэд яв ягаан, нойтон гарч ирэхэд нь гайхах хэрэггүй. Хүүхдийн толгой эхэндээ уян зөөлөн байдаг ч яваандаа хавтгай болно. Хүүхдээ орон дээр байнга хэвтүүлвэл толгойн ар хэсэг нь хавтгай болдог тул аль болох тэвэрч байгаарай. Гэвч зарим нэг шалтгаанаар хүүхдийн толгой төрөлхийн хавчиг байдаг. Хүүхдийн толгойн хэлбэрийг засч болох эсэхийг эмчтэй зөвлөх нь зүйтэй. Хэрэв дөрвөөс зургаан сартайд нь зориулалтын тохирох малгай өмсгөвөл үүнийг засах боломжтой байдаг.
Нярайн шодой
Хэрэв дөнгөж төрсөн нялх хүүгийн шодой таны төсөөлж байснаас том
байвал гэдсэнд байх үеийн гормоны өөрчлөлттэй холбоотой. Эсвэл түүний
төмсөгний хавьцаа шингэн ихээр хурсан байж болно. Гэвч эдгээрийн аль нь ч
санаа зовох зүйл биш. Хэдэн өдрийн дараа давсагаа суллах үед энэ нь
зүгээр болно. Эмэгтэй хүүхдэд ч мөн үүнтэй төстэй зүйл тохиолдох нь
цөөнгүй байдаг. Төрсний эхний хэд хоногт хүүхэд усан хавантай байдаг
бөгөөд энэ нь түүний биеийн жингийн 10 хувийг эзэлж байдаг юм.
Хэрэв төрсний дараах хэд хоногт энэ байдал зүгээр болохгүй бол эмчид үзүүлээрэй. Ялангуяа хөвгүүдийг.
Живхэнд тогтсон цусан толбо
Живхэнд үлдсэн өчүүхэн төдий цус ч шинэхэн аав ээжийг айлгаж сандаргадаг. Гэвч ихэнхдээ сүйдтэй зүйл биш байдаг. Үүнд маш олон шалтгаан бий. Хэрэв та охин төрүүлсэн бол тэр таны гормоны нөлөө түүнд илэрч байгаа хэрэг. Үүнд санаа зовох зүйлгүй бөгөөд энэ зурвас үе төрсний дараа бяцхан охидод тохиолддог байна. Мөн живхнээс харшил өгч бохирдох нь бий. Энэ бүхнээс илүү ноцтой гэж үзэж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.
Солир нүд
Та хүүхдээ харааны согогтой болох вий гэж эмээж магад. Тэр ердөө л өөрийн шинэ чадваруудаа туршиж байгаа нь тэр. Харааны булчингаа удирдаж, хэвийн харах чадвараа олж авахад цаг хугацаа хэрэгтэй. Заримдаа хүүхдийн нүд солир эсвэл зүв зүгээр юм шиг харагддаг. Учир нь зарим хүүхдийн хамрын үзүүр, атирсан арьс нүдний цагааныг халхлах тал байдаг. Түүний нүд нэг шугаманд зэрэг хөдөлж байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Доктор Левиний үзэж буйгаар хэрэв зургаан сартайд хүүхдийн солир арилаагүй байгаа бол эмчид үзүүлэх нь зүйтэй.