Шинэ оюутан...

 

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот цоо шинэ иргэдтэй болсныг та анзаарсан биз дээ. Нүүрэндээ жаргалтай, нүдэндээ баяртай бас үл мэдэг айдастай, гайхсан, бишүүрхсэн, сандарсан, ичсэн, сонжсон царайтай, шинэ гоонжтой, шинэ палажтай, шинэ иргэдтэй та гудманд зөрөв үү.

 

Аавдаа ч юмуу, ээждээ "хөтлүүлсэн" эсвэл ахыгаа ч юмуу, эгчийгээ бүлтэгнэн дагах охид, хөвгүүдийг анзаарав уу? Дөрөв, таваараа зэрэгцэн энэ тэрийг зааж, хурдан, хурдан алхах хөөрхөн бор "хүүхдүүд"-тэй таарав уу? Хотхоныхоо дэлгүүрт урьд үзэгдээгүй "хүн"-ийг харав уу? Гудманд чинь танихгүй хүүхэд алхах болов уу? Худаг дээр танилын чинь тэргийг өөр банди түрчихсэн явна уу?

 

Ай даа, тэд чинь нийслэл хотын маань "new" иргэд. "ХААН"-ы картандаа мөнгөтэй, халаасандаа шинэ "smart phone"-той, дипломтой болж аваад УИХ-н гишүүн болж улс орноо хөгжүүлнэ гэсэн амбийцтай, лут мөрөөдөл тээсэн агуу амьтас яваа шүү, та минь ээ...

 

Гандангийн дэнж дээр хавтастай бичиг сугавчилсан хүү тань дээр ирээд МУИС аль вэ? гэж асуув уу? "Саарал" ордны ард тантай салаа гэзэгтэй охин таараад МҮИС хаана уу гэж сураглав уу? Багшийн дээд дээр яваа шинэхэн пүүзтэй оюутан танаас "Багшийн дээд хаана вэ? гэж асуув уу?... Эдгээр өдрүүдэд та анх яаж хотод ирснээ дурсав уу? Сүхбаатарын талбайг олох гэж будилж явснаа санав уу? Автуус андуурч суугаад төөрч явснаа бодон инээв үү? 10-н жилийнхэнтэйгээ, сумынхантайгаа Их дэлгүүр, Зайсан, Парктай танилцаж явсан гэнэн хонгор насаа эргэн бодов уу?

 

Жил, жилийн намар Улаанбаатар хот мянга, мянган ийм иргэдээр бүл нэмдэг. Тэд хот мэдэхгүй. Харин бид "мэднэ". Биелүүлж шальдаггүй ч ядаж л наад захын соёл, хэм хэмжээ, эрх, үүрэг, хязгаарыг "гадарлана". "UB" хотын гудамжинд "future citizen" алхаж явна. Зам тавьцгаа. Цагаан сорочиктой, цагаахан цаас шиг хүмүүс бид нарыг хотын соёлтой, гоё ах, эгч нар гэж бодон алхаж явна. Соёлоо харуулцгаа. Сэхээтэн болж, CU-гийн hot dog идэх гэж, Соёлын довтолгоонд өртөж, Шөлөндөөгийн каасанд оочирлох гэж ирсэн иргэд. Иймээс үг хэл, үйл явдлаа хянацгаагаарай. Үлгэр жишээ үзүүлцгээгээрэй. Хажууд тань "цэл ногоон" оюутан цоо ширтээд зогсож байгаа шүү.

 

-Байзаарай, хотожсон та улаан гэрлээр гарах нь уу даа.

-Хүүе, хүүе. Акууркаа няслах гээд байна уу. Нус, шүлсээ азнаарай. Дэргэд чинь  ширээнээс дөнгөж ховхорсон шинэхэн оюутан байгаа юм биш биз. Цаадах чинь маргаашнаас л шууд таны хуулбар болно шүү.

 

Хотын гоё бааранд хөөрхөн охид харах гэж яараад хөл нь газар хүрэхгүй таксидаж яваа банди нарыг жолооч та аятайхан газар хүргэж өгөөд анхааруулга болгож юу гэж захихаа мэдэж байгаа биз дээ. Оюутан болох гээд гэмтэн болчихвол Монгол улс л хохирно. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй зангаа татаарай. АТМ, дэлгүүр, автуусанд зай барин оочирлоорой. Хотын соёлыг хотожсон хүн шиг, хотын хүн шиг зааж, сургаж, зөвлөөрэй. Ирээдүйд таны хотхонд, байранд, орцонд, гудманд амьдарч, магадгүй танай компанид анкет бөглөх, бүүр хүргэн, бэр чинь болох гээд хаалгыг чинь тогших хүүхдүүд өнөөдөр хоттой танилцаж явна. Тэдэнтэй эелдэг, боловсон, найрсаг харьц, бүү гадуурх, шоол. Мэдэхгүй, чадахгүйг нь харамгүй хэлж өг. Тэд биднээс суралцана. Тэгээд дараагийн үедээ дамжуулна. Бид тэдэнд "urban" иргэд ямар байдгийг үлгэрлэн үзүүлэх ариун үүрэгтэй шүү. Эс бөгөөс тэд "орк" болно. Яг л бидний зарим шиг "хотожсон орк"...

 

Ч.Явуухүү

sonin.mn