|
Видео

Шинэ мэдээ

ЗГ: Хөгжлийн банк өнгөрсөн жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

ЗГ: Хөгжлийн банк өнгөрсөн жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгав. Мөн гадаад бондуудын эргэн төлөлтийг оновчтой зохион байгуулах хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Тус банк нь 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна. 2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Хөгжлийн банк нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх 500.0 сая ам.долларын бонд болон арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30.0 тэрбум иенийн Самурай бонд, нийт 723.0 сая ам.долларын бондын эргэн төлөлт хийх үүрэгтэй юм

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler