| |
Хийх ажлаа мэдэхгүй баярын мананд төөрсөн сайдууд
Н.Алтанхуягийн халааг авсан Ч.Сайханбилэгийн танхим бүрдээд авлаа, тэр ч бүү хэл дэд сайдуудаа томилж, бусад халаа сэлгээгээ ч амжуулав бололтой. Гэтэл шинэхэн сайдууд маань чухам юу хийхээ ч мэдэхгүй Шинэ жилийн уур амьсгалд төөрөлдөн хундага тулгасан шиг явна. Ялангуяа дан дээлтэй Засгийн газарт орж ирсэн шинэхэн сайдуудыг чухам юу хийж байгаа тухай хаа хаанаа чих тавин ажиглаж байгаа нь мэдээжийн хэрэг.
Сайдын сэнтийд залраад удаагүй байгаа нөхдүүд тамга тэмдэг гардаж байгаа мэдээлэл цацуулаад л алга болсон. Харин "шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр танхимын тэргүүн Ч.Сайханбилэг л хэд хэдэн эмнэлэг барих тухай чуулганы индэр дээрээс тоть шиг давтаж зогсоно. Өнөөх шинэхэн сайд Г.Шийлэгдамба нь харин сураг алдарсан. Чухам хаана ямар төлөвлөгөө боловсруулж юу хийж явааг хэн ч үл мэднэ.
Шинээр бүрдсэн Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах тухай асуудал ерөөсөө хөндөхгүй байна. Шуудхан л өнөөх пиарын чиглэлээр үйл ажиллагаагаа бариад авлаа. Эдийн засаг хямарч, нийгмийн амьдрал уруудаж байхад эмнэлэг сургууль барих тухай тулга тойрсон асуудлаар энэ засгийн ажил эхэллээ. Эмнэлэг сургууль барих нь буруу юу байхав. Гэхдээ ийм цаг үед тэдний ярих асуудал бол энэ биш. Магадгүй хавар болохоор хэдэн зам уулзвар яриад өвлийг үзэх төлөвтэй.
Уг нь эмнэлэг сургуулийн асуудлыг Г.Шийлэгдамба, Л.Гантөмөр хоёр ярих ёстой атал Ч.Сайханбилэг л тоть шиг давтаж байх юм. Өнөөх Зам тээврийн салбар яасан. Өргөн нарийн царигийн тухай ч яриа сураг алдрав. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр ч яалаа. Ерөөсөө энэ тухай асуудлууд огт дурдагдахгүй байна. Сураг сонсоод байхнээ шинэхэн сайдууд маань энд тэндхийн баяр дээр шагнал гардуулж бас өөрсдөө шагнал авсан шиг яваа дуулдана. Ийм цаг үед тэдэнд баярлах ч эрхгүй баймаар. Хийх ажлаа мэдэхгүй баярын мананд төөрсөн сайдууд л байгаад байх шиг. Шинэ Засгийн газарт амрах баярлах зав баймааргүй юм. Ерөнхийдөө Ч.Сайханбилэгийн танхим ажлын дадлага туршлагагүй нөхдүүдээс л бүрдсэн бололтой юм.
Н.Дөл