| |
ААНОАТ-аар төсөвт 2 их наяд төгрөг төвлөрүүлнэ
Ирэх оны төсвийн төсөлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2,015.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Макро эдийн үндсэн үзүүлэлтүүд болон уул уурхайн гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ, биет хэмжээ, аж ахуйн нэгжийн тайлангийн үзүүлэлтэд үндэслэн ингэж тооцсон гэж Сангийн яамнаас тодотгосон.
2022 онд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сэргэж, уул уурхайн гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ, биет хэмжээ өсөх хандлагатай байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 46.8 их наяд төгрөгт, эдийн засгийн бодит өсөлт 5.0 хувь, экспортын хэмжээ 8,760.0 сая ам долларт хүрэхээр байгаа нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын өсөлтөд голлон нөлөөлөхөөр байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш үүссэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын үйл ажиллагааны орлогын 40 хувийг харьяа аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.
Улмаар ирэх онд 588.2 тэрбум төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжихээр тооцжээ. Үүний дийлэнх хэсэг буюу 40.9 хувийг Улаанбаатар хотод, 33.6 хувийг Өмнөговь аймагт, 11.6 хувийг Орхон аймагт тус тус хуваарилахаар байна.
Өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын томоохон дэмжлэгүүдийг үзүүлж байна.
Тухайлбал, 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх, 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж ашгийн 1 хувиар татвар төлөх бол жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгоно.
Ингэснээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголтын хэмжээ ирэх онд 120 тэрбум төгрөгт хүрэхээр тооцжээ. Өнгөрсөн жилийн татварын тайлангийн мэдээгээр жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалттай аж ахуйн нэгжийн тоо 128.7 мянга буюу нийт тайлан ирүүлсэн татвар төлөгчийн 96.7 хувийг эзэлж байгаа нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголт өсөхөд голлон нөлөөлж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үндэстэн дамнасан групп компани үнэ шилжилтийн тайланг гаргаж, үүнд татварын алба хяналт тавьж, татвараас зайлсхийх явдлыг хязгаарлан татварын суурийг хамгаална гэж тайлбарлаж буй юм. Өнгөрсөн оны байдлаар үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайланг 54,462 аж ахуйн нэгж, дотоод үнэ шилжилтийн тайланг 5,226 аж ахуйн нэгж, ерөнхий үнэ шилжилтийн тайланг 5,142 аж ахуйн нэгж, улс бүрээр үнэ шилжилтийн тайланг 6 аж ахуйн нэгж гаргаж татварын албанд хүргүүлсэн байна.
Тодотгоход, ирэх онд төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 15.8 их наяд төгрөгт хүрэхээр байгаа. Үүний 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг татварын орлого, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлого бүрдүүлэхээр тооцоод буй юм.