|
Видео

Шинэ мэдээ

Ирак, Сирид 89 бай устгасан гэж мэдээлжээ

Ирак, Сирид 89 бай устгасан гэж мэдээлжээ

 

АНКАРА. /TASS/. 
Ирак, Сирийн хойд хэсэгт ням гарагт шилжих шөнө явуулсан агаарын ажиллагаагаар 90 шахам байг устгасан гэж Туркийн Батлан хамгаалах яам /БХЯ/ мэдээлэв.
 
 
 
"89 бай устгасан. Террорист байгууллагын (Курдийн Ажилчны нам) толгойлогчийг оруулаад олон тооны террористуудыг устгасан" гэж БХЯ-ны мэдээлэлд дурджээ. 
 
 
 
Тус яамны мэдээлснээр, уг ажиллагааг террористуудаас учирч буй аюулыг арилгах, Туркийн хилийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор явуулсан байна. "Иракийн хойд нутгийн Кандиль, Асос, Хакурк бүс нутгуудад мөн Сирийн Арап-Пынары, Телль-Рифат, Жизр, Дерик хотуудад "Claw-Sword” ажиллагааг амжилттай явууллаа” Туркийн БХЯ тодруулсан байна. 
 
 
 
Ажиллагаанд оролцсон бүх нисэх онгоц байнга байрладаг бааздаа буцаж ирсэн гэж мэдээлэлд дурджээ. 
 
 
 
Энэ ажиллагаанд "F-16” загварын 50 гаруй сөнөөгч онгоц, 20 нисэгчгүй нисэх онгоц оролцсон гэж урьд нь мэдээлсэн байна. Агаарын цохилтыг Туркт террорист бүлэглэл гэж үздэг "Курдийн Ажилчны нам" болон түүний Сири дэх салбар болох "Ардын өөрийгөө хамгаалах хүчин"-ийхэн байрладаг газруудад өгчээ. Агаарын ажиллагаанд газраас их буугаар дэмжлэг үзүүлсэн байна. 
Туркийн Агаарын цэргийн хүчин Алеппо, Ракка, Хасака мужуудын курдүүд суурьшсан нутгуудад их хэмжээний цохилт өгсний улмаас Сирийн армийн 15 албан хаагч амиа алдсан гэж ням гарагт Иракийн Эрбил хотоос нэвтрүүлгээ цацдаг "Rudaw” телевизийн суваг мэдээлжээ.  
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон Бали аралд болсон "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтаас буцаж ирснийхээ дараа Ирак, Сирид агаарын ажиллагаа явуулах тушаал өгсөн гэж "TRT” сувгаар ням гарагт мэдээлсэн байна.
Энэ сарын 13-нд Истанбул хотод террорист халдлага гарч, улмаар зургаан хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан билээ. Халдлагад курдүүдийн командлал болох "Ардчилсан Сирийн хүчин”-ий гол тулгууруудыг бүрдүүлдэг Сири дэх "Курдийн ажилчны нам" болон "Ардын өөрийгөө хамгаалах хүчин” оролцсон гэж Туркийн эрх баригчид мэдэгдсэн юм.
Туркийн Агаарын цэргийн хүчин Сирийн хойд бүс нутгийн суурин газрууд руу дайрч, олон арван энгийн иргэний аминд хүрснийг "Ардчилсан Сирийн хүчин” (АСХ) буруушааж байгаагаа мэдэгдсэн байна. 
"Курдийн дайчид энэ түрэмгий дайралтыг хариу өгөхгүй орхихгүй бөгөөд зөв газарт, зөв цагт нь Туркийн цэргүүдэд цохилт өгнө" гэж АСХ мэдэгдсэнийг "Al-Hadath” суваг уламжилжээ. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.