|
Видео

Шинэ мэдээ

Г.Занданшатар: Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье

Г.Занданшатар: Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
 

УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганы нээлтэд зориулан хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, хэвийн горимоор танхимаар хуралдаж эхэлж байна. Цаашдаа энэ шинэ горимоор танхимаараа хуралдана.
  • Эмнэлгийн ачаалал оргилдоо хүрч, эмч, эмнэлгийн ажилтнууд маань ядарч туйлдаж байна. Хэдийгээр иргэдийнхээ 65 гаруй хувийг вакцины хоёр тунд хамруулсан ч 382 мянган тохиолдол бүртгэгдэж, 1200 гаруй иргэн энэ аюулт өвчнөөр амь насаа алдлаа. Амь нас нь эрсэдсэн ард иргэдийнхээ ар гэр, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье.
  • Эдийн засгийн өсөлт удаашран, 2021 оны дүнгээр 5.1 хувь болох төсөөлөл гарчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өмнөх оны эцэстэй харьцуулахад  2021 оны 8 дугаар сард л гэхэд улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатар хотод 10.0 хувь өссөн нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна. Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр түвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг л иргэд хүсч байгаа.
  • Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч үргэлжлүүлэн дэмжиж, хамтарч ажиллах болно. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг  анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй.
  • Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм алдаа илүү том эрсдэлд хүргэж болзошгүй тул сайд нар өөрийн салбарт ямар эрсдэл байгаа, хүндрэлтэй асуудлууд яагаад үүсэж буй шалтгааныг бодитой тодорхойлж, шуурхай зохицуулж, шийдвэртэй арга хэмжээ цаг алдалгүй авч байх шаардлагатай байна.
  • КОВИД-ын эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хүрээнд санал нэгдэж байгаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгоор Цөлжилттэй тэмцэх, Ойн хомсдол, доройтлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, Ойн цэвэрлэгээ зэрэг таван үндэсний хөтөлбөр, төслийг нэгтгэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлж "Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж батлах, дунд хугацааны болон жилийн төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжих зорилттой уялдуулах нь зүйтэй  байна. Жишээ нь, мод тарьж ургуулаад халамжид хамрагддаг байж болно, ялын бодлогыг үүнтэй уялдуулж болно. Татварын хөнгөлөлтөөр дэмжиж болно.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler