| |
Өсвөрийн болон Залуучуудын боксын ДАШТ-д хүч үзэх баг тамирчид Дубайг зорив
Дэлхийн боксын өсвөр болон залуучуудын
аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хүчээ сорих баг
тамирчид өчигдөр /2021.08.15/ Арабын нэгдсэн Эмират улсын нийслэлийг
зорилоо.
АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 8 дугаар сарын 17-31-нд Олон улсын
сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ноос зохион байгуулах тус тэмцээний
өсвөр насны аварга шалгаруулах тэмцээнд 2005-2006 онд төрсөн 7 тамирчин
/эмэгтэй 3, эрэгтэй 4/ тулалдах бол залуучуудын АШТ-д 2003-2004 онуудад
төрсөн 5 тамирчин /эмэгтэй 2, эрэгтэй 3/ хүчээ сорин өрсөлдөх юм.
Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд Монголын өсвөр залуу үеийн шилдэг боксчид багтсан юм байна.
Тухайлбал, Залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг хүчээ сорих "Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртсэн энэ жингийн Монголын шилдэг боксчин билээ.
Баг тамирчдаа дасгалжуулахаар Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Бат-Отгон, В.Аззаяа нарын дасгалжуулагчид Дубайг зорьжээ.