| |
Видео
Шинэ мэдээ
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд төслийн ажлын явцтай танилцлаа
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ц.Одхүү болон ТУЗ-ийн гишүүд 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр компанийн "Стратеги төлөвлөгөө-2050” урт хугацааны стратеги, өртөө, зөрлөгийн барилга байгууламж, уулзваргүй замын гагнуурын технологи, төслийн хэмжээнд баригдсан 430 метрийн урттай гүүр, мал амьтны гарц, ус зайлуулах хиймэл байгууламж, хил холболтын хэсэг дэх газар шорооны ажил, ачилтын тойрог зэрэг төмөр замын ажлын явцыг холбогдох инженер, удирдлагууд танилцуулав. Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07 дугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгөөний дагуу явагдаж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ТУЗ-ийн гишүүн Р.Раш төмөр замын төслийн тухайд: "Тээврийн шинжлэх ухааны сүүлийн үеийн технологиуд эрчтэй ашиглагдаж байгаа гэдгийг нүдээр харлаа. Манай улсын одоогийн ашиглаж байгаа төмөр замын гол замд 800м уулзваргүй зам байдаг. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 240 км хүртэл уулзваргүй төмөр зам баригдаж байгаа нь сайшаалтай юмаа. Энэ бүтээн байгуулалт бол аргагүй Монгол хүний гараар, оюун ухаанаар аливаа зүйл бий болж болдгийн тод жишээ гэж ойлгож байна.” хэмээн онцоллоо.