![]() |
Согтуу даргадаа зодуулсан байлдагч нас баржээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б энэ сарын 28-ны өдрийн 22.45 минутад даргадаа зодуулан хүнд гэмтэж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн.
Хохирогчийн биеийн байдал хүнд, тархинд цус харвасан ухаангүй байдалтай эмчилэгдэж байсан. Харамсалтай нь биеийн байдал нь сайжрахгүй байсаар өнгөрсөн шөнө нас баржээ.
Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б өнгөрсөн шөнө нас барсан. Байлдагчийн зодсон дэслэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Талийгаач 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид татагдан очиж алба хааж байсан.Түүнийг харуулын үүрэг гүйцэтгэж байх үед нь тухайн өдрийн харуулын дарга, салааны захирагч, дэслэгч Г байлдагчийн дүрмийн бус харилцааны зөрчил гарган байлдагчийн биед халдсан тухай Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлсэн.
Түүнчлэн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр шат шатанд нь хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн юм.
