| |
Б.Ууганбаяр: Талийгаач О-гийн буяны ажилд оролцсон 6 хүнээс халдвар илэрсэн
Энэ сарын 19-нд Хавдар судлалын үндэсний төвд хүргэгдсэн 60 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тухайн иргэн ХСҮТ-д хүргэгдэхдээ унтаа байдалтай, хар хүрэн өнгөтэй бөөлжиж, эмчийн хэлсэн үгийг ойлгож байгаа боловч хариу үйлдэл үзүүлж чадахгүй ирсэн талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга Я.Буянжаргал мэдээлсэн. Тэрбээр "Энэ хүн 2018 онд элэгний зүүн дэлбэнгийн хавдартай гэж оношлогдож байсан хүн байгаа. Ингээд элэгний хорт хавдарын хожуу үе шаттай, асцецтай, хавдарын хордлоготой ирээд нас барсан. Энэ хүнээс хамар залгиурын шинжилгээг авах боломж тун бага байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 25-нд ар гэрийнхэн нь шарилыг авсан" гэсэн юм.
Харин түүний буяны ажилд оролцсон иргэдээс коронавирусийн халдвар илрээд буй. УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Иргэн О-гийн буяны ажилд оролцсон 40 гаруй хүн тусгаарлагдсан. Эдгээр иргэдэд шинжилгээ хийхэд 6 хүнээс халдвар илрээд буй. Тиймээс буяны арга хэмжээ зохион байгуулахдаа хүний тоо цөөлөх шаардлагатай байна. Олон хүн бөөгнөрүүлснээс болж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж, өвчин гарах эрсдэлтэй байгааг анхааруулж байна.
Мөн нэг иргэн төрсөн өдөртөө 20 гаруй хүнийг урьсан. Түүнээс нэг нь халдвартай нь батлагдсан. Одоо шинэ жилийн баяр болж байгаа учраас иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарах хэрэгтэй байна" гэлээ.
Дашрамд сануулахад, "Тэнүүн-Огоо" компанийн халдвар илэрсэн жолооч иргэн О-гийн буяны ажилд оролцсон байдаг.