|
Видео

Шинэ мэдээ

Сүрчиггүй нийслэл

 

Сүрчиггүй нийслэл

 

Хэд хоногоос дулаарна гэж цаг уурч хэллээ. Ойрын өдрүүдэд хүйтэрсэн  ч  ирж яваа  цаг юм  болохоор  сэтгэл  цаана л  нэг  халуун  дулаан. Хоёр жил хоригдсон багачуудын ганц баярын өдрөөр нь бас л сэрүүхэн байх нь. Хүүхдүүдийг чийгтэй байшингийн мухарт хориод байх сонирхол эцэг эхчүүдэд алга. Гаргасан нэг нь хотоо хараад бухимдах ч, хүүхдүүдээ хараад инээн хаврын тэнгэр шиг олон аашилах дүр зургийг бишгүй үзэв.

Халуунд сэрүүцэн, дэггүйтдэг усан оргилууруудаар харин ангав.

Уг нь урин дулаан  цагтай золгуут  л бид  хийж  бүтээх  ажилдаа ордог  жамтай. Тэр  дундаа  бүтээн  байгуулалтын  нөр  их  ажил  урин  цагт  л  өрнөнө. Энх  цагийн эхлэл болсон хаврын  улиралд хотын дарга цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ингэж байна, тэндээс тэдэнд мянган нарс, эндээс ийм тооны улиас авчирлаа гээд л олонтаа ярьдаг ч хот хуурай, аргуу, шороо боссон хэвээрээ. Сэлбэ голыг аврах аян хийж, зарим дарга нар Туулын бургасыг тайрсаар багагүй хугацаа өнгөрчээ

Бид  бүтээн  байгуулалтын  их  гараагаа  хавар  эхэлдэг  атлаа нэг  зүйлийг  мартаад  байдгийг дөн өвлийн хүйтэнд сануулж байсан ч хотын мэр өнөөг хүртэл сонсоогүй бололтой.

Мэдээж нийслэлд төрсөн, өссөн хэн бүхэнд Улаанбаатарын сайхан тодотголуудын нэг нь усан оргилуур. Нийтийн зориулалттай буюу гудамж, талбай, парк, цэцэрлэг дэх усан оргилуурыг ичээний амьтантай зүйрлэвэл түүний амилан хөдөлж, авиа анираа дуурсгадаг амьдралын мөчлөг нь зөвхөн зуны энэхэн хэдэн өдрүүд.

Гэтэл өчигдрийн байдлаар нэг нь ичээнээсээ гарсангүй ээ. "Тэнгис” кино театрын ойролцоох, Мэдээлэл технологийн үндэсний паркийн ордны хажуу дахь, Б.Цэрэндоржийн хөшөө бүхий бичил цэцэрлэг дэх гурав. Дээр нь МҮЭ-ийн Соёлын төв ордны дэргэдэх усан оргилуур сүүлийн хэдэн жил ажилласангүй гэдгийг хэлэхэд таагүй еэ. Гурван тэрбумаар барьсан төв талбайн усан оргилуур ч хэзээ сэргэх нь бас тодорхойгүй. III хорооллын минь 23 дугаар байрны өмнөх "Монгол бүсгүй” барималтай оргилуурыг өмхий ногоон ус нөөцлүүр гэж өнгөрсөн жил хэлэхээр байсан бол эл удаад хогийн савтай зүйрлэж болох.

Дундуур дүүрэн ногоон усанд нь хог новш хөглөрч, өмхий цөөрмийг санагдуулж байсан бол энэ удаад Улаан чулуутын хогийн цэгийг эрхгүй бодогдуулах.

Бас болоогүй. Жуулчин болгоныг орохыг хүсдэг Гандантэгчинлэн хийдийн хашаан дотор авсаархан нэг оргилуур. Төмөр замын дээд сургуулийн төв байрны урдах талбайн усан оргилуур, Толгойт дахь Геологийн төв лабораторийн байрны өмнө томоохон оргилуур, Төмөр замчдын цэцэрлэгийн хэдэн оргилуур гээд бүгд "нүд аниж”,  мартахын салхинд арчигдаж, хорго сав нь эвдэрч, төрөл "арилжив”…

Нийслэлийн хэмжээнд байдаг энэ мэт усан оргилуур энэ жил ч амь орох нь эргэлзээтэй. Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй цор ганц усан оргилуур нь "Шангрелла”-гийн өмнөх эмнэг сургагчийн хөшөөт оргилуур гэдэгтэй мөрийцсөн ч болно.

Багачуул төдийгүй бидний харан баясдаг бусад оргилууруудын гаднах хавтангууд ховхорсон, зарим цорго хоолой нь бөглөрсөн, орчиндоо хог цаастай байгаа нь Монголын нийслэлийн уруу доройг илтгэнэ.

Нийслэлийн удирдлагуудад гомдоод байх юм. Хотын дарга, харъяа албатууд, иргэдийн төлөөлөл болон НИТХ-д сонгогдсон Ус сувгийн удирдах газрын дарга нь юу хийгээд байна вэ?!

Хийсэн ажлыг минь үгүйсгээд байна гэхийг нь сонссон юм шиг санагдаж байна. Хотоороо өөрсдөө яваад нэг харцгаа.

Цацран бургилж буй усан оргилуурын дэргэд 30 минут саатсан хүний бие,  сэтгэлийн алжаал 60-80 хувь тайлагддагийг барууны судлаачид хэлдэг, ярьдаг. Түүнийг олшруулдаггүй юм гэхэд байгаа хэдийгээ додомдон янзалж, жигд ажиллуулж, зохистой ашиглахсан.

Хот хөгжиж байна гэдэг. Нийслэлийн 382 жилийн ой болж олон олон хотын удирдлагууд ирнэ гээд байгаа.

"Усан оргилуур бол шингэн толь. Усан оргилуургүй хот сүрчиггүй бүсгүйтэй адил” хэмээх С.Цвейг манай мээрт инээмсэглэж байгаад хэлэхгүй ч гэлээ, их түүхтэй хот иймхэн зүйлийг мэдэхгүй юм байна гээд инээд нь хүрээд буцна.

Оройтож ирсэн шувуу шиг алгуурлаж амилах оргилуурууд маань буцахаа мартсан нүүдлийн шувууд шиг буурал намрыг улиртал ажиллаасай хэмээн залбирмаар...  

http://eagle.mn/r/87967

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler