| |
Нэг сая орчим хүүхэд эрдмийн аянд мордлоо
2017-2018 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Гурван сарын хугацаанд ангийнхан, багш нараа санасан хүүхэд багачууд шинэхэн гоёл, хичээлийн хэрэгслээ зэхэн баяртайгаар уулзалдаж байгаа бол анхлан албанд мордож буй хоёр, зургаан настнууд нулимс унагацгаах нь ч байна.
Ямартай ч баяр хөөрийн болон уйлааны дуу чимээтэй хичээлийн шинэ жилд хэчнээн багачуул, сурагч, оюутан мордож буй тоог хүргэж, бүгдэд нь хичээл сурлагын өндөр амжилт хүсье.
Цэцэрлэгт 252 мянга гаруй хүүхэд хүмүүжнэ
Энэ жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн 877, хувийн 545, нийт 1422 цэцэрлэгт 252 мянга 753 хүүхэд хүмүүжих юм байна.
Тэдний 44.9 хувь буюу 113 597 нь Улаанбаатар хотод, 55.1 хувь буюу 139156 хүүхэд хөдөө орон нутагт харьяалалтай байна.
ЕБС-д 575 мянга гаруй хүүхэд суралцана
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ хичээлийн жилд өмнөх оныхоос 23926-аар нэмэгдэж, сурагч суралцах аж.
Ингэхдээ төрийн өмчийн 654, төрийн бус 144 ерөнхий боловсролын сургуульд 575 879 суралцагч суралцах юм байна.
Үүнээс хөдөө орон нутгийн 557 ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 56.7 хувь болох 326286 суралцагч, Улаанбаатар хотын 241 ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 43.3 хувь болох 249 593 суралцагч эрдмийн аянд мордоно.
Их дээд сургууль, коллежид 150 мянга гаруй оюутан суралцана
Энэ хичээлийн шинэ жилд 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана.