| |
Н.Мандуул: Анхнаасаа Хөгжлийн Банкнаас таньдаг хүнээрээ зээл авхуулаад төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг
Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.
-Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд ил зарласнаар нийгмийн анхааралд оруулсан. Ингэснээр тэрхүү зээлүүд төлөгдөж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн зээлийн төлөлт хийгдээд байна вэ?
-Хөгжлийн банкны эргэн төлөлт олон жил гацаж, зээлийнх нь чанарууд муудсан нөхцөл байдалтай байгааг 2021 оны сүүлээр Монголбанкнаас шалгалт хийж тогтоосон байдаг. Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 782 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Үүнээс 694.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна. Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна. Бид энэ оны эцэс гэхэд нэг их наяд төгрөгийн эргэн төлөлтийг хангуулах зорилготой ажиллаж байна.
-Хөгжлийн банкнаас төлөх гадаадаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хэмжээ болон бондын төлбөрийн хэмжээ хэд байгаа вэ, хэдийд төлөхөөр төлөвлөсөн бэ?
-Хөгжлийн банк 2023 онд 750 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. “Самурай” бондын 30 тэрбум йенийн эргэн төлөлтийг бүрэн төвлөрүүлчихсэн. Бид хугацаа нь болохоор эргэн төлөлтөө хийнэ. 500 сая ам.долларын Евро бондын эргэн төлөлтийн хагасыг нь төлөөд, хагасыг нь дахин санхүүжүүлнэ. Гадаад өр төлбөр дээр санаа зовох зүйлгүй гэсэн үг.
-Танай чанаргүй багцын 50 хувийг гурван зээл дангаараа эзэлж байна. “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” гэсэн компаниудын зээлийг төлүүлэхэд ямар хүндрэл тулгараад байгаа вэ. Төлөгдөх явц нь ямар хувьтай байна вэ?
-“Хөтөл”ХХК огт эргэн төлөлт хийгээгүй. Тиймээс АТГ-т хэрэг нээгдчихсэн явж байна. “Эрэл” ХХК-ийн хувьд нийт зээлийн үлдэгдэл нь 180 тэрбум төгрөгт хүрсэн. “Эрэл” ХХК-ийн зүгээс байшин үйлдвэрлэх комбинат барьчихсан гэдэг. Тэр үйлдвэр нь ажилладаггүй.
Ажилладаг байсан бол төслийнхөө орлогоос эргэн төлөөд явах ёстой биз дээ. Гэтэл “Эрэл” ХХК улс надад ажил өгөхгүй байна гэж яриад яваад байдаг. “Бэрэн групп” ХХК манайхаас хоёр зээлтэй байдаг. Нэг нь, Гангийн үйлдвэр барихаар авсан зээл, нөгөө нь Хангай хотхоныг барих гэж авсан зээл. Энэ хоёр зээл нийлээд 180 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл мөн л Гангийн үйлдвэр нь ажилладаггүй. Банк бизнест зээл өгнө. Бизнесээ босгож ажиллуулах нь бизнесмэн хүний ажил. Банк төрийн өмнөөс бизнесийг нь дэмжээд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээл олгочихсон. Гэтэл нөгөө нөхөр ажлаа хийгээгүй байна. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтөө хий гэж хэлээд зогсохгүй. Олон удаагийн уулзалтууд хийж байна. Манай зүгээс мөн шүүхэд хандчихсан явж байгаа. “Бэрэн”-гийнхэн ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх санал тавьсан. Тухайн үйлдвэрт хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан. Үүнд зарим процессын хувьд дутуу байна гэх дүгнэлт гарсан. Хангай хотхоны хувьд тухайн байрны мөнгө Хөгжлийн банкны данс руу төлөлт нь бүрэн хийгдсэн бол бид байрны ордерыг чөлөөлж өгч байгаа.
-“Шинэ Яармаг” хорооллын зээлийн асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа вэ?
