|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлсэн юм. Сонгуульд өрсөлдөж буй гурван эрхэм өнөөдөр 10:30, 11:40, 12:10 цагуудад СЕХ-д хүрэлцэн очиж нэр дэвшигчийн үнэмлэх гардан авах тов гарчээ.  Харин сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 15 хоног үргэлжилж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу зургаадугаар сарын 8-ны 00.00 цагт өндөрлөх юм. Анхан шатны санал хураалтыг зургаадугаар сарын 9-нд явуулахаар товлосон бол гадаадад оршин суугаа иргэд энэ сарын 30, 31-нд саналаа өгөх ажээ. 

Зургаан жилээр ажиллах Ерөнхийлөгчийг сонгоно

Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, өмнө нь УИХ-д суудалтай нам, эвслүүд 45 нас хүрсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу одоо 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлэхээр хуульчилсан. Түүнчлэн өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдох эрхтэй болж буй. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлж буй нам, эвсэлд өгөх хандивын тухайд иргэн гурав, хуулийн этгээд 15 хүртэл сая төгрөгийн хандив өгч болохоор заажээ. Харин гадаад улс буюу гадаадын байгууллага, иргэн, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон билээ.

Сонгуулийн бэлтгэл ажлын эргэн тойронд

Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд санал хураалтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт хуулийн дагуу сонгуулийн саналын хуудсаа хэвлэж эхэлсэн. Саналын хуудсыг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх зохицуулалттай. Саналын хуудас нь нэр дэвшигчийг дэвшүүлсэн нам, эвслийн нэр, нэр дэвшигчийн зураг байх бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг баримталж, нэр дэвшигчдийг жагсаах юм. 

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлын үед сонгууль зохион байгуулагдаж байгаа тул санал халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журмыг Засгийн газраас батлан гаргаад байна. Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээхийг журамлажээ. Мөн сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглолоо. Тусгаарлах байранд тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой.   

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler