|
Видео

Шинэ мэдээ

Вашингтонд юу болов

Вашингтонд юу болов

 


Ардчиллын томоохон төлөөлөл болсон АНУ-д пүрэв гаригийн байдлаар 21.8 сая хүн халдвар авч, 369 мянган хүн цар тахлаар амиа алджээ. Гэвч цар тахлын халдвараас илүүтэйгээр дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал лхагва гаригт АНУ-д болсон нь эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх гэсэн ардчиллын тулгуур зарчмыг зөрчсөн иргэд болон цагдаа нарын дунд гарсан мөргөлдөөн юм.

Тодруулбал,  Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденыг батламжлах хурлын үеэр тус улсын иргэд Вашингтон дахь Капитолын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, Конгрессын байр руу нэвтрэн орж үймээн дэгдээсэн юм. Улмаар цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарснаас дөрвөн хүн амиа алдаж, 14 цагдаагийн алба хаагч гэмтэж, 50 гаруй хүнийг баривчилжээ. Үндэсний Гвардын цэргүүд Капитолын ордонд хүч нэмэн ирснээр жагсагчдыг хөөн гаргаж Вашингтон хотод пүрэв гаригийн өглөө хүртэл хөл хорио тогтоосон юм. Үүнийг нэгдүгээр сарын 21-нийг хүртэл сунгаж байгаагаа Вашингтон хотын захирагч Мюриел Баузер өчигдөр мэдэгдлээ. Тэрээр "Жагсагчид сонгуулийн саналыг батлах үйл ажиллагааг саатуулахыг оролдсон. Тэд ерөнхийлөгч тангарагаа өргөх хүртэл эсэргүүцлээ илэрхийлсээр байна гэж таамаглаж байна” гэлээ. Учир нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден тангаргаа энэ сарын 20-нд өргөх юм. Одоогоор хууль тогтоогчдыг аюулгүй газар руу шилжүүлж, Конгрессын байрыг цагдаа нар хяналтдаа аваад байна. Нөхцөл байдал цаашид яаж ч өөрчлөгдөж магадгүй тул АНУ-ын Батлан хамгаалахын яам Вашингтон хотод 1800 орчим Үндэсний гвардын цэрэг оруулахаар төлөвлөжээ.

Дональд Трамп: Би хэзээ ч бууж өгөхгүй

Тэдний энэ бослого мягмар гаригт Жоржиа мужид болсон сонгуультай холбоотой. Учир нь  Жоржиа мужид болсон дахин санал хураалтаар Ардчилсан нам ялж, сенатын танхимд хоёр суудал нэмж авснаар АНУ-ын конгресст олонх болсон юм. Ингэснээр 2009 оноос хойш анх удаагаа  тус нам конгрессийн сенат, төлөөлөгчдийн танхимд хоёуланд нь олонх болов.  Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг байнга сонгодог байсан Жоржиа мужийн Ардчилсан намын сенатчдыг сонгосон нь Трампад хүнд цохилт болсон нь ойлгомжтой.

Сонгуулийн дүнг ийн эцэслэсний дараа тус улсын дээд, доод хоёр танхимын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Жо Байдены ялалтыг албан ёсоор батлах ёстой байсан. Гэтэл  хуралдааны үеэр Трампыг дэмжигч иргэд танхим руу дайрч орж, үймээн дэгдээсэн юм. Сөрөг хүчин болон Бүгд найрамдах намын зарим гишүүн энэ үймээнд Трампыг буруутгаж байна. Учир нь Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлаа одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн лхагва гаригийн шинэ конгрессын нэгдсэн чуулганы үеэр "Бид хэзээ ч бууж өгөхгүй” хэмээн мэдэгдэж Вашингтонд олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалсан гэж үзэж байна. Тиймээс Трампын олон нийтийн сүлжээний бүх хаягийг хаажээ. Тухайлбал,  Трамп бусдыг хүчирхийлэл, үймээн самуунд уриалан дуудсан, талцуулсан жиргээ нийтэлсээр байвал хаягийг нь бүр мөсөн хаахаа "Twitter” компани мэдэгдэв.

