![]() |
“Одон”-гийн хүүхдээс БАЙР-ных нь илүү
Нийгмийг нийтээр нь халамжийн бодлогоор угжих харалган шийдвэрүүдийг парламент дахь хэдэн гишүүн яаж, ийгээд л олчих юм. Түүнийх нь нэг нь ЗУРГАА БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ЦААШЛААД БАЙРНЫХ НЬ УРЬДЧИЛГААГ ТӨЛӨХ тухай заалт бүхий хуулийн төсөл юм гэнэ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьснаа дуулгасан. Тэрхүү төсөлд нь зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх талаар тусгасан гэнэ. Одоогийн байдлаар дээрх шаардлагыг хангасан өрх улсын хэмжээнд 3600 гаруй бий. Тэдгээрт 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна. Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг
Засгийн газарт санал болгосон тухайгаа ч мөн мэдэгдлээ. Одоогийн байгаа хуулиар эхийн I, II зэргийн одон авсан нөхөд 4 болон 7 дахь хүүхдээ "ОДОН”- гийн гэж нэрлэдэг. Тэгвэл дээрх хуулийн төсөл батлагдаад, хэрэгжээд явбал тухайн өрхийн 6 дахь хүүхэд БАЙРных гэдэг тодотголтой болох нь ээ. Тэр ч утгаараа төмөр ОДОН-гоос төрсөн гэрээ орон сууцжуулсан нь илүү ХҮНДТЭЙ болох бололтой.
Одоогийн байдлаар Монгол Улсад халамжийн 17 төрлийн үйлчилгээг иргэд авч байна. Бүр идэх, уухаа хүртэл хүнсний талон авч төрөөр даалгадаг хэсэг ч бий болчхоод байгаа. Гэтэл дахиад олон хүүхэдтэй бол орон сууцных нь урьдчилгааг ТӨР ДААНА гэдэг дахиад л ХАЛАМЖИЙН төрлийн тоог нэмэгдүүлнэ гэсэн үг.
Халамж биш ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө яагаад дуугарч, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж болдоггүй төр вэ. Хэдэн жилийн өмнө шинээр гэр бүл бологсдод 500 мянган төгрөгийн тэтгэмж олгосон. Үүнийг дагаад тун удалгүй гэр бүл салалтын тоо нэмэгдсэн гашуун түүх бий. Гэтэл яг үүнтэй адил гэр бүл салалт, хүүхэд өнчрөх асуудлыг УИХ-ын эрхэм гишүүд тооцоолсон уу зэрэг асуулт ч урган гарах нь ойлгомжтой.
Юутай ч дөнгөж өргөн барьсан гэх хуулийн төслийн танилцуулга эхнээсээ л иргэдийн эрх тэгш байдлыг зөрчсөн, энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөөргүй, шүүмжлэл дагуулж байна.
Эх сурвалж: Erennews.mn
