![]() |
Ч.Содномцэрэн: Сонгуулийн санал авах 2070 байранд 35 мянган төрийн албан хаагч ажиллана
Монгол улсын нийт сонгогчид та бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлаа сонгох гэж байна. Санал авах ажиллагаа 2020 оны зургадугаар сарын 24-ий лхагва гарагийн өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цагийн хооронд явагдана. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж нийтдээ 35 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2020 оны 14-р тогтоолд заасны дагуу автоматжуулсан системээр сонгуулийг зохион байгуулж явуулна. Цагдаа, тагнуул, онцгой байдлын албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх нэгтгэн шалгах давхардлыг нягтлан шалгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар ханган ажиллана.
Өнөөдрийн байдлаар хоёр сая гаруй сонгогч, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байна. Саналын хуудас бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг санал авах байрнуудад хүргээд байна. УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байранд ажиллаж байна. Улсын онцгой комисс, эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч 2070 санал авах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэсэн байгаа. Иргэд сонгогчдодоо Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс улсын их хурлын 2020 оны ээлжит сонгуульд бүгд идэвхтэй оролцохыг та бүхэнд хандан уриалж байна.