-Энэ асуудал нэлээд түвэгтэй байна. Манай зээлүүд дандаа улс төртэй холбогддог болохоор бизнесийн утгаар ажлаа явуулах гэхээр болдоггүй. Бидний зүгээс төлбөрөө төл гэх л шаардлага тавьдаг. “Шинэ Яармаг” хорооллын хувьд 70,80 хувийн гүйцэтгэлтэй байна. АТГ-аас саяхан үнэлгээ хийгээд дууссан. Бид тус хорооллыг “Гантиг вилла” хотхонтой адил өрөндөө хурааж аваад шийдэх журмаар ажиллаад, процесс нь үргэлжилж байна. Бид тухайн байрыг хурааж авч байна гэдэг тэр манай өмч болно гэсэн үг. Чингис хаан банкинд 2019 онд манайх хадгаламж байршуулаад түүнийгээ одоо хүртэл олж авч чадахгүй байна. Тухайн үедээ Чингис хаан банкнаас 44 үл хөдлөхийг барьцаалсан байдаг. Үүн дотор ихэнх нь орон сууц барьцаалчихсан байсан. Бид барьцааны зүйлсээ шалгаж үзэхэд барьцаандаа авсан үл хөдлөхийн талаас илүүг нь иргэдэд зарж борлуулчихсан байсан. Жишээлбэл, Хан хилс хотхонд 22 байр байдаг. Үүний долоон орон сууцанд иргэдийг оруулчихсан. Тэгсэн мөртлөө энэ байрууд нь манай барьцаанд байдаг. Худалдаж аваад орсон иргэд нь байрны гэрчилгээгүй. Тэдгээр хүмүүс байрны төлбөрөө Чингис хаан банкинд төлчихсөн гэх жишээтэй. Баянзүрх дүүрэгт Өгөөмөр хотхон гээд байна. 2018 онд тус компани 45 айлын орон сууц барина хэмээн манайхаас зээл авсан байдаг.Тэр байр нь мөн манай өмчлөлд шилжээд ирчихсэн. Гэтэл одоо 45 айл тэнд амьдарч байна. Оршин суугчид нь компанид нь мөнгөө төлчихсөн гэдэг. Банкинд ямар ч мөнгө орж ирээгүй. Тэгэхээр иргэд ч, банк ч хохирчихсон. Бидний зүгээс иргэдийг хохироохгүйгээр шийдэх гээд Эрүүгийн цагдаагийн газар тухайн компанийг өгчихсөн байна. Иргэдийг ч тэр, банкийг ч тэр хохироосон, санаатайгаар хийсэн залилангийн хэрэг гэж харж байна. Дээрхийн адил нөхцөл байдал дээр хариуцлагатайгаар зээлээ төлөөд явж байгаа иргэд хохирох вий. Хүн насан туршдаа байр орон сууцыг цөөн удаа авдаг. Гэтэл барьцаанд байгаа байрыг борлуулж ашиг хонжоо хайсан компанийн хохирогч нь орон сууц худалдан авсан иргэд болоод үлдэх эрсдэл дээрхийн адил хэргүүд дээр үүсээд байгаа юм.
-Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эзэлж байгаа төрийн өмчит компаниуд болох Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгой цахилгаан станцын ТЭЗҮ-ийг танай банкнаас санхүүжүүлсэн байдаг. Эдгээр төслүүдийн эргэн төлөлтүүд ямар хэмжээнд явж байна вэ?
-Засгийн газар хуралдаанаараа Төрийн өмчит компаниудын өр төлбөрийг барагдуулах асуудлыг олон удаа авч хэлэлцсэн. Өнгөрсөн зун Засгийн газрын хуралдаанаас 220 дугаар тогтоол гарч Төрийн өмчит компаниудыг өр төлбөрөө хэрхэн барагдуулах шийдвэрүүд гарсан. Тэр тогтоолын дагуу ажил явж байна. Хамгийн том төлбөр “Эрдэнэс Монгол” ХХК 117 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөө хийсэн. Мөн МИАТ зээлээ бүрэн төлсөн гэх мэтчилэн тодорхой ахицууд гараад явж байна. Удаашралтай байгаа нь ТОСК, НОСК-ын асуудал байна. Гэхдээ ЗГХЭГ-аас бидэнд тус нэмэр болж төрийн өмчит компаниудад зээлийн эргэн төлөлтийг шуурхай эргүүлэн төлөх үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
-Хөгжлийн банкнаас гаргасан зээлүүд эргэлтэд орсон эсэхийг шалгаж байгаа юу?
