| |
ЦАГДАА НАРЫГ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар Нийслэлийн шуурхай штабаас мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотод өчигдрөөс эхэлсэн хатуу хөл хорионы зохион байгуулалтын талаар багагүй үл ойлголцол үүсч, тэр дундаа цагдаагийн байгууллага, эргүүл хамгаалалтад гарсан төрийн алба хаагчдын талаарх багагүй гомдол 1800-1200 дугаарын утсанд ирсэн. Үүссэн асуудлыг богино хугацаанд арилгах, иргэдийг чирэгдэлгүй байлгах тал дээр дараах арга хэмжээг авч, шийдвэрлэжээ.
Д.СУМЪЯАБАЗАР: ӨВЧНИЙГ ХУМИХ ТӨР ЗАСГИЙНХАА ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА
-Монгол түмний хүндэтгэлт гол баяр болж байгаа ч иргэд маань төр засгийнхаа өвчнийг хумих хүчин чармайлтыг маш сайн дэмжиж байна. Үүнд иргэддээ үнэхээр талархаж байна. Гэтэл нөгөө талд зохион байгуулалтын ажлаас болж иргэдийг багагүй бухимдууллаа. Нийт ирсэн гомдлын хамгийн өндөр хувийг цагдаагийн алба хаагчид зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, чирэгдэл учруулсан. Мөн харилцаа, ёс зүйн хэм хэмжээг бариагүй асуудал гарсан. Үүссэн асуудлыг арилгах, шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Биелэлт нь ямар байна вэ гэдэгт Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр хариулт өгөх үү?
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр:
-Нийслэлийн шуурхай штабын 1800-1200 дугаарын утсанд өчигдөр ирсэн нийт дуудлагын 25 хувийг цагдаагийн алба хаагчидтай холбоотой гомдол эзэлсэн. Өнөөдөр 2 хувь хүртэл буурлаа. Өчигдөр хөл хорионы эхний өдөр аль аль талаасаа харилцааны зөрчлүүд гарсан байна. Иргэдийн анхаарлыг онцгой татсан нэг алба хаагчтай холбоотой гомдлыг Тээврийн Цагдаагийн алба шалгаж байгаа. Өнөөдрөөс Тээврийн Цагдаагийн албанаас иргэдийн биедээ авч явах ёстой бичиг баримтыг нь тодорхой болгож өгсөн. Ингэснээр энэ төрлийн гомдол өнөөдөр 2 хувь хүртэл болж буурлаа. Цаашид дүрэм журмаа баримтлаад явахад асуудал үүсэхгүй.
Д.СУМЪЯАБАЗАР: УДИРДАХ, УДИРДУУЛАХ ЁС, ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ ЁСЫГ ДЭЭДЭЛЖ АЖИЛЛААРАЙ
Цаашид цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцах харилцаанд онцгой анхаарч, ёс зүйтэй байх тал дээр байнга хэлж, зөвлөх ёстой. Төрийн цагдаа гэдэг цагдаж, хорих биш иргэддээ түргэн шуурхай үйлчлэх, төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд зөв ойлгуулах ёстой.
Монгол түмний бэлгэдэл, ерөөлийн Цагаан сарын баяр болж байгаа учраас иргэддээ хүндэтгэлтэй хандаж, өөрсдийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа зөв ойлгуулах ёстой. Удирдах, удирдуулах ёс, харилцах харилцааны ёсыг дээдэлж ажиллаарай. Үүнээс гадна төрийн албан хаагчид эргүүлд гарч байгаатай холбоотой гомдол өчигдөр нийгмийн сүлжээгээр их гарсан. Эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргасан нь зохисгүй асуудал гэж үзэж байна. Мөн эргүүлд гарч байгаа нийт алба хаагчдын бие засах газар, дулаацах байр, халуун хоол хүнсний асуудал дээр олон гомдол ирлээ. Энэ асуудлыг шийдсэн үү?
НЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б.МӨНГӨНШАГАЙ: ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧИД ӨНӨӨДРӨӨС ЭРГҮҮЛД ГАРАХГҮЙ
-Өчигдөр өгсөн үүргийн дагуу ЦЕГ болон дүүргийн Засаг дарга нар руу албан бичиг явуулсан. Үүний үр дүнд төрийн захиргааны байгууллагын эмэгтэй алба хаагчдыг эргүүлд гаргахгүй байхаар болсон. Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон. Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Өчигдрийн 16:00 цагаас эхлэн эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаашид Нийслэлийн шуурхай удирдлагын 1800-1200 дугаарын утас болон чатботод иргэдээс ирсэн санал гомдлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх үүргийг Нийслэлийн онцгой комиссын гишүүдэд өглөө. Мөн хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд чирэгдэл үүсгэхгүй, хатуу хөл хориог үр дүнтэй зохион байгуулж, өвчний голомтыг хумих тал дээр алба хаагч бүр хүчин чармайлт гарган, ажиллахыг үүрэг болголоо.