| |
Б.ЖАВХЛАН: “Кью-Эс-Си” компани Хөгжлийн банкны 191.1 тэрбум төгрөгийн зээлээ барагдуулж, Засгийн газар “Монгол зэс корпораци”-д 160 тэрбум төгрөг төллөө
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтсан "Кью-Эс-Си” компани өнөөдөр 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлжээ. Улмаар Хөгжлийн банканд өнөөдрийн байдлаар 485 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байгаа аж. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон зарим асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд ороод байсан "Кью-Эс-Си" компани 191.1 тэрбум төгрөгийн зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа. Ингэснээр Хөгжлийн банкинд 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсон байна. Зээл төлөгдсөнөөр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай адил тогтвортой хэвээр үлдлээ. Эдийн засгийн хүнд үед Засгийн газрын өрийн менежмент үр дүнтэй байна гэдгийг гадаад зах зээл үнэллээ. Улмаар 2023 онд Самурай, Евро бондын өрийг төлөхөд эрсдэлгүй болж байна.
Мөн Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэлцлийг амжилттай хийж байна. Монголбанкнаас өмнө нь гарсан 160 тэрбум төгрөгийг Засгийн газар буцааж харилцан суутгал хийснээр 1.1 их наяд төгрөгөөс 160 тэрбум төгрөгийг төлж барагдууллаа. Энэ нь Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа төрийн мэдэлд ирсний баталгаа юм. Хэлцэл цаашид үргэлжилнэ” гэв.