|
Видео

Шинэ мэдээ

Онц хүнд гэмт хэрэгтэн О.Энхбат ч мөн өршөөгдөх үү?

Онц хүнд гэмт хэрэгтэн О.Энхбат ч мөн өршөөгдөх үү?2014 оны нэгдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 1993 онд төрсөн О.Энхбат гэгч нэг бүлийн гурван иргэнийг буудаж хөнөөсөн ноцтой хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Тэгвэл уг хэргийг үйлдэгч этгээдэд Хөвсгөл аймгийн шүүхээс цаазаар авах ял оноолоо.

Энэ шийдвэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг халах тухай санал 2010 онд гаргаснаас хойш Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх хоёр дахь удаагаа ялын дээд хэмжээ оноох тогтоол юм.

-1993 онд төрсөн О.Энхбат гэгчийн үйлдсэн хэргийн тухайд....-

О.Энхбат нь  2014 оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн Гунын эх гэх газар иргэн Н, Б, Д нарыг буудаж хөнөөсөн хэрэгт холбогдсон юм. Улаан-Уул сумын малчин Н, эхнэр Б болон 4, 7 настай хоёр хүүхэдтэйгээ ОХУ-тай хилд ойрхон нутагладаг байсан бөгөөд тэднийд хэрэг гардаг өдөр Арбулаг сумаас явж байсан хүмүүс 17 настай Д гэх хүүгээ үлдээсэн гэдэг. Энэ үеэр О.Энхбат, хамт явж байсан Э.Одтэнгэрийг дагуулан Н-ынд очиж гэрийн эзэн болон эзэгтэйг, айлын 17 настай хүү Д-гийн хамт хөнөөгөөд, бага насны хоёр хүүхдийг нь цоожлоод зугтсан байна.

 О.Энхбат хэрэг үйлдэхийнхээ өмнө Улаан-Уул сумын иргэн Ж.Үзмээгийн гэрээс гурван шил архи, буу, сум, иргэн Х.Пүрвээгийн гэрийн гаднаас "Мастер” маркийн мотоциклийг хулгайлаад Н-ынд очсон болох нь мөрдөн байцаалт, бусад нотлох баримтаар тогтоогдсон юм. Тэд хүн амины хэрэг үйлдсэнээсээ хойш 55 цагийн дараа тайгад нэгэн хамаатныдаа бүгж байсныг ЦЕГ-аас томилогдсон ажлын хэсэг, Хөвсгөл аймгийн цагдаа, хил хамгаалах байгууллагынхан олж баривчилсан.

 Уг хэргийг Сум дундын 27 дугаар шүүх 2015 оны гуравдугаар сарын 20-нд хэлэлцээд шүүгдэгч О.Энхбатыг Эрүүгийн хуульд зааснаар  гурван хүнийг өс хонзонгийн улмаас, танхайн сэдлээр, харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн гэм буруутайд тооцож, ялын дээд хэмжээ оноосон бол зэвсэг хэрэглэн танхайрсан хэрэгт нь зургаан жил, буу, сум, мотоцикл хулгайлсан хэрэг нь гурван жил хорих ял оноож, хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, цаазаар аваачих ял шийтгэлээ.

Тэрбээр уг гэр бүлийн Н, Б, Д нарын гурван иргэнийг хэрцгийгээр хөнөөгөөд зогсохгүй бусадтай бүлэглэн иргэн Ү-ийн гэрээс буу, сум болон бусад эд зүйлс, иргэн П-ийн "Мастер” маркын мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн байдаг. Тиймээс Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сум дундын 27 дугаар шүүхэд шилжүүлж, шүүхээс дээр шийдвэрийг гаргалаа.

-Цаазын ял буюу гянданд хоригдох 30 жил нь эцэстээ шат шатны шүүхээр орсны дараа 12 жил болсон байдаг-

Энэ үгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хэлсэн юм. Ерөнхийлөгчийн хамгийн сүүлд оролцсон "Цензургүй яриа" нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч цаазын ял болоод өршөөлийн талаар онцгойлон ач холбогдол өгч ярилцсан билээ.  Ерөнхийлөгч "Намайг анх ажлаа хүлээж авахад миний ширээн дээр хоёр хүний цаазаар авах тогтоол байсан. Би удаан бодсоны эцэст уучлал үзүүлж, 30 жилийн ял болгосон. Нэгэнт уучлал үзүүлсэн бол цаашдаа ч бас уучлал үзүүлэх байр суурь баримтлах ёстой. Нэг хэсэгт нь уучлал үзүүлээд, нөгөө хэсгийг нь цаазалдаг байж болохгүй. Цаазаар авах ялыг уучилснаар гянданд 30 жил хорих ял болгодог. 30 жил болсон хүн нэг ч байхгүй. Дээд тал нь 12 жил л болсон байдаг. Аймшигтайгаар хүн алсан, хэрцгий үйлдэл гаргасан хүмүүсийг уучлахад надад ч бас амаргүй байдаг. Би ч гэсэн бухимддаг. Монгол Улс НҮБ-ын Цаазаар авах ялын эсрэг конвенцид нэгдсэн учраас Эрүүгийн хуулинд байгаа цаазаар авах зүйл заалтыг хүчингүй болсон гэж ойлгож болно. Конвенци гэдэг бол Монгол Улсын хуультай адилхан үйлчилдэг” гэсэн юм.

Тэгвэл 4 болон 7 настай хоёр хүүхдийнх нь өмнө эцэг эхийг нь хөнөөчихөөд гэрт нь түгжээд явчихсан О.Энхбатад ч мөн өршөөлийн хууль эн тэгш үйлчлэх нь тодорхой болж байна. Араатан мэт авирлагсад өршөөл хүртсээр.........

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler