![]() |
Видео
Шинэ мэдээ
Д.Хаянхярваа: Засгийн газар “Хан ресурс”-тэй заргалдаад уначихлаа. Энэ бол төрийн албаны чадваргүйнх

М.Энхболд: Бусад яам ямар ч асуудалгүй юм уу
-Монголын төрийн албан хаагчдын ажлаасаа халагдаж байгаа асуудлыг
нэгдсэн журмаар авч үзэж, цаашид засч залруулах арга замыг ярих гэж
байна гэж ойлгосон. Гэтэл манай байнгын хорооны дарга гурван яамыг
сонгож авсан байна. Бусад нь ямар ч асуудалгүй юм уу. Өргөдлийн байнгын
хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Таныг байнгын хорооны дарга
болсноос хойш гурван ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэдний оронд
Эрдэнэбат, Туяа нарыг томилсон. Энэ хүмүүс төрийн албан хаагчийн
шалгалтаа өгсөн юм уу гэдгийг байнгын хорооны даргын мэдээлэл дээр нэмж
сонсмоор байна.
УИХ дахь МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт: Өргөдлийн байнгын хороо өмнө нь яагаад ийм сонсгол зохион байгуулаагүй юм бэ?
-2012 онд Төрийн алба 148000 хүнтэй байсан бол одоо 183601 болсон
байна. Халагдсан, чөлөөлсөн хүний оронд шинээр ажилд авсан орон тоо 80
мянгатай дүйцэж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан
хаагчдыг хуйгаар нь халсан. Тэр үед Өргөдлийн байнгын хороо яагаад ийм
сонсгол зохион байгуулаагүй юм. Зарим гишүүн халаа сэлгээ 2000 онд
эхэлсэн гэж байна. 1996 онд эхэлсэн юм шүү. Энэ мэт асуудал ярихдаа
тулбал хаа хаанаа анхаарах зүйл бий. Гэхдээ энэ удаагийн сонсголыг нэг
сайдыг байцаах байдлаар асуудалд хандмааргүй байна. Юунд алдав, цаашид
яах ёстой, төрийн албыг мэргэшсэн мэргэжлийн болгохын тулд яах ёстой вэ
гэдэг гарц шийдэл хайсан хэлэлцүүлэг явуулбал сайн байна. Төрийн албыг
улстөржүүлмээргүй байна
Д.Хаянхярваа: Ийм эрүү шүүлт шиг сонсгол явуулах шаардлагагүй байсан
-Өнөөдрийн нээлттэй сонсгол улс төрийн өнгө аястай эхэлсэн шүү. Энэ
асуудлыг 2012 онд анхнаасаа маш сайн ярих хэрэгтэй байсан. Би төрийн
албанд ажиллаж байгаад халагдсан иргэдийн зовлонг ойлгож байна. Та нарын
оронд байгаад халагдсан хүний зовлонг ч ойлгож байна. "Овоо босгоогүй
бол шаазгай хаана суух вэ” гэдэг үг бий. Н.Алтанхуяг Ерөнхий сайд 2012
онд 26 тоот тушаалаар төрийн албаны журамд өөрчлөлт оруулсан Ингэхдээ
"Иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилж болно” гэсэн. Үүнээс болж
төрийн албан хаагчдыг хоморголон халдаг их давалгаа эхэлсэн. Энэ
тушаалаас болж 10,20 мянган хүн гудамжинд ажилгүй явж байна. Уг асуудал
дээр Төрийн албаны зөвлөл түрүүлж дуугарах ёстой байсан. Хууль зөрчсөн
нь үнэнд гүйцэгдэхээр өмнө нь гаргасан хуулиа хүчингүй болгодог муу арга
"Шинэчлэл”-ийн Засгийн газарт байсан. Үүнийг нь засахгүй өөгшүүлсээр
байгаад өнөөдрийн байдалд хүрлээ.Хөдөлмөр, Зам тээвэр, ЭМСЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга, ТЕГ, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын дарга нарыг өнгөрсөн хоёр
жилийн хугацаанд хоёроос гурван удаа бүтцийн өөрчлөлт хийсэн байна.
Ингэж төрийн албыг завхруулчихаад дараа нь үүнийг нь засах гэхээр "Хууль
зөрчиж байна. Болохгүй” гэдэг. Баахан хүмүүс оруулж ирээд энд эрүү
шүүлт шиг зүйл явуулах шаардлага байгаагүй. Төрийн алба чадваргүй
болсон. Энд би хоёр жишээ татъя. Өмнө нь Засгийн газар дөрвөн удаа
Арбитрын шүүхэд заргалдаж, бүгдэд нь ялалтаа авч байсан. Гэтэл сая
Засгийн газар "Хан Ресурс”-тэй заргалдаад уначихлаа. Энэ бол төрийн
албаны чадваргүйнх. Өнгөрсөн онд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 36
хуулийн төслийн 19 нь унасан. Төрийн албан хаагчид чадваргүй байгаагийн
илрэл. Монголын төрийн алба хөл толгойгоо олохоо байсан. Ямар ч
шалгуургүйгээр гудамжнаас томилдог болсноор ийм асуудал үүссэн. Энэ
танхимд сууж байгаа иргэдийг "Гудамжны чадваргүй хүмүүс” гэж хэлээгүй.
Төрийн алба тогтворгүй байдлаасаа болж та бүхнийг өнөөдөр эвгүй байдалд
оруулж байна. Цогцолбор сургууль нийгмийн даатгал, халамж гээд хаана
мөнгө, жижиг эрх мэдэл байна түүнд очих гэж уралддаг болсон. Бүх газрын
дарга нарыг дээрээс томилдог жишиг тогтлоо
Л.Энх-Амгалан: Өмнөх алдааг нь зассаны төлөө сайд нарыг байцааж болохгүй
-Их эмгэнэлтэй бас харамсалтай байна. Хамтарсан Засгийн газар улс орны
өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр байгуулсан. Иргэдийн нуруун дээр
байгаа ачааг хөнгөлж, Засгийн газрын гишүүд цаг наргүй ажиллахаар болсон
Гэтэл сайд нарыг ажлыг нь хийлгэхгүйгээр өмнө нь гаргасан алдаа
дутагдлыг засч өгснийх нь төлөө шүүж байгаад гүнээ эмгэнэж, харамсч
байна.Энэ Засгийн газар цаг алдахгүй ажиллах ёстой. Иргэдийн дунд том
хүлээлт байгаа. Монгол Улс шүүх засаглалтай. Алдаа дутагдал гарсан бол
шүүхийн шийдвэр гарсны дараа ярих хэрэгтэй байсан. Гэтэл цөөн хэдэн сайд
нарыг онцгойлон дуудаж авчраад дүгнэлт гаргах гээд сууж байгаа нь
буруу. Төрийн албаны халаа, сэлгээний асуудлыг ярих нь зүйтэй. Хоёр
жилийн турш яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас эхлээд аймгийн
хэлтсийн дарга хүртлээ түр орлон гүйцэтгэгч гэсэн тушаалтай ажиллаж
байгаа. Энэ төрийн алба мэргэшсэн алба мөн үү. Өнөөдөр Төрийн албаны
зөвлөлийн даргыг улс төрийн намаас томилж байгаа. Энэ хүн чинь намын
даргынхаа үүрэг даалгаврын дагуу ажиллана шүү дээ. Төрийн албаны
зөвлөлийн дарга ажилчдынхаа эрх ашгийг үнэхээр хамгаалж чаддаг юм бол
яагаад 36 мянган хүн өөр ажилд шилжээд байгаа юм. Энэ иргэдийн эрх
ашгийг хамгаалахгүй яасан юм бэ. Та ажлаа хийгээгүй байна. Төрийн албаны
зөвлөлийн маш ойлгомжтой дүгнэлт гарсан. Төрийн албан хаагчид өнөөдөр
нийтээрээ авлигач нэрээр дуудуулж байна. Бүгд цалин, орон сууцны зээлтэй
байна. Төрийн албан хаагчдын дуу хоолойг хамгаалж байгаа нь хаана
байна. Бид хэзээ ч хэн нэгнээс буруутан хайж болохгүй. Байнгын хорооны
төвшинд ч яриад орхиж болохгүй.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