-Бид АТГ-т хэрэгтэй мэдээллийг тухай бүрчлэн гаргаж өгч байна. Төрийн мөнгийг урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад зориулалтын дагуу ашигласан уу, үгүй юү гэх асуудал байна. Нэгдүгээрт, гэрээний дагуу эргэн төлөлтөө хийсэн үү. Хоёрдугаарт, арилжааны банкнаас бага хүүтэй улс оронд хэрэгтэй төсөл хэрэгжүүлнэ гэж мөнгө зээлж аваад өөр зүйлд зарцуулчихсан байна уу гэдэг асуудал байна л даа. Бид зээлдэгчдийнхээ зээлэнд шалгалт хийсэн. Зээлдэгчид бидэнд зориулалтынх нь дагуу ашигласан гэх баримтууд ирүүлдэг. Бид бүгдийг нь нэг бүрчлэн тулгаж үзсэн. Тодорхой баримтаар нотлогдохгүй зүйлс гарч ирсэн. Ингээд зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхийг шалгаж өгөхийг АТГ-т хүргүүлсэн. АТГ-аас шалгалтууд хийгдээд явж байна.
-Шинэ сэргэлтийн бодлогод улс орны хөгжлийг урагшлуулах зорилготой маш олон бүтээн байгуулалтын төслүүд тусч байна. Танайх тухайн төслүүдийг санхүүжүүлэхэд оролцох уу?
-Хөгжлийн банк шинэ сэргэлтийн бодлогыг санхүүжүүлж явах ёстой байтал маш их хэмжээний зээл гаргаж, үүний ихэнх нь чанаргүй зээл болж хувираад одоо нэг өр барагдуулах алба шиг л ажиллаж байна. Ингэхээс ч өөр аргагүй байна л даа. Намайг анх ажлаа хүлээж авахад үндсэндээ энэ банк дампуурчихсан байсан. Зээлийн 57 орчим хувь нь найдваргүй зээл болчихсон байсан. Бид энэ ондоо нэг их наядын төлбөрөө хийчих юм бол ирэх оноос хэвийн ажиллах боломж нөхцөл нь бүрдэнэ. Бид ирэх жилийн бондын төлбөрийн төлөвлөгөөгөө гаргаад явж байна. Түүнийгээ дуусгаад Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг санхүүжүүлэх боломжтой болох болов уу гэж харж байна.
-УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Б.Энхбаяр гишүүн танаас “Өр барагдуулах ажлын гардан байлдаанд хүнд гаруудтай нүүр тулж байгаа хүний хувьд танд ямар нэг хүндрэл байна уу, улс төрийн дарамт байна уу” гэж асуусан. Та “Мэргэшсэн луйварчид...” гээд яриа чинь тасарсан. Юу гэж хариулах гэж байсан бэ?
-Хөгжлийн банкны зээл олголтыг харахаар энгийн нэг банк нэг компанид зээл өгөөд зээлийн гэрээ байгуулчих асуудал биш. Анхнаасаа Хөгжлийн банкнаас таньдаг хүнээрээ ч юм уу зээл авахуулаад зээлээ төлөхгүй гэсэн бодолтой байсан юм шиг санагддаг. Бид асуудал үүсээд иргэний шүүхэд хандахаар хууль шүүхийн процесс нь удааширдаг. Үүнийг ашигладаг бүтэн сүлжээ байдаг юм байна. 24 удаа хойшилсон жишээ ч байна. Бид шууд очоод барьцааны эд зүйлээ авч чадахгүй. Заавал шүүхийн шийдвэртэй байх ёстой. Жишээ нь, “Монлаа” ХХК-тай олон жил шүүхдэлцэж арай гэж 2019 оны есдүгээр сарын 18-нд шүүхийн шийдвэр гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжүүлсэн. Одоо болтол хөрөнгийн үнэлгээ дээр маргаантай гээд юу ч авч чадахгүй сууж байна. Угтаа барьцаа хөрөнгийг нь зарж борлуулаад мөнгөө авах ёстой байтал шүү дээ. Ингээд харахаар манай хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан мэргэжлийн гаршчихсан луйварчид байдаг юм байна л гэж харж байгаа. Энэ мэт зүйлд төр төмөр нүүрээ үзүүлэх л ёстой.
-Хөгжлийн банк Монголын хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гол үүрэгтэй. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн яам мөн ийм чиг үүрэгтэй байна. Нэг чиг үүрэгтэй хоёр байгууллага болчихож байгаа юм биш үү. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Чиг үүргийн хувьд хоёр өөр институт. Банк бол олон улсад жишиг нь тогтсон санхүүгийн бие даасан байгууллага, компанийн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Төр зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар үйл ажиллагаанд нь оролцдог. Яам бол засгийн газрын бүтэц, төрийн захиргааны төв байгууллага буюу төсвийн бүрэлдэхүүн хэсэг нь. Яамны бодлого хөгжлийн бодлого тодорхойлоход чиглэх болохоос биш төсвөөс гадуур хөрөнгө мөнгө бүрдүүлээд төсөл хөтөлбөр санхүүжүүлээд, олон улсын мэргэжлийн санхүүгийн тоглогчидтой арилжаа хийгээд явахгүй, төсвийн байгууллага. Харин Банк бол төсвийн байгууллага биш, төсвөөс татаас авахгүй, бусад аж ахуйн нэгжийн нэгэн адил татвар төлдөг байгууллага юм. Нэг үгээр хэлбэл, яам хөгжлийн бодлого тодорхойлж, банк шаардлага хангасан төслүүдийг нь санхүүжүүлнэ гэсэн үг.
-2011 онд анх Хөгжлийн банкны тухай хууль батлагдаж, 2017 онд дахин өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн тухайд та юу хэлэх вэ?
-2011 онд Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн Засгийн газар, Их хурлын шийдвэртэй төслүүдийг санхүүжүүлнэ гэж заасан. Ингээд Засгийн газрын тогтоолоор “Эрэл”, “Бэрэн” компаниудад зээл олгосон байдаг. 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулиа өөрчлөөд Засгийн газар, УИХ-ын шийдвэргүйгээр Хөгжлийн банкны ТУЗ болон Хөгжлийн банк нь зээлээ хэнд өгөхөө шийддэг болсон. Хөгжлийн банкнаас нийтдээ 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийг тогтоосон. Үүний 75 хувь нь 2011 оны хуулийн үед гарсан зээл. 25 хувь нь 2017 оноос хойш гарсан зээл байгаа юм. Би хувьдаа 2017 оны хуулийг зөв гэж боддог. Хэрвээ УИХ, Засгийн газар шийддэг байх юм бол Хөгжлийн банк гэж байхаар төсвөөсөө үүнийг шийддэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь арилжааны банк буюу хувийн хэвшил өөрсдөө хийж болох байсан төслүүд рүү яагаад Хөгжлийн банк орсон бэ. Би үүнийг анхнаас нь эсэргүүцсэн. Арилжааны банк барилга байгууллагыг санхүүжүүлээд зээлийг нь өгөөд явж байгаа. Гэтэл Хөгжлийн банк мөн л ийм зээл өгөөд явчихсан. Хувийн хэвшил нь арилжааны банкнаасаа зээлээ аваад бүтээчих боломжтой төслүүд дээр төрийн өмчит банк нь өрсөлдөж гүйж ороод байгаа ч юм шиг. Бид угтаа томоохон төслүүдэд л хөрөнгө оруулах ёстой. Энэ бүхнийг би удирдлагын алдаа л гэж хардаг. Бид банкаа үйл ажиллагааг нь хэвийн болгоод цааш явахдаа зөвхөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан улс орны хөгжлийн төслүүд рүү л хөрөнгө оруулна. Хэн нэгэн төсөл цүнхэлж ирээд зээл авах боломжгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин