| |
ХНХЯ: "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоохгүй
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянах шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр дүгнэлт гарсан. Дээрх дүгнэлтэд "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим хэсэг, заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн байна гэж дүгнэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр, 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилсан.
Энэхүү дүгнэлт нь "Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд хүүхдээ асарч байгаа ээжүүдэд олгож байгаа "Цалинтай ээж" хөтөлбөрийг зогсоох агуулга биш харин хүүхдээ асарч байгаа аавуудад тэтгэмж олгох талаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Үндсэн хуулийн зүйл заалттай нийцүүлэх хугацаа гэж ойлгож болно. Иймд, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж буюу "Цалинтай ээж" хөтөлбөрийн хэрэгжилт хэвийн үргэлжилнэ гэж ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр мэдэгджээ.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж буюу Цалинтай ээж хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад тусгагдаад байгаа ажээ.