| |
Монголд 5G технологи хэзээ нэвтрэх вэ?
Хаа сайгүй л 5G технологийг ярьж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 58 улс 5G технологийг ашиглаж эхэлсэн бөгөөд энэхүү технологи нь өмнөх 4G/LTE болон 3.5G технологиос харьцангуй хурдацтайгаар хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх боллоо.
Ингээд 5G технологи тухай товчхон мэдээллээс та бүхэнд хүргэвэл:
- 5G технологи гэдэг нь: Одоогийн бидний хэрэглэдэг 4G/LTE интернэтийн үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үе бөгөөд датаг асар хурдтайгаар дамжуулах давуу талтай аж. Ерөнхийдөө бол таны үздэг YouTube-ийн бичлэг, LookTV-гийн кино барагтаа л гацахгүй гэж ойлгож болно.
Дэлхийд харин
Хамгийн анхны 5G сүлжээг Солонгос улс нэвтрүүлж, нийт 5G сүлжээ хэрэглэгчдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг байна. Тэдний хувьд 2025 он гэхэд нийт хүн амын 60% буюу 31 сая хүн 5G сүлжээ ашигладаг болно гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл дэлхийн 5G сүлжээний нийт зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны байдлаар $41.5 тэрбумд хүрсэн бөгөөд ирэх жилүүдэд дунджаар 46.2%-ийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа аж.
Монголд харин юу болоод байна?
Саяхан л гар утсаар интернэт орох боломжтой боллоо гэдэг үг үлгэр мэт санагддаг байсан бол одоо 5G сүлжээний тусламжтай интернэтийн хурд, хүчийг мэдрэх үе аль хэдийн бидний хаяанд иржээ. Учир нь 2022 оноос эхлэн 5G технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх бодлогын баримт бичгийг ЗГ-аас батлаад байна. Энэ төлөвлөгөөний дагуу энэ Баасан гарагт эхлэх "Digital Nation 2021” арга хэмжээний үеэр 5G технологийн анхны туршилтыг хийх гэнэ дээ.