| |
2015 онд хийгдэх бүтээн байгуулалтууд
Ирэх 2015 онд монголчуудын хувьд их бүтээн байгуулалтын жил байх нь. AСEM буюу Ази-Европын 11 дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрх авсантай холбогдуулан их бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Тус уулзалтын бэлтгэл ажил 2015 онд хийгдэнэ.
Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ Европын Холбооны 28 гишүүн орон, Европын 2 орон, Азийн 21 орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 53 улс, байгууллагыг нэгтгэж буй механизм. Уг уулзалтын хүрээг тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой, онцлог болох юм. Тиймээс тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо, харилцан уялдааг хангах нь чухал юм.
Түүнчлэн 2016 онд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбогдуулан орон нутгуудад бүтээн байгуулалтын ажил өрнөх нь ээ.
-ГУРВАН ДҮҮРЭГТ 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА-
Ирэх онд нийслэлд 100 ортой хүүхдийн гурван эмнэлэг барихаар болсон. Эмнэлэг байгуулах үндсэн чиг үүрэг нийслэл хүлээгээгүй ч одоогийн эмнэлгийн хүрэлцээ, нөхцөл байдал, иргэдээс авсан саналын дагуу нийслэлийн төсвөөр Чингэлтэй, Хан-Уул, Баянгол дүүрэгт тус бүр 100 хүүхдийн ортой эмнэлэг байгуулахаар тусгажээ. Мөн 2014 онд 88 сургууль цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил эхэлсэн. Эдгээрээс нэг сургууль, хоёр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 19 цэцэрлэг ирэх онд ашиглалтад орох юм байна. 2015 оны төсвөөс шинээр зургаан цэцэрлэг барьж, гурван цэцэрлэгт өргөтгөл хийх бол хоёр сургууль шинээр барьж, нэг сургуулийг өргөтгөн шинэчлэх аж. Харин Концессийн гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Мөн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлаас 20 байршилд тодорхой хэсгүүдэд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн Батлан даалтын сан, Нийслэлийн орон сууцны хөтөлбөр зэрэгт хөрөнгө оруулалт хийх аж.
-КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ-
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 онд Концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан. Ирэх онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, Авто зам, тээвэр, Боловсрол, биеийн тамир, соёл урлаг, спорт, Эрүүл мэнд, Инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 зүйлийг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, Шинэ урт цагаан төсөл хэрэгжүүлэх юм. Концесс эзэмшигч өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж, түүний суурин дээр шинэ барилга барьж талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглах юм байна.
Түүнчлэн түр оршин суух орон сууц төслийг 3 дүүргийн /Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо/ 4 байршилд 900 айлын орон сууц төлөвлөжээ. Мөн Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн авто зам, Хотын төв-Зайсан, Зайсан-Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын замыг барих аж.
Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд "Сэтгэмж” сургуулийн барилгыг буулгаж, 640 хүүхдийн сургуулийг барих юм байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль, тус дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилгыг барих аж.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, 240 хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр барих бол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн байр барих зэрэг ажлууд хийж гүйцэтгэх юм байна.
Түүнчлэн концессын гэрээгээр орчин үеийн урлагийн театр, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд тус тус 60 ортой "Ахмадын сувилал" барих юм байна. Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглах юм.
-НАЛАЙХ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ШИНЭ БАЙРТАЙ БОЛНО-
Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгыг концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барина. Налайх дүүргийн 2-р хороонд хуучин нэгдсэн эмнэлгийн барилгын хашаанд шинээр барилга барьж, нийслэлийн өмчид шилжүүлэх юм байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3000 м3-ын хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийг ирэх онд барих ажээ.
-ОРШУУЛГЫН ГАЗРЫГ ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОНО-
Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороо, "Самбалхүндэв”-ийн оршуулгын газарт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийслэлийн өмчид шилжүүлнэ. Мөн гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих бөгөөд концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцлөөр ашиглаж, нийслэлийн өмчид шилжүүлэх юм байна.
-ТҮЛЭНХИЙН ТӨВ ИРЭХ ОНД БАРИГДАНА-
Улсын хэмжээнд ганцхан байдаг Түлэнхийн төв балгас болж нурсны улмаас үүд хаалгаа бариад удаж байна. Уг эмнэлгийг шинээр барьж, ашиглалтад оруулна гэж ярьсаар байтал гурван он дамнаж буй. Яагаад барьж болдоггүй шалтгаанаа салбар хариуцсан сайд, дарга нар төсөв мөнгө байхгүй гэх тайлбар өгдөг. Уг нь шинээр баригдах долоон давхар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй арьсны түлэгдсэн, хөлдсөн гээд нөхөн сэргээх, судас, арьс, яс шилжүүлэн суулгах бүхий л төрлийн эмчилгээг хийх шинэ эмнэлгийн сураг сонсогдож байгаад чимээ тасарсан.
Ирэх жилийн улсын төсөвт Түлэнхийн төвийг барих төсөв мөнгийг суулгасан байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал "2015 онд шинэ объект төлөвлөлтөд цөөн орсон. Засгийн газраас шинэ объектыг оруулах боломжгүй. Хуучин эхлүүлсэн барилгуудаа дуусгах шаардлагатай. Шинэ хөрөнгө оруулалтыг төсвийн ачаалал даахгүй байгаа. Харин Түлэнхийн төвийг 2015 оноос эхлэн барина” гэж хэлсэн билээ.
-АРМАТУРЫН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО-
Манай улсын арматурын жилийн хэрэглээ 210 мянган тонн байдгаас 30 гаруй хувь буюу 70 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэдэг. 140-150 мянган тонныг нь гаднаас импортолдог бөгөөд барилга бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн өнөө үед арматурын хэрэгцээ 200-300 мянгад хүрнэ гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагынхан гаргажээ. Иймд "Бэрэн групп” компани 100 мянган тонн арматур болон ган, төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг Эрдэнэт хотод барихаар төлөвлөсөн байна. Барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2015 онд ашиглалтад оруулах аж.
-НҮҮРСНИЙ ХИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО-
"Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрсний хий боловсруулах туршилтын үйлдвэр барихаар газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргад өндөр чанартай хий хуримтлагдсан байгааг тогтоогоод буй аж.
Уг боловсруулах туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-д угсарч байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Төслийг Солонгосын "Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн "Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна. Гурван тал энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг боловсруулах үйлдвэр байгуулахаар ажилдаа оржээ.
-ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙГ ИРЭХ ОНД МАНАЙ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛНА-
Ирэх онд спортын салбарынхны хувьд завгүй жил байх нь. Эх орондоо олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.
Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.
Монгол Улсад 2015 онд олон улсын дараах тэмцээнүүдийг зохион байгуулна. Үүнд:
1. Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
2. "Чингис хаан 2015” Гран-При тэмцээн
3. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээн
4. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
5. Туялзуур сэлэмний Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн
6. Хөлбөмбөгийн "Аsian cup-2015” Азийн цомын тэмцээн
7. Волейболын эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн
8. Чөлөөт бөхийн "Mongolian open" тэмцээн
9. Тэшүүрийн "Mongolian open" тэмцээн
10. Софт теннисний "Mongolian open” тэмцээн
11. Практик буудлагын "Mongolian open-2015” тэмцээн
12. "Улаанбаатар марафон-2015" олон улсын гүйлт
13. Монгол туургатан бөхийн барилдаан
14. Олон улсын Ахмадын спортын наадам
Тэмцээний зохион байгуулалтад нийт 1 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталжээ.