| |
Бурхан халдун ууланд Өвөрмонголчуудыг сөгдүүлсэн иргэдийг танхайн хэргээр шалгаж эхлэв
Үндсэрхэг үзэлтнүүд гэж өөрсдийгөө нэрлэн нүдэнд нь өргөс шиг харагдсан хэнд ч дээрэнгүй загнаж чаддаг гэдгээ цөөнгүй үйлдлээрээ харуулаад байгаа хас тэмдэг зүүсэн бүлэглэлүүдийн ёс суртахуунгүй гэмээр үйлдлүүд олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байгаа юм. Тухайлбал, Бурхан халдун ууланд гарч хадаг өргөх гэсэн үндэс угсаа нэгт Өвөрмонгол иргэдийг "Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус өвдөг дээр нь сөгдүүлж, улмаар бичлэг хийн интэрнэтээр цацсан үйлдэл нь Монголоороо омогших гэхээсээ илүүтэйгээр хилийн наана цаана хэрнээ Монгол гэсэн зүрх сэтгэлээрээ амь нэгтэй ар өвөр Монголчуудыг хагалан бутаргах үйлдэл болсон юм.
Мөн энэ талаараа бахархан, бусдыг дарамтлан алгадсанаа фэйсбүүк хуудастаа гайхуулан бичсэн хүн бол Улсын харцага Г.Ганхуяг. Тэрээр "Өвөр монголчууд "Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж "Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэжээ.
Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд "Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэж мэдэх үү” гэж хэдэн талаас нь аархаж байгаа нь үлдсэн байна.
Е.ЛХАГВАСҮРЭН: ТЭР ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ БАЙГАА
"Босоо хөх монгол” бүлгэмийнхний энэ үйлдлийг олон хүн буруушааж, Монгол Улсын нэр хүндийг гутааж байгаад нь дургүйцлээ илэрхийлж байна. Бид энэ үйлдлийг хууль ёсонд нийцэх эсэхийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тордуулахад "Энэ үйлдэл Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон болохоор тус аймгийн хариуцсан байцаагчтай нь холбогдохыг хичээсэн ч хөдөө ажлаар явсан байна. Тиймээс уг хэрэгт холбогдуулан хэн гэдэг иргэнийг шалгаж байгаа талаар нарийн мэдээлэл авч амжаагүй байна. Ер нь Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрх зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй. Тэр хүмүүсийг шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь эзгүй учраас хэнийг, ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх нарийн мэдээлэл алга” гэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулинд "Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт байдаг билээ.