| |
УЛС ТӨРЧТЭЙ УЛС ТӨРЖСӨН Л ЯРИА ӨРНӨДӨГ
Ерөнхийлөгчийн оролцсон "Цензургүй яриа" өндөрлөв.
"Асуулт нь болохгүй байна, хов ярилаа" гэх мэтээр эсэргүүцэх нь их байна.
Олны дунд ид шуугиж, маргалдуулж, хагаралдуулж, асуултаа нэхэж буй,
үнэн худал нь мэдэгдэхгүй, чухам ганц Ерөнхийлөгч л үнэн хариултыг нь
өгөх учиртай, Ерөнхийлөгчөөр маргаанаа хагалуулахыг хүсэж буй тэр л олон
асуултыг асуулаа. Тухайлбал:
-
Ноён уулын алтны ордыг ашиглах нь зөв буруу, 10 жилд олох, олоод хоёр
хуваах 200 сая доллар хийгээд "Чонон сүлд" кино долоо хоногт 200 саяыг
олж буй тухай..
- Цаазын хэрэгтнүүдийг өршөөсөн тухай, ТВ-ээр
дуулиан болгож, зарим өрөвч хүний нулимсыг ч гаргаад авсан өршөөгдсөн
эмэгтэй маань нэг бус хоёр хүн амины хэрэгтэй байсныг яагаад
Ерөнхийлөгч мэдээгүй тухай,
- Каплаг сулласан тухай, Мөнхбаярыг суллаж болох эсэх тухай,
- С.Баярцогтын тухай, түүний ёсзүйн тухай, Оффшор дансанд сая доллараа
"мартчихсан" тухай, гэтэл яагаад дахиад ЗГ-ын гишүүн болоод ороод ирдэг
тухай,
- Тэмүүжин, Дорлигжавын зөрчлийн тухай, шүүх-эмнэлэг хоёрын
дунд хэдэн арван тэрбум төгрөг үргүй цацаж буй тухай, ер нь Төр
засгийн бодлогод залгамж чанар буй эсэх тухай,
- Энхбаярын хэлсэн үгийн тухай,
- Популизмын тухай,
- Тавантолгой, ОТ-н тухай ГЭХ МЭТ...
Өөр
юу асуулгах байсныг ойлгохгүй юм... Олон түмний дунд асуудал үүсгэж,
сэтгэлийг нь эмзэглүүлж буй тэдгээр асуудлууд яахаараа хов жив
болчихдог юм. Яахаараа шар сэтгүүлзүй болчихдог юм.
Нөгөөх
хуучин соц үеийн улиг болсон төрийн бодлогын тухай, намуудын найрамдлын
тухай, улс орон сайхан хөгжиж байгаа тухай асуулгах гэсэн юм болов уу,
олон хүн асуухгүй зүйл асуулаа гэж шүүмжлэх...... Харин ч
Мөнхбаясгалан Munkhbayasgalan Bayasgalan зоригтой, асуултын мөн чанарыг тойруулахгүй шууд шулуухан тодорхой асуусан.
Зарим
нь Х.Баттулгын хатгаас, улс төрийн бүлэглэлийнхний захиалга гэж байна.
Х.Баттулгатай, Баттулгагүй ард олны дунд энэ "Цензургүй яриа"-д
асуугдсан асуултууд хариултаа нэхээд л явж байгаа шүү дээ... Захиалга
гэвэл ард олны захиалга байх аа. Мөн улс төржсөн яриа боллоо гэсэн шүүмж
ч байна. Улс төрчөөс улс төржсөн л яриа авдаг юм шүү дээ, ихэнхдээ.
Энэ цаг мөчид тэгээд мал төллөх тухай ярилцах байсан болж байна уу?
Харин ч асуулт нь хангалттай байсан ч хариулт нь хангалттай байж чадсангүй.
Чөлөөт сэтгүүлзүй хөгжсөн аль ч оронд ингэж л асуудаг. Ухаж төнхөж, бүр хардаж ч асуудаг. Яагаад гэвэл ганц сэтгүүлч хүний үзэл өнцгөөс биш, нийт уншигч, үзэгчдийн өмнөөс асуудаг учир... Үзэгчид, уншигчид янз бүр.. Би ч хүнээс сурвалжлага, ярилцлага авч байхдаа өөрийн дотоод итгэл үнэмшлээс огт эсрэг зүйлийг хүртэл асуудаг л байсан. Тэгэж байж тэр хүний санал бодлыг, итгэл үнэмшлийг, дүр төрхийг илүү бодитойгоор тодруулан гаргаж ирдэг. Дараа нь ярилцагч, эсвэл өөр хүн "Би чамайг ийм юм дотроо бодож явдаг гэж ёстой зүүдлээ ч үгүй" гэж намайг хачирхдаг. "Энэ асуулт чинь миний бодож яваа зүйл биш ээ, би уншигчдийн өмнөөс л асуусан. Тэдний зарим нь ингэж боддог" гэж тайлбар өгөх явдал нэг бус удаа. Тийм л байдаг.
Сэтгүүлзүйг 4 дэх засаглал гэдэг. 4 дэх засаглалынхаа үүргийг л гүйцэтгэж байна. Харин ч сайн гүйцэтгэж байна. Төрийнхөө Ерөнхийлөгчийг хүртэл барьц алдуулсан, Бар жилд ярьснаа хонин жилд үгүйсгэж болдоггүй юм байна, тэгвэл хэзээ нэгэн өдөр хэн нэгэн сэтгүүлчид ингэж ээрүүлж, эг маг болдог юм байна гэдгийг улс төрчдөд, магадгүй улс төрч болохоор зорьж яваа залууст сануулсан, ухааруулсан яриа. Нөгөө талаас Ерөнхийлөгч маань хүртэл ийм халуун ярилцлагад оролцож, санал бодлоо илэрхийлж болдог гэдгийг харуулсан, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулсан нэг чухал яриа боллоо... Ардчилал ярьж, хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж гарч ирсэн хүний хувьд ч энэ алхмаас бултах аргагүй, харин ч үлгэрлэх учиртай байсан биз ээ...
Б.Номинчимэд