| |
Солонгосын хөрөнгө оруулалтын уулзалт амжилттай боллоо
Элчин сайд Б.Ганболд Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээнүүдийн талаар тусгайлан илтгэл тавив. БНСУ-ын Гадаад эдийн засгийн хүрээлэнгийн Евразийн газрын захирал Ли Жэ Ен, Сүнчөн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Ким Хон Жин нар бүс нутгийн эдийн засгийн төсөл хөтөлбөрийн хүрээнд хоёр орон хамтран ажиллах боломжийн талаар, мөн "КоГаз” корпорациас Монголд хэрэгжүүлж буй нүүрснээс хийн түлш гаргах төслийн судалгааны явцын талаар тус корпорацийн Судалгааны төвийн захирал Ли Сон Мин тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь оролцогчдод шинэлэг мэдээлэл өгсөн сонирхолтой арга хэмжээ боллоо.
Энэ үеэр Солонгосын бизнес эрхлэгчдэд зориулан ЭСЯ-наас КОТРА байгууллагатай хамтран гаргасан "Монголын хөрөнгө оруулалтын гарын авлага” номыг танилцуулж нийтийн хүртээл болгов. Гарын авлага нь Монголд бизнес эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, шаардлагатай бүхий л мэдээ мэдээллийг багтаасан солонгос хэл дээр гарч буй манай анхны албан ёсны иж бүрэн эх сурвалж материал болж байгаа юм.
Уулзалтын үеэр Солонгосын бизнес эрхлэгчдийн зүгээс Монголын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлыг ихээхэн сонирхож байсны зэрэгцээ тус улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг асууж байв. Хөрөнгө оруулагчдын хувьд өнөөгийн манай валютын ханшний өсөлтөд ихээхэн санаа зовж байгаа нь ажиглагдав. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон бизнесийн орчны тухай шинэлэг мэдээ, мэдээллийг тогтмолжуулахын чухлыг оролцогчид мөн онцолж байлаа.
Арга хэмжээг Солонгосын төвийн хэвлэл "Мэйл кенжэ”, "Корей Таймс” сониноос сурвалжилж Элчин сайд Б.Ганболд тэдэнд ярилцлага өгөв. ЭСЯ-наас зохион байгуулсан энэ удаагийн "Хөрөнгө оруулалтын уулзалт” арга хэмжээ нь Солонгост Монголын талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын талаарх Засгийн газрын бодлого, арга хэмжээг Солонгосын Засгийн газрын байгууллага, бизнес эрхлэгчдэд сурталчилсан ач холбогдолтой боллоо гэж Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас бидэнд мэдээллээ.
Н.Чинзориг