| |
Б.Немцовын аллагын хоёр сэжигтнийг баривчилжээ
Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Борис Немцовын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн хоёр этгээдийг баривчилсан байна. Кавказ гаралтай Заур Дадаев, Анзор Губашев хэмээх хоёр этгээдийг аллага үйлдсэн хэмээн баривчилж шалгаж эхэлжээ. Тэд ч аллагад оролцсоноо хүлээж эхэлсэн гэнэ. Заур Дадаев, Анзор Губашев нар нь Ингушетэд төрж өссөн чеченьчүүд гэнэ. ОХУ-ын мөрдөн байцаах хорооны төлөөлөгч Владимир Маркин тэднийг Борис Немцовын аллагад сэжиглэн хорьсныг баталсан байна.
Заур Дадаев нь Чечений "Умард” хэмээх батальонд алба хаадаг. "Умард” батальон нь Оросын тусгайгийн нэгэн салбар бөгөөд чеченьчүүдээс бүрддэг юм байна. Энэхүү батальоныг Оросын баатар Алимбек Делимханов удирддаг бөгөөд Алимбек нь Оросын төрийн думын гишүүн Адам Делимхановын ах юм. Харин Губашев нь Москвагийн нэгэн хайпермаркетад хамгаалагчаар ажилладаг аж. Гэмт этгээдүүдийн аллагад ашигласан автомашиныг хиймэл дагуулын тусламжтайгаар хэдэн хоногийн турш бүх хөдөлгөөнийг нь нягтлан шалгасны дүнд Заур Дадаев, Анзор Губашев нар сүүлийн үед унаж хэрэглэснийг тогтоож, тэднийг Москвагийн ойролцоо тусгай ажиллагааны дүнд баривчилсан байна.
Сөрөг хүчний тэргүүн Борис Немцовыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Москва хотын төв Кремлийн ойролцоо гүүрэн дээр олон удаа буудаж хөнөөсөн юм. Немцовын гэр бүл, найз нөхөд, сөрөг хүчнийхний зүгээс түүний үхэлд Кремлийн эрх баригчид оролцсон хэмээн хардаж буй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийн сэжигтнүүдийг баривчлахаа мэдэгдэж байв. Немцовын ойрын хамтрагчдын нэг, сөрөг хүчний зүтгэлтэн Илья Яшин
"Баривчлагдсан этгээдүүд аллагад холбоотой гэдгийг Холбооны аюулгүйн зөвлөл ард олонд нотлох ёстой. Одоогоор мөрдөгчид жинхэнэ алуурчдыг олсон эсвэл хуурамч мөр дагаж буйг ялгаж салгах болоогүй. Хамгийн гол нь Немцовыг алах захиалга өгсөн хүнийг тодруулах хэрэгтэй” гэжээ.
2006 болон 2004 онд сэтгүүлч Анна Политковская, "Форбс” сэтгүүлийн орос хувилбарыг эрхлэн гаргадаг редакцийн сэтгүүлч Паул Клебников нарыг хөнөөсөн хэрэгт мөн л кавказуудыг сэжигтнээр нэрлэж байсан аж.
М.ХҮСЛЭН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин