|
Видео

Шинэ мэдээ

Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

 

Өөрөөсөө засаг хүлээж авсан Ерөнхий сайдын “танилцах аялал” үргэлжлэв

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж У.Хүрэлсүх 32 дахь Ерөнхий сайдаар улиран томилогдсон.

Улмаар 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу УИХ-д танхимаа танилцуулсан. Ингэж У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар 14 яам 17 сайдтайгаар ажиллаж эхэлсэн юм.

Олон нийт хийгээд намынхных нь хүлээлт сайд нарын томилгоон дээр эсрэгээрээ эргэсэн. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн сайд "давхар дээл”-тэй байхаар заасан. Энэ дөрвөн сайд хэн байх вэ гэдэг нэлээд асуудал үүссэн байдаг. Энэ өөрчлөлтөөр дан ганц Ерөнхий сайд хэнээс ч хараат бусаар сайд нараа томилно гэсэн нь сайд болох хүсэлтэй нөхдөд ёстой л дээдэх тэнгэр, доодох газар болж хувирсан. Хөшигний ард Ерөнхий сайдад хүслээ илэрхийлсэн хүн олон. Тиймээс долдугаар сарын 8-нд шинэ сайд нар тодрохтой зэрэгцээд намын даргадаа гомдогсод бас бий болсон.

Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зарласан сайд нар өмнө нь улс төрийн болоод төрийн албаны тэргүүн эгнээнд ажиллаж үзээгүй шахам хүмүүс байв. Энэ нь засаг бүрдсэний дараа гишүүдийн өрөөнд дуудагдаж, үүрэг даалгавар авч, сурагч адил тэмдэглэл үйлдэж суусан сайд нарын төрхөөс харагдаж байв. Одоо тэд хуулиа мэдэж, учраа ойлгосон бололтой. Юу юугүй дуудсан гишүүн болгоны өмнө номхон зогсохоо больсон байна. Гэхдээ тэдэнд мэдэхгүй, хүчрэхгүй зүйл олон тулгарч байгаа нь илт. Энэ нь дор тайлбарлах сайд бүрийн "ажил”-аас тодорхой харагдана.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ 100 хоногийнхоо тэн хагаст ихэвчлэн орон нутагт "танилцах аялал” хийлээ. Уг нь 31 дэх Ерөнхий сайд нь өөрөө байсан. 32-оор нь өөрөө тодорсон. Тэгэхээр танилцах биш өөр ажил хийх учиртай. Тиймээс шинэ Засгийн газрын Ерөнхий сайдын 100 хоногийн хугацаанд хийсэн "танилцах аялал”-ыг Орон нутгийн сонгууль эсвэл ирэх 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл байсан гэх тайлбар олон сонсогдож байна.

Юутай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг харахад олон жижиг гар хөлтэй, данагар том толгой үзэгдэж байгаа юм. Дээр хэлснээр хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль залгана. Тэгэхээр сонгууль угтсан "алтан ам”-аар ажлаа бүү хийгээсэй гэж залбиръя.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.