Марко Рубио: Орос, Хятад хоёр Америкийг шоолж байна

цИргэдийн энэ үймээний талаар Флорида мужийн сенатч Марка Рубио "Яг энэ үйл явдлыг хараад өрсөлдөгч Орос болон Хятад улс биднийг шоолж байгаа. Үүнээс өөр сайхан зүйл Путинд лав байхгүй.Эсэргүүцлийн жагсаал Америкийг эмх замбараагаа алдаж, уналтад орсныг батлан харууллаа. Энэ улсын иргэн бүр ухаан санаагаа алдаж, улс төрчид нь хүртэл галзуурчээ” гэжээ.  Өнгөрөгч  арваннэгдүгээр сарын 3-нд болсон АНУ-ын сонгуулийг хамгийн шударга, ардчилсан сонгууль боллоо хэмээн дэлхийн хэвлэлүүд магтан бичиж байсан билээ. Тэгвэл энэ сарын 6-нд болсон иргэд болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөнийг ардчиллын эсрэг аймшигт үйл явдал хэмээн үзэж байна.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон:

-Үнэхээр шившигтэй зүйл боллоо. Ардчиллын үлгэр жишээ орон гэдгээрээ алдартай АНУ тайван, эмх цэгцтэй замаар эрх мэдлийг шилжүүлэх нь маш чухал юм.

Германы Гадаад хэргийн сайд Хэйко Маас:

-Вашингтон Д.С.-д болсон энэ хүчирхийллийн ер бусын дүр зургийг харсандаа ардчиллыг эсэргүүцэгчид баярлах болно. Сонгогчдын  хүсэлтийг хүлээн зөвшөөрч, ардчиллыг уландаа гишгэхээ Америк зогсоох шаардлагатай.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо:

-Ардчилалд халдсанд канадчууд их эмзэглэж, харамсаж байна. Хүч хэрэглэх замаар олон нийтийн хүсэл зоригийг ялах боломжгүй. АНУ ардчилсан орон хэвээр үлдэх ёстой.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн:

-Иргэдийн санал өгөх  болон дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг нь хангаж, шийдвэрийг нь тайван замаар хэрэгжүүлэх үйлдлээс ардчилсан орон хэзээ ч ухарч болохгүй.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон:

-Үнэхээр сэтгэл түгшсэн үйл явдал боллоо. Эрх мэдлийг тайван замаар шилжүүлэн өгөхийг тэсэн ядан хүлээж байна.

ЭКСПЕРТИЙН ҮГ

Б.Баярцэнгэл: Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд том асуудал үүслээ

АНУ-д өрнөсөн энэ үйл явдлын талаарх МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач Б.Баярцэнгэлийн байр суурийг хүргэж байна.

-Английн эзэнт гүрний цэргүүд Капитолын ордонг 1814 онд эзэлж байснаас хойш анх удаа Конгрессын байр дайралтад өртөж эзлэгдсэн нь АНУ-ын түүхэнд хараар бичигдэж үлдэх үйл явдал боллоо. Одоогийн ерөнхийлөгч нь шинээр сонгогдсон ерөнхийлөгчдөө эрх мэдлээ тайван замаар шилжүүлээгүйгээс үүдэн Трампын дэмжигч ард иргэд нь Конгрессынхоо байр руу дайрлаа.  АНУ-ыг ардчиллын үлгэр жишээ орон гэдгээр нь дэлхий нийт мэддэг. Гэтэл  эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчиллын үндсэн зарчим зөрчигдсөн нь Америкийн хууль эрх зүйн тогтолцоонд том асуудал үүсгэж байна. Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, сонгуулийн үр дүнг үгүйсгэж байгаа нь эмх замбараагүй байдал үүсэх үндэс болсон. Тангараг өргөсөн ерөнхийлөгчийн хувьд иргэдийн үймээнийг зогсоох, намжаахын тулд ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй, дорвитой мэдэгдэл хийгээгүйд нь түүнийг бусад улс төрчид, зарим нэг намын гишүүд нь ч буруутгаж байна. Тиймээс иргэдийг дахин үймээнд турхирахгүй байхаас сэргийлж Трампын цахим хуудсуудыг тодорхойгүй хугацаагаар хаажээ гэж үзэж байна. Үймээн дэгдээсэн хүмүүсийг юу гэж нэрлэж байгаагаас хамаарч ихээхэн маргаан дэгдлээ. Нэг талд эсэргүүцэгч жагсагчид гэж нэрлэж байгаа бол нөгөө талаас дотоодын терроризм үйлдэгчид, бослого дэгдээгчид гэх мэтээр нэрлэж байна. Ийм амаргүй уур амьсгалтай байгаа улс, нийгмээ нэгтгэн удирдах амаргүй ажил Жой Байденийг хүлээж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2021.1.8 БААСАН № 5 (6482)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